- InvesCore Capital
- Posts
- Global & Domestic Weekly
Global & Domestic Weekly
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн Джером Пауэлл мэдэгдэл хийж ам.долларын фьючерс ханш өсөв.
GLOBAL NEWS
БНХАУ-ЫН ЭКСПОРТ УНАЛТТАЙ ГАРАВ
БНХАУ-ын экспорт 10 дугаар сарын байдлаар жилийн өмнөх мөн үеэс 6.4 хувиар буурч, 275 тэрбум ам.долларт хүрснийг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Ингэснээр БНХАУ-ын экспорт зургаан сар дараалан уналттай гарч байгаа ба нөлөөлсөн голлох хүчин зүйл нь дэлхийн бусад орнуудын бодлогын хүүгийн өндөр түвшин юм. Тодруулбал, 2020 оны цар тахлаар ихэнх улсууд бодлогын хүүг бууруулж мөнгөний зөөлөн бодлого баримталснаар эдийн засаг богино хугацаанд өндөр өсөлтийг бий болгож байсан бол 2022 оноос эхлэн АНУ болон Евро бүсийн орнууд бодлогын хүүг өсгөж мөнгөний хатуу бодлого баримталж эхэлснээр тухайн улсын хэрэглэгчид хэмнэлтийн горимд шилжих хандлагатай болсон. Үр дүнд нь БНХАУ, Солонгос, Тайван зэрэг экспортоороо тэргүүлэгч Азийн улсуудын эдийн засаг удааширч, экспортын тоо хэмжээ буурсан үзүүлэлттэй байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
Эх сурвалж: Invescore Capital
УОРРЕН БАФФЕТ BYD-Н ХУВЬЦААГ ЗАРАВ
Уоррен Баффетийн Berkshire Hathaway компани цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компани дахь эзэмшлийн хувиа сүүлийн 18 сарын хугацаанд хоёр дахин бууруулав. Хонг Конгийн хөрөнгийн биржид өгсөн мэдүүлгийн дагуу 10 дугаар сарын 25-нд Berkshire Hathaway 820,000 ширхэг хувьцааг дунджаар 201.78 Хонг Конг доллароор арилжсан бөгөөд арилжааны нийт дүн 25 сая ам.доллар болсон байна. Баффет BYD-д оруулсан хөрөнгө оруулалтаа тодорхойгүй шалтгаанаар бууруулж байгаа бөгөөд CNBC-д өгсөн түүний ярилцлагад “...BYD бол гайхалтай компани, гэвч бид хувьцааг нь зарж байна. Мөн олсон ашгаараа өөр хөрөнгө оруулалт хийнэ” гэжээ. Тэгвэл томоохон хөрөнгө оруулалтын сангийн шинжээчид BYD компанийн хувьцааг цаашид өсөлтөө үргэлжлүүлнэ гэж таамаглав. Тухайлбал UBS хөрөнгө оруулалтын банк BYD-н хувьцааны ханшийг 360 Хонг Конг доллар хүрнэ гэсэн таамаглалтай байгаа бөгөөд зорилтот ханш нь одоогийн ханшаас 46 хувиар өндөр байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
WUXI CAYMAN INC КОМПАНИ “IPO” ХИЙВ
Wuxi Biologics эмийн компанийн 60 хувийг эзэмшдэг WuXi XDC Cayman компани IPO хийхээр боллоо. Тус компани нь 178.4 сая ширхэг хувьцааг нэгжийг нь 19.90-20.60 Хонг Конг доллароор үнэлж нийт 520 сая ам.долларын эх үүсвэр татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн. IPO-ийн захиалга 11 дүгээр сарын 7-нд эхлэх бол биржийн арилжаа 11 дүгээр сарын 17-ноос эхлэх хуваарьтай байна. WuXi XDC Cayman Inc компани нь хорт хавдрын эсрэг өндөр үйлчилгээтэй биофармацептик эмийн үйлдвэрлэл судалгаа, хөгжүүлэлт хийдэг. Frost & Sullivan судалгааны газрын мэдээлснээр энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зах зээл 2022 онд 7.9 тэрбум ам.доллар байсан бол 2030 онд 64.7 тэрбум ам.долларт хүрч өсөх магадлалтай байгаа юм. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
МОНГОЛ УЛСЫН ИНФЛЯЦ ГАРАВ
