- InvesCore Capital
- Posts
- Global & Domestic Weekly
Global & Domestic Weekly
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Холбооны Нөөцийн Сан хуралдаж бодлогын хүүг 5.25-5.50 хувийн түвшинд хэвээр үлдээж, АНУ-ын хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс 2.29 хувиар өсөв.
GLOBAL NEWS
АНУ-ЫН БОДЛОГЫН ХҮҮ 5.25-5.50 ХУВИЙН ТҮВШИНД ХЭВЭЭР ҮЛДЭВ
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Холбооны Нөөцийн Сан хуралдаж бодлогын хүүг 5.25-5.50 хувийн түвшинд хэвээр үлдээв. Ингэснээр 2023 оны 7 дугаар сараас хойш АНУ-ын бодлогын хүү өөрчлөгдөөгүй бөгөөд ирэх 6 дугаар сард бодлогын хүүг ХНС бууруулна гэж 74 хувийн магадлалтайгаар хөрөнгө оруулагчид хүлээж байна. Харин хурлын үеэр ХНС-ын дарга Джером Пауэлл мэдэгдэхдээ “...Бодлогын хүүгийн өсөлтийн цикл зогссон бөгөөд хүүг бууруулах хугацааг тодорхойлохдоо бид эдийн засгийн мэдээллийг анхааралтай ажиглах бөгөөд инфляцыг 2 хувийн түвшинд хүргэхийн тулд хүүг энэ түвшинд удаан барих боломжтой гэжээ.” (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
БНХАУ-ЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ БОЛОВ
БНХАУ-ын Хөгжлийн Форум өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж, гадаадын компаниудад тулгарч буй аливаа саадыг арилгахын тулд Хятадын Засгийн Газар шинэ хууль, дүрэм гаргахад бэлэн гэж Ерөнхий сайд Ли Чан мэдэгдлээ. Мөн тэрээр “...Дэлхийн хөрөнгө оруулагчдад илүү их боломжийг олгохын тулд макро эдийн засгийн бодлого, хотжилт, аж үйлдвэрийн шинэчлэл, ногоон эдийн засгийн шилжилтийг Хятадын эрх баригчид хийх болно. Түүнчлэн Хятадын эдийн засгийн өсөлтийг бий болгох суурь хүчин зүйлс хэвээр байгаа бөгөөд төрийн үйлчилгээг үр ашигтай болгож бүх төрлийн бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаална гэжээ.” (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
ALIBABA КОМПАНИ XPENG КОМПАНИЙН ХУВЬЦААГ ЗАРАВ
БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Xpeng (NYSE:XPEV) компанийн 314 сая ам.долларын үнэлгээ бүхий хувьцааг Alibaba (NYSE:BABA) компанийн охин компани болох “Taobao China Holding” компани зарсан байна. Улмаар өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Нью-Йоркийн хөрөнгийн бирж дэх Xpeng компанийн хувьцаа 11.6 хувиар унажээ. 2020 онд Xpeng компани АНУ-ын хөрөнгийн зах зээлд IPO хийхээс өмнө Alibaba компани Xpeng-нд хөрөнгө оруулалт хийж хувьцааг нь эзэмшсэн ч сүүлийн 4 сарын дотор 3 удаа зараад байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
Эх сурвалж: Bloomberg
DOMESTIC NEWS
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ӨР ӨССӨН БАЙНА
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 34.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 3.7 хувиар буюу 1.2 тэрбум ам.доллароор өссөнийг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлсэн байна. Үүнд нөлөөлсөн голлох хүчин зүйлсэд жилийн өмнөх үеэс Монгол Улсын компани хоорондын зээллэг 1.6 тэрбум ам.доллароор, Төвбанкнаас бусад хадгаламжийн байгууллагын өр 203.4 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ НЭМЭГДЛЭЭ
2024 оны 3 дугаар сарын 15-ны байдлаар Монгол Улсын гадаад валютын улсын нөөц 5,016.3 сая ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өслөө. Энэ нь банкны системээр дамжин орж ирэх гадаад валютын цэвэр дотогшлох урсгал нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр хадгалагдсан нь 2024 оны эхнээс гадаад валютын нөөцийн хэмжээ 95 сая ам.доллароор буюу 1.9 хувиар нэмэгдэхэд голлох нөлөөллийг үзүүлжээ. Түүнчлэн Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авсан үнэт металлын хэмжээ оны эхний 2 сард 2.3 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 тонноор буюу 88 хувиар нэмэгдсэн байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
iCAPITAL INSIGHT
iCAPITAL SUMMARY
Өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүг 2007 оноос хойш анх удаа Японы Төвбанк нэмэгдүүлж, 0-0.1 хувийн түвшинд хүргэсэн бөгөөд бондын өгөөжийг хянах бодлогоо цуцалсан гэж Төвбанкны тэргүүн Фумио Кишида мэдэгдсэн байна. Дэлхийн улсуудаас сөрөг бодлогын хүүтэй байсан сүүлийн улс нь Япон бөгөөд тус улсад бараа бүтээгдэхүүний үнэ олон жилийн дараа нэмэгдсэн нь бодлогын хүүг өсгөх суурь нөхцөл болжээ. Түүнчлэн, Төвбанкны хурлын үеэр тэргүүн Уэда мэдэгдэхдээ “...Япон улсад аж ахуйн нэгжүүдийн цалин өсөж, бараа бүтээгдэхүүний үнэ тогтмол нэмэгдэж байна. Цаашид инфляцыг 2 хувьд хүргэх зорилтдоо Төвбанк хүрэх боломжтой болсон. Мөн компанийн бонд, үл хөдлөхийн трастуудын бонд, хөрөнгийн зах зээлийн хувьцааг Төвбанк худалдан авахаа дуусгавар болгож байна гэжээ.” 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойш Японы Төвбанк мөнгөний үнэмлэхүй зөөлөн бодлого явуулж үр дүнд нь Төвбанкны актив хэдэн зуун тэрбум ам.долларт хүрээд байгаа билээ. Тэгвэл тус хурлаар цаашид Төвбанкны актив нэмэгдэхгүй буурах магадлалтай гэж хөрөнгө оруулагчид үзэж буй аж.
WEEK AHEAD
Шинэ долоо хоногийн Даваа гарагт 2024 оны 2 дугаар сард АНУ-д шинээр борлуулагдсан орон сууцны тайлан гарах бол Лхагва гарагт Их Британийн 2023 оны Дотоодын Нийт Бүтээгдэхүүний тоо мэдээ гарна. Харин Баасан гарагт АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн инфляцын хэтийн төлөвийг таамаглахад ашигладаг PCE Price Index-ийн тайлан мэдээ гарах хуваарьтай байна.