Global & Domestic Weekly

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс 0.61 хувийн өсөлттэй арилжаалагдсан байна.

GLOBAL NEWS

NVIDIA ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт АНУ-ын технологийн Nvidia (NASDAQ:NVDA) компанийн хувьцаа 3.6 хувиар өсөж компанийн зах зээлийн үнэлгээ 3.34 их наяд ам.долларт хүрсэн байна. Ингэснээр Nvidia нь Microsoft (NASDAQ:MSFT) компанийг гүйцэж хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компани боллоо. Энэ онд Nvidia-н хувьцаа 170 гаруй хувиар өссөн ба 2022 оны эцэстэй харьцуулахад 9 дахин өндөр ханш дээр арилжаалагдаж байгаа юм. Тус компани хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд ашигладаг голлох хагас дамжуулагчийг нийлүүлдэг бөгөөд зах зээлийнхээ 80 орчим хувийг эзэлж байгаа нь хувьцааны ханш өсөх суурь шалтгаан болжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

Эх сурвалж: Bloomberg

БНХАУ БА ХУДАЛДААНЫ ЗӨРЧИЛ

БНХАУ нь АНУ, Европын улсуудтай худалдааны зөрчилтэй байгаа бөгөөд шинжээчдийн мэдэгдсэнээр өсөн нэмэгдэж буй тодорхой бус байдал нь Хятадын экспортод сөргөөр нөлөөлж, улмаар эдийн засгийн өсөлт удаашрах магадлалтай гэв. Тодруулбал 7 дугаар сараас эхлэн Европын Холбоо Хятадын цахилгаан автомашинд 17.4-38.1 хувийн импортын тарифыг тогтоохоор болсон бол 5 дугаар сард АНУ Хятадын цахилгаан автомашинд 25-100 хувийн импортын тариф тогтоосон билээ. Дээрх шийдвэрийн хариуд Хятад улс Европоос орж ирж буй зарим төрлийн гахайн махан бүтээгдэхүүнд хямд үнийн эсрэг татварыг тогтоохоор шалгаж байна. Нөгөөтээгүүр,  Энэ оны 1 дүгээр улиралд Хятадын эдийн засаг (ДНБ) шинжээчдийн таамгийг давж 5.3 хувиар өссөн бол 5 дугаар сард экспорт жилийн өмнөх мөн үеэс 7.6 хувиар өсөж өнгөрсөн оны 9 дүгээр сараас хойших хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн. Харин шинжээчдийн мэдэгдэж буйгаар Хятадын ДНБ-ын өсөлтийн 2.4 нэгж хувийг экспортоос, үлдсэн 3 нэгж хувийг дотоодын эрэлт бүрдүүлж байгаа ба экспорт худалдааны маргаанаас болж буурах нь эдийн засагт сөрөг нөлөөтэй байх ажээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

ШВЕЙЦАРЫН БОДЛОГЫН ХҮҮ 1.25 ХУВЬД ХҮРЛЭЭ

Швейцарын Төвбанк бодлогын хүүгээ шинжээчдийн таамагласан 0.25 хувиар бууруулж 1.25 хувьд хүргэлээ. Тус улсын инфляц энэ оны 4 болон 5 дугаар сард жилийн өмнөх мөн үеэс 1.4 хувийн өсөлттэй байсан ба жилийн үлдсэн хэсэгт мөн адил байна гэж шинжээчид таамаглав. Швейцар нь Их 10-ын бүлэгт багтах улсуудаас Японы дараа хоёрт бичигдэх хамгийн бага хүүгийн түвшинтэй улс юм. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

DOMESTIC NEWS

МОНГОЛ УЛСЫН ИНФЛЯЦ 5.7 ХУВИЙН ӨСӨЛТТЭЙ БАЙНА

Монголын Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр улсын хэмжээнд инфляцын түвшин энэ оны 5 дугаар сард жилийн өмнөх мөн үеэс 5.7 хувийн өсөлттэй байгаа бол Улаанбаатар хотод 5.6 хувийн өсөлттэй байна. Бараа, бүтээгдэхүүний үнийн түвшний өсөлтийн хурд саарч, улирлын байдалтай холбоотойгоор сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээний үнэ буурсан бол тээвэрлэлттэй холбоотойгоор хүнсний нарийн ногооны үнэ өмнөх саруудаас буурсан байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