Монгол Улсын инфляц 2023 оны 10 дугаар сард жилийн өмнөх мөн үеэс 9 хувийн өсөлттэй гарч нэг оронтой тоо руу шилжлээ. Цар тахлын үеэр Монголбанк мөнгөний зөөлөн бодлого баримталж зээлийн хүүг бууруулснаар 2022 оны 6 дугаар сард инфляц 16.9 хувьд хүрсэн. Улмаар инфляцыг бууруулж төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхийн тулд Монголбанк бодлогын хүүгийн хэмжээг 13 хувьд хүртэл нэмэгдүүлж үр дүнд нь инфляц буурч байна. Монголбанкны мөнгөний бодлогын 2024 оны үндсэн чиглэл нь инфляцыг нэг оронтой тоонд хадгалах бөгөөд инфляцын зорилтот түвшин нь 4-8 хувь байх юм. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
Эх сурвалж: Invescore Capital
ХАСБАНК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА
“ХасБанк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн R-2023-72 тоот тогтоолоор компанийн 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 14.75 төгрөг буюу нийт 15.5 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар баталлаа. Энэ нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны хаалтын ханшаар бодоход 2.54 хувийн ногдол ашгийн өгөөжтэй байна. Тус шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрсөн бөгөөд “ХасБанк” ХК-ийн Дүрмийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн батлах юм. Уг үйл явдалтай холбогдуулан “ХасБанк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл ногдол ашгийн бодлогод өөрчлөлт оруулж шинэчлэн батлахыг хувьцаа эзэмшигчдэд зөвлөмж болгосон байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
iCAPITAL INSIGHT
iCAPITAL SUMMARY
Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн Джером Пауэлл мөнгөний бодлогын талаар чухал мэдэгдэл хийв. Тэрээр Лхагва гарагт эхний мэдэгдлээ хийсэн бөгөөд эдийн засгийн индикатор үзүүлэлтүүд, тэдгээрийн үр дүнгийн талаар голчлон дурдсан. Харин Баасан гарагт Олон Улсын Валютын Сангийн хуралд хэлсэн түүний үг хөрөнгийн зах зээлд хүчтэй нөлөөллийг үзүүлэв. “...Холбооны Нөөцийн Сан инфляцын бууралтад баяртай байгаа ч инфляцыг зорилтод 2 хувийн түвшинд хүргэхийн тулд мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлэн баримтална. Бид зорилтдоо хүрэхэд урт хугацаа шаардлагатай ч зогсох ёсгүй” гэж Пауэлл мэдэгдэв. Түүнийг үг хэлж дууссаны дараа ам.долларын фьючерс ханш 100-н нэгжээр нэмэгдэж ам.доллар бусад голлох валютуудын эсрэг чангарсан. Мөн АНУ-ын хөрөнгийн зах зээлийн Dow Jones индекс 200-н нэгжээр унаж Засгийн газрын урт хугацаат бондын өгөөж нэмэгдсэн байна. АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг 2022 оны 3 дугаар сараас эхлэн 11 удаа өсгөж 2007 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүргэсэн. Тиймээс хөрөнгийн зах зээлийн шинжээчид, хөрөнгө оруулагчид бодлогын хүү цаашид өсөх магадлал багатай бөгөөд дараа жилийн эхний хагасаас эргэн бууна гэж таамаглаж байна.
WEEK AHEAD
Шинэ долоо хоногийн Мягмар гарагт АНУ-ын 10 дугаар сарын инфляцын түвшин гарах бол Лхагва гарагт Япон улсын 3 дугаар улирлын дотоодын нийт бүтээгдэхүүн үзүүлэлт гарна. Харин Баасан гарагт Евро бүсийн инфляцын түвшин гарах хуваарьтай байна.
БУСАД ҮЙЛ ЯВДАЛ
Li Auto компани Хятадад борлуулж буй автомашины тоо хэмжээгээр Tesla-г гүйцлээ.
Швейцарийн санхүүгийн зохицуулах хороо UBS банкийг шалгана.
Жон Аутерс эдийн засгийн хямралын талаар үг хэллээ.
АНУ-ын Засгийн Газрын бондын өгөөж анхаарлын төвд байна.
Крипто зах зээлийн хамгийн том уналтын нэг болох Цельсийн сүлжээ ба дампуурлын хэрэг.