- InvesCore Capital
- Posts
- Global & Domestic Weekly
Global & Domestic Weekly
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын инфляцын мэдээ гарч хөрөнгийн зах зээлийн индексүүд өсөв.
GLOBAL NEWS
АНУ-ЫН ИНФЛЯЦ БУУРАВ
АНУ-ын инфляц 10 дугаар сард жилийн өмнөх мөн үеэс 3.2 хувиар өссөн бол жилийн суурь инфляц 4 хувиар өссөн байна. Харин инфляцыг жилийн өмнөх мөн үеэс 3.3 хувиар, суурь инфляцыг 4.1 хувиар өснө гэж шинжээчид таамагласан. Тус мэдээний дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлийн Dow Jones индекс 500 нэгжээр өсөж, Засгийн Газрын 10 жилийн хугацаат бондын өгөөж 0.191 хувиар буурсан бөгөөд хөрөнгө оруулагчид бодлогын хүүг цаашид нэмэгдүүлэх магадлал бага гэж үзэв. Суурь инфляц гэдэг нь үнийн савлагаа ихтэй хоол хүнс, эрчим хүчний салбарын үнийг инфляцад оруулалгүйгээр тооцсон дүн юм. Тус үзүүлэлт 2022 оны 9 дүгээр сард 6.6 хувьтай байсан бөгөөд Холбооны Нөөцийн Сан 2 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Автомашины үнэ, онгоцны билетийн үнэ буурч, байрны түрээсийн зардлын өсөлт удааширсан нь 10 дугаар сард инфляц буурахад голлон нөлөөлжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
Эх сурвалж: АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн хороо
АНУ-БНХАУ ХООРОНДЫН ХАРИЛЦАА
АНУ-ын Төлөөлөгчдийн Танхимын тэргүүн Нэнси Пелоси өнгөрсөн 2022 онд Тайвань Улсад айлчилснаар АНУ-БНХАУ хоорондын харилцаа эрс муудсан. Тэгвэл АНУ-ын Сан-Франциско хотод болсон Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /APEC/ уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жое Байден болон БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр Тайваний статус-кво-г хадгалах, цэрэг арми хоорондын харилцааг сэргээх, хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллах, мансууруулах эм, эмийн бэлдмэлийн наймааг хязгаарлах талаар ярилцсан гэж Жо Байден мэдэгдэв. Мөн АНУ-БНХАУ цэргийн удирдагчдын яриа хэлэлцээрийг эхлүүлж, батлан хамгаалах бодлогын зохицуулалт, Өмнөд Хятадын тэнгисийн аюулгүй байдлын талаарх яриа хэлэлцээр хийх болсныг БНХАУ-ын төрийн хэвлэл мэдээллийн Xinhua агентлаг мэдээлжээ. Энэ удаагийн уулзалт нь хоёр орны харилцаа нааштайгаар эргэж буйг харуулсан байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
TENCENT КОМПАНИЙН ТАЙЛАН ГАРАВ
Wechat-ийн эзэмшигч Tencent компани 2023 оны 3 дугаар улиралд 154.6 тэрбум юанийн борлуулалт хийж, 36.2 тэрбум юанийн цэвэр ашигтай ажиллав. Компанийн борлуулалт жилийн өмнөх мөн үеэс 10 хувиар өсөлттэй байгаа бол цэвэр ашиг нь 9 хувийн бууралттай байна. Тайлангийн хуралд “...2023 оны 3 дугаар улиралд бид орлогын тогтвортой өсөлтийг бий болгож цэвэр ашгийн маржин үзүүлэлтийг нэмэгдүүлсэн. Видео аккаунтын бүртгэл, мини тоглоом гэх мэт шинэ үйлчилгээнүүд орлогын өсөлтөд эергээр нөлөөллөө. Цаашид бид хиймэл оюун ухааны загваруудад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж бүтээгдэхүүний шинэ боломжоор хангаж ажиллана” гэж компанийн Гүйцэтгэх захирал Пони Ма Хуатенг хэлэв. Tencent компанийн тайлан гарсны дараа хувьцааны ханш 4.8 хувиар өсөж 322.6 HKD хүрсэн байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
DOMESTIC NEWS
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДАА
