Global & Domestic Weekly

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын 1 дүгээр сарын инфляц шинжээчдийн хүлээлтээс өндөр гарч, улмаар АНУ-ын хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс 0.42 хувийн уналттай арилжаалагдсан байна.

GLOBAL NEWS

АНУ-ЫН ИНФЛЯЦ ӨСӨЛТТЭЙ ГАРАВ

2024 оны 1 дүгээр сард АНУ-ын инфляц жилийн өмнөх мөн үеэс 3.1 хувиар өсөж шинжээчдийн таамагласан жилийн 2.9 хувийн өсөлтөөс өндөр гарлаа. Харин эрчим хүч, хоол хүнсний салбарын үнийг оруулалгүй тооцдог жилийн суурь инфляцын түвшин 2024 оны 1 дүгээр сард жилийн өмнөх үеэс 3.9 хувиар өсөж шинжээчдийн таамагласан 3.7 хувийн түвшнээс давсан дүнтэй гарсан байна. Энэ талаар “Sri-Kumar Global Strategies” хөрөнгө оруулалтын компанийн захирал Шри-Кумар “...Инфляц өндөр гарсан тул ирэх 3 дугаар сард Холбооны Нөөцийн Сан бодлогын хүү бууруулахгүй бөгөөд эдийн засгийн системд ямар нэгэн аюултай дохио илэрсэн үед л хүү буурах боломжтой. Яг одоогийн байдлаар миний санааг хамгийн их зовоож буй зүйл бол сүүлийн гурван сар инфляц өссөн мэдээ юм” гэжээ. Инфляцын мэдээ гарсан өдөр АНУ-ын хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс 1.4 хувиар, DJIA индекс 1.3 хувиар, Nasdaq Composite индекс 1.7 хувиар тус тус унасан байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

Эх сурвалж: АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Товчоо

УОРРЕН БАФФЕТ APPLE КОМПАНИЙН ХУВЬЦААГ ЗАРАВ

Алдарт хөрөнгө оруулагч Уоррен Баффетийн Berkshire Hathaway компани өөрийн эзэмшиж буй Apple компанийн хувьцааны 1 хувийг нь 2023 оны 4 дүгээр улиралд зарсан мэдээ ил болсон бөгөөд одоо Berkshire Hathaway компанид 167 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий Apple компанийн 5.9 хувийн хувьцаа үлдсэн байна. Өнгөрсөн жил Berkshire Hathaway компанийн жил тутмын хурал дээр, Apple компанийг өөрийн эзэмшиж буй бусад бизнесийн компаниудаас илүүтэй сайн компани гэж Уоррен Баффет магтсан бөгөөд 2018 оны сүүлчээс хойш Apple компанийн хувьцаа 367 хувиар өсөөд байгаа юм. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

ГАЙХАМШИГТ ДОЛОО ХӨӨСӨРСӨН БАЙХ МАГАДЛАЛТАЙ

Гайхамшигт долоо гэж нэрлэгддэг Apple, Microsoft, Alphabet, Nvidia, Amazon, Tesla, Meta компаниудын зах зээлийн үнэлгээ түүхэн дэх хөрөнгийн зах зээлийн хөөсрөлтийн үетэй адил түвшинд хүрсэн гэж Bank of America компанийн шинжээчид мэдэгдлээ. Өмнөх түүхэн үеэс харахад хөрөнгийн зах зээлийн томоохон хөөсрөлтийн үед компаниудын үнэлгээ 100 хувиас илүү өссөн байдаг ба үнэ ашгийн харьцаа үзүүлэлт компаниудын өмнөх түүхэн үеэс хэт өндөр байдаг гэж Bank of America-н шинжээч Майкл Хартнетт онцолсон. Харин хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, ChatGPT гарч ирсэнтэй холбоотойгоор гайхамшигт долоо компаниудын хувьцааны ханш жилийн өмнөх мөн үеэс 139 хувиар өсөж үнэ ашгийн харьцаа 45x хүрээд байгаа юм. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

DOMESTIC NEWS

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэрийг гаргасан байна. Энэ нь 1,072 хувьцаатай Монгол Улсын иргэн бүр татварын дараах гарт олгох цэвэр дүнгээр 256,000 төгрөгийн ногдол ашгийг авах боломжтой болж байгаа юм. Ногдол ашгийг санхүүгийн тайланд аудит хийсний дараа буюу 2024 оны 4 дүгээр сард олгохоор болсныг тус компаниас мэдээлсэн байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

УЛААНБААТАР ХОТОД ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨССӨН БАЙНА

2024 оны 1 дүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өссөн гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Улаанбаатар хотод шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.9 сая төгрөг байгаа бол Хан-Уул дүүрэгт 1 метр квадрат талбайн үнэ 4.2 сая төгрөгт хүрч бусад дүүргээс хамгийн өндөр дүнтэй байна. Харин Улаанбаатар хотод хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.7 сая төгрөг болж өссөн ба Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.4 сая төгрөг хүрээд байгаа юм. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

iCAPITAL INSIGHT

iCAPITAL SUMMARY

Оросын сөрөг хүчний зүтгэлтэн Алексей Навальный өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Хойд туйлд орших Оросын хорих лагерьд нас барсан талаар Оросын хэвлэлүүд мэдэгдэж Навальный хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш энэхүү мэдэгдлийг баталсан байна. Мөн Кира Ярмыш мэдэгдэхдээ ОХУ-ын Мөрдөн байцаах хороо Навальный үхэлтэй холбоотой нэмэлт мөрдөн байцаалт явуулж байгаа бөгөөд процедурын шалгалтыг зохион байгуулж байгаа гэв. Харин Навальный хоригдож байсан хорих ангиас мэдэгдсэн албан ёсны мэдэгдэлд Алексей Навальныйг өвчний улмаас таалал төгссөн гэжээ. Одоогоор Оросын гудамж талбайд олон нийтийг хамарсан жагсаал цуглаан явуулахыг хориглосон бөгөөд ард иргэд улс төрийн хэлмэгсдийн хөшөөнд цэцэг өргөж түүнд хүндэтгэл үзүүлж байгаа юм.

WEEK AHEAD

Шинэ долоо хоногийн Лхагва гарагт АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн өнгөрсөн 1 дүгээр сарын хурлын тэмдэглэл гарах бол Пүрэв гарагт Евро бүсийн орнуудын 1 дүгээр сарын инфляцын тайлан мэдээ гарах хуваарьтай байна.

БУСАД ҮЙЛ ЯВДАЛ

  • Трамп ба залилангийн хэрэг.

  • Газын зурвас дахь санхүүгийн нөхцөл байдал.

  • Украины дайн АНУ-ын эдийн засагт ашигтай юу.  

  • Цахилгаан автомашины зах зээл удааширч байна.

  • АНУ-ын томоохон агаарын тээврийн компаниуд ба төсөв.