Global & Domestic Weekly

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Хувийн хэрэглээний зардлын индексийн (PCE) дүн гарч хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс уналттай арилжаалагдав.

GLOBAL NEWS

АНУ-ЫН БАНКНУУД БА НОГДОЛ АШГИЙН БОДЛОГО

АНУ-ын топ хөрөнгө оруулалтын банкнууд болох JPMorgan Chase, Morgan Stanley нар ногдол ашигт хуваарилж буй мөнгөн дүнгээ нэмэгдүүлж өөрийн компанийн хувьцааг зах зээлээс эргүүлэн худалдан авах үйл ажиллагааг эрчимжүүлэхээр болов. Тодруулбал, АНУ-д эргэлдүүлж буй хөрөнгийн хэмжээгээр тэргүүлдэг JPMorgan банк нэг улиралд нэгж хувьцаанд олгох ногдол ашгийн дүнг 8.5 хувиар өсгөж 1.25 ам.долларт хүргэсэн байна. Мөн тус банк зах зээлээс 30 тэрбум ам.доллартой тэнцэх дүнгээр өөрийн компанийн хувьцааг эргүүлэн худалдан авахаар болжээ. Харин АНУ-д хөрөнгийн удирдлагын үйлчилгээгээр тэргүүлэгч Morgan Stanley банк нэг улиралд нэгж хувьцаанд 92.5 центийн ногдол ашиг тараах буюу өмнөх үеэс 8.8 хувиар өссөн дүнг ногдуулахаар боллоо. Мөн Morgan Stanley хувьцаа эргүүлэн худалдан авалтад 20 тэрбум ам.долларыг зарцуулах төлөвлөгөөтэй байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

БНХАУ-ЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН PMI ҮЗҮҮЛЭЛТ УНАВ

Өнгөрсөн 6 дугаар сард БНХАУ-ын Аж үйлдвэрийн салбарын PMI үзүүлэлт шинжээчдийн таамагласан 49.7 нэгжээс бага дүнтэй гарч 49.5 нэгжид хүрсэн байна. Ингэснээр тус үзүүлэлт 2 сар дараалан уналаа. Аж үйлдвэрийн PMI үзүүлэлт нь тус салбарын аж ахуйн нэгжүүдийн түүхий эд материал худалдан авалт зэрэг чухал үзүүлэлтийг хэмждэг бөгөөд 50 нэгжээс дээш гарвал эдийн засаг тэлэлттэй байгааг эсрэгээрээ бага гарвал бууралттай байгааг илтгэдэг. Нөгөөтээгүүр, Хятадын үйлчилгээ болон бүтээн байгуулалтын салбарыг хэмждэг Аж үйлдвэрийн бус PMI үзүүлэлт 5 дугаар сарын 51.1 нэгжээс буурч 6 дугаар сард 50.5 нэгжид хүрчээ. Эдгээр эдийн засгийн индикатор үзүүлэлтүүд уналттай байгаа нь Хятадын үл хөдлөх салбартай холбоотой байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

ФРАНЦЫН ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛЬ ЭХЛЭВ

Өнгөрсөн ням гарагт (6/30-нд) Францын Үндэсний Ассамблей буюу парламентын доод танхимын ээлжит бус сонгуулийн эхний шатны санал хураалт эхэллээ. Тус сонгуульд нийт 577 суудлын төлөө нам эвслүүд өрсөлдөж байна. Өнгөрсөн 6 дугаар сарын 9-нд Францад болсон Европын парламентын сонгуульд Ерөнхийлөгч Эммануэл Макроны нам Марин Ле Пенийн хэт-барууны үзэлт намд томоохон ялагдал хүлээсний дараа Макрон парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль зарласан билээ.  Францын парламентын доод танхим нь хууль батлах, тогтоох үндсэн эрх мэдэлтэй байгууллага бөгөөд дээд танхим нь хуулийн төслүүдэд хяналт тавьдаг байна. Сонгуулийн санал хураалтын 2 дугаар шат 7 дугаар сарын 7-нд болох бөгөөд шинжээчдийн үзэж буйгаар Эммануэл Макроны нам дахин ялагдах хүлээх магадлал өндөр байгаа аж. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