Монгол Улс 2023 оны эхний 10-н сард нийт 161 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.0 тэрбум ам.долларт хүрсэн ба экспорт 12.5 тэрбум ам.доллар, импорт 7.6 тэрбум ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 4.9 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Энэ оны эхний 10 сард жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад нүүрсний экспорт 2.0 тэрбум ам.доллароор, газрын тосны экспорт 136.9 сая ам.доллароор өсөж улсын нийт экспорт 2.4 тэрбум ам.долларын өсөлт үзүүлэв. Харин жилийн өмнөх үетэй харьцуулахад дизель түлшний импорт 107 сая ам.доллароор, суудлын автомашины импорт 87 сая ам.доллароор нэмэгдэж улсын нийт импорт 458.5 сая ам.доллароор өссөн байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
Эх сурвалж: Монгол Улсын Үндэсний статистикийн хороо
ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ БУУРАВ
2023 оны 10 дугаар сарын байдлаар төгрөгийн хадгаламж 15.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Төгрөгийн хадгаламжийн 13.3 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж байгаа бол 2.1 их наяд төгрөг нь Аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байгаа юм. Харин энэ оны 10 дугаар сарын байдлаар ААН, иргэд нийтдээ 26.4 их наяд төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. Үүнээс хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нь 22.8 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 20.3 хувиар өссөн бол чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болж өмнөх мөн үеэс 472.6 тэрбум төгрөгөөр буурчээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
iCAPITAL INSIGHT
iCAPITAL SUMMARY
Энэ удаагийн дугаараар АНУ-ын нарны эрчим хүчний компаниуд, тэдгээрийн хувьцааны талаар онцолж байна. Дэлхийн улс орнууд хорт утаа ялгаруулалтыг бууруулах, дэлхийн дулааралтай тэмцэх шаардлагын улмаас сэргээгдэх эрчим хүчний салбар луу эрчим хүчний шилжилт хийж байгаа бөгөөд нарны эрчим хүчний компаниудын хувьцааг хөрөнгө оруулагчид худалдан авч байна. Тус салбарын онцлог нь банкны зээлээс өндөр хамааралтай ба нарны хавтан суурилуулахын тулд хөрөнгө оруулагчид моргейжийн зээлтэй адил урт хугацаат зээл авдаг. Харин 2022 оны 3 дугаар сараас эхлэн АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг нэмэгдүүлснээр хэрэглэгчид зээл авахаа зогсоосон бөгөөд үр дүнд нь нарны эрчим хүч үйлдвэрлэгчдийн ашиг орлого буурч хувьцаанууд нь унасан үзүүлэлттэй байсан. Гэтэл 10 дугаар сард АНУ-ын инфляц буурсан мэдээ гарснаар 2024 оноос бодлогын хүү буурна гэж хөрөнгө оруулагчид таамаглав. Үр дүнд нь тус салбарын Invesco Solar ETF 10.5 хувиар өсөж салбарын тэргүүлэгчид болох Enphase, SolarEdge SunPower, Sunnova, Sunrun компанийн хувьцаанууд дунджаар 15 хувиар өссөн байна. Мөн 2024 оны 1 дүгээр улирлаас нарны эрчим хүч үйлдвэрлэгчдийн ашиг орлого жигдрэх магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Одоогоор АНУ-ын хувийн орон сууцуудын зөвхөн 4 хувь нь нарны хавтан дээвэртэй бөгөөд 2023-2035 оны хооронд тус салбар жилд дунджаар 15%-аар өснө гэж Morgan Stanley таамагласан байна.
WEEK AHEAD
Шинэ долоо хоногийг Лхагва гарагт АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн 10 дугаар сарын хурлын тэмдэглэл гарах бол Баасан гарагт “S&P Global Services PMI” үзүүлэлт гарна.
БУСАД ҮЙЛ ЯВДАЛ
Пентагоны санхүүгийн аудитын талаарх мэдээлэл гарлаа.
Холбооны Нөөцийн Сангийн бодлогын хүүгийн бууралтын талаарх зах зээлийн хүлээлт.
Жо Манчин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү.
Европын улсууд Украинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлж байна.
Израилын арми Газын зурвас дахь Al-Shifa эмнэлэгт ажиллагаа явуулна.