УЛААНБААТАР БОНД АНХДАГЧ АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

“Улаанбаатар бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эхлэж амжилттай хаагдсан байна. Бондын нэр: Улаанбаатар бонд

  • Бондын тоо ширхэг: 5,000,000 ширхэг

  • Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

  • Бондын нийт үнийн дүн: 500,000,000,000 төгрөг

  • Бондын хүү/өгөөжийн хувь хэмжээ:

  • Нэг жилийн хугацаатай жилийн 12%-ийн хүүтэй 100 тэрбум төгрөг

  • Хоёр жилийн хугацаатай жилийн 13%-ийн хүүтэй 100 тэрбум төгрөг

  • Гурван жилийн хугацаатай жилийн 14%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөг

  • Бондын хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Хагас жил тутамд 

  • Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст

    (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

iCAPITAL INSIGHT

iCAPITAL SUMMARY

БНХАУ энэ онд бодлогын хүүгээ бууруулах магадлал бага гэж АНУ-ын Fitch үнэлгээний агентлаг мэдэгдлээ. Тэдний үзэж буйгаар Хятадын нэг жилийн хугацаатай бодлогын хүү энэ онд өөрчлөгдөлгүй 2.5 хувь хэвээр хадгалагдах бөгөөд ирэх 2025 оноос бодлогын хүү буурна гэж таамаглаж байна. Үүний цаана хэд хэдэн хүчин зүйл бий. Тэдний нэг нь АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (ХНС) бөгөөд 6/20-нд болсон бодлогын хүүгийн хурлаар ХНС-ын тэргүүн Жером Пауэлл энэ онд бодлогын хүүг нэг удаа бууруулна гэж мэдэгдсэн. Харин энэ оны эхэнд тэр 3 удаа бодлогын хүүг бууруулах талаар ярьж байв. Энэхүү хүлээлтийн зөрүүтэй байдлаас болж Хятадын Төвбанк мөн бодлогын хүүгийн шийдвэрийг өөрчлөх боломжтой байна. Учир нь худалдааны том түнш АНУ-д хүү хэвээр үлдээд БНХАУ-д хүү буурах нь ам.доллартой харьцах юанийн ханшийг улам сулруулах юм. Одоогоор ам.доллар юанийн эсрэг 2008 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрч чангарсан бөгөөд энэ нь Хятадаас гарах хөрөнгийн гадагшлах урсгалыг нэмэгдүүлж байгаа билээ. Нөгөөтээгүүр Хятадад банкны цэвэр хүүгийн маржин (NIM) үзүүлэлт буурч байна. Цэвэр хүүгийн маржин үзүүлэлт нь банкны ашигт ажиллагааг хэмждэг гол үзүүлэлт бөгөөд банк хадгаламж эзэмшигчдэд төлж буй хүү болон банкны зээлийн хүүний зөрүү юм. Цар тахлын дараа Хятадын Төвбанк эдийн засгийг сэргээхийн тулд бодлогын хүүг бууруулж мөнгөний зөөлөн бодлогын арга хэрэгсэл ашигласнаар цэвэр хүүгийн маржин үзүүлэлт буурч банкны салбарт ирэх дарамт нэмэгдэж байгаа билээ. Тиймээс Хятадын Төвбанк бодлогын хүүг бууруулах хугацааг хойшлуулах магадлалтай байгаа юм. 

WEEK AHEAD

  • Шинэ долоо хоногийн Пүрэв гарагт 2024 оны 1 дүгээр улирлын АНУ-ын ДНБ-ын өсөлтийн тоо мэдээ гарна.

  • Баасан гарагт Их Британийн 1 дүгээр улирлын ДНБ-ын тоо мэдээ болон АНУ-ын хувийн хэрэглээний зардлын индексийн (PCE) тоо мэдээ гарах хувиартай байна.

БУСАД ҮЙЛ ЯВДАЛ

  • Та эдгээр 6-н үгийг ашигладаг уу?

  • Британийн финтек технологийн Zilch фирм Deutsche Bank-аас 125 сая ам.долларын өрийн санхүүжилт босгожээ.

  • Тэрбумтан хөрөнгө оруулагч Стив Коэний Point72 компани AI хедж сан байгуулна.

  • АНУ-ын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчид Bullish байна.

  • АНУ-д айл өрхийн худалдан авах чадвар нэмэгдсэн үү?