DOMESTIC NEWS

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА ТАТВАР

Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд УИХ-с өөрчлөлт оруулж баталсны дагуу Сангийн яамнаас "Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөх, тайлагнах журам"-ын зохицуулалт батлагдсан байна. Тухайн хууль болон журмыг хуулийн дагуу 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсон байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

МОНГОЛ УЛСЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ӨСӨВ

Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр Монгол Улс энэ оны 6 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 37.7 сая тонн нүүрс экспортолж өмнөх мөн үеэс 38.5 хувиар нүүрсний экспорт нэмэгдсэн байна. 2024 онд манай улс 60 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

iCAPITAL INSIGHT

iCAPITAL SUMMARY

Цар тахлын нөлөөгөөр АНУ-ын хөдөлмөрийн зах зээл халж бизнесүүд дахин нээгдэхэд ажиллах хүчин хомсдож, ажилчдын цалин өссөн байв. Улмаар АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг өсгөж үр дүнд нь АНУ-ын хөдөлмөрийн зах зээл буцаж хөрж буй дүр зүраг ажиглагдаж байна. Тухайлбал ажилгүйдлийн түвшин жилийн өмнө 3.4 хувь байсан бол 2024 оны 5 дугаар сард 4 хувьд хүрсэн буюу эдийн засагчдын нэрлэдгээр тогтвортой түвшинд хүрчээ. Нөгөөтээгүүр, АНУ-ын инфляц 5 дугаар сард жилийн өмнөх мөн үеэс 3.3 хувиар өсөж Холбооны Нөөцийн Сангийн зорилтот 2 хувийн түвшинтэй ойртсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт ХНС-ын инфляцыг таамаглахад ашигладаг Суурь хувийн хэрэглээний зардлын индексийн дүн (Core PCE) жилийн өмнөх мөн үеэс 2.6 хувийн өсөлттэй гарав. PCE индекс нь АНУ-д бараа үйлчилгээний үнэ дунджаар хэр зэрэг өсөлттэй байгааг харуулдаг бөгөөд 5 дугаар сард уналттай гарснаар инфляц үргэлжлүүлэн буурах боломжтойг илтгэсэн байна. АНУ-ын инфляцтай холбоотой дараагийн чухал мэдээ нь 7 дугаар сарын 5-нд гарах АНУ-д 6 дугаар сард шинээр бий болсон ажлын байрны тоо мэдээ болон ажилгүйдлийн түвшний үзүүлэлт байх юм.

WEEK AHEAD

  • Шинэ долоо хоногийн Даваа гарагт АНУ-ын “ISM Manufacturing PMI” үзүүлэлт гарна.

  • Мягмар гарагт Евро бүсийн орнуудын 6 дугаар сарын инфляцын тоо мэдээ болон АНУ-ын ХНС-ын тэргүүн Жером Пауэллийн мэдэгдэлтэй.

  • Пүрэв гарагт АНУ-ын ХНС-ын 6 дугаар сарын хурлын тэмдэглэл зарлагдана.

  • Баасан гарагт АНУ-д 6 дугаар сард шинээр нэмэгдсэн ажлын байрны тоо мэдээ болон ажилгүйдлийн түвшин үзүүлэлт гарна.

БУСАД ҮЙЛ ЯВДАЛ

  • “Growth” ба “Value” хувьцааны талаар FTSE Russell-ийн гүйцэтгэх захирал Фиона Бассетт юу ярив?

  • Уоррен Баффет 5.3 тэрбум ам.долларыг буяны байгууллагад хандивлав.

  • Хэрэглэгчийн аюулгүй байдал ба хиймэл оюун ухаан.

  • АНУ-ын ХНС-ын бодлогын талаар ОУВС-ийн тэргүүн Кристалина Георгиева мэдэгдэл хийв.

  • “Meme” хувьцааны арилжаачин Роаринг Китти-н дараагийн бай.