- InvesCore Capital
- Posts
- Global & Domestic Weekly
Global & Domestic Weekly
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс 0.96 хувийн уналттай арилжаалагдсан байна.
GLOBAL NEWS
ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ӨР
Дэлхийн Улс орнуудын Засгийн Газрын өр энэ онд 100 их наяд ам.долларт хүрэх магадлалтай гэж Олон Улсын Валютын Сан мэдэгдсэн бөгөөд АНУ, БНХАУ тэргүүтэй дэлхийн томоохон эдийн засагтай орнуудад төсвийн алдагдал нэмэгдэж байгааг онцолжээ. Мөн 2030 он гэхэд дэлхийн улс орнуудын нийт өр нэмэгдсээр дэлхийн 1 жилийн ДНБ-ны нийлбэр дүнтэй тэнцэх магадлалтай байгааг ОУВС-аас анхааруулсан байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
TESLA ТАЙЛАН ӨСӨЛТТЭЙ ГАРАВ
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla (NASDAQ:TSLA) компани энэ оны 3 дугаар улиралд 25.18 тэрбум ам.долларын борлуулалт хийж нэгж хувьцаанд 72 центийн ашигтай ажиллав. Харин шинжээчдийн таамаглалаар тус компани 25.37 тэрбум ам.долларын борлуулалт хийж нэгж хувьцаанд 58 центийн ашигтай ажиллах хүлээлттэй байв. Компанийн борлуулалт 3 дугаар улиралд өмнөх улирлаас 8 хувиар өссөн бол цэвэр ашиг жилийн өмнөх мөн үеэс 2.17 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Тайлангийн хурлын үеэр, компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск мэдэгдэхдээ ирэх жил хямд өртөгтэй тээврийн хэрэгсэл болон автомат жолоодлогын нөлөөгөөр цахилгаан автомашины өсөлт 20-30 хувьд хүрч өсөх магадлалтай байна гэв. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
ЯПОНД ИНФЛЯЦ БУУРЧ БАЙНА
Японы Нийслэл Токио хотын инфляц 10 дугаар сард жилийн өмнөх мөн үеэс 1.8 хувиар өсөж 9 дүгээр сарын 2.1 хувийн өсөлтөөс буурсан дүнтэй гарав. Улсын хэмжээнд инфляц 2 сар дараалан буурсан дүр зурагтай байгаа ба энэ нь эрчим хүчний бараа бүтээгдэхүүний үнэ хүлээлтээс бага хувиар нэмэгдсэнтэй холбоотой юм. Мөн Японы Төвбанк 10 дугаар сарын 30-нд хуралдах бөгөөд тус хурлаар бодлогын хүүг 0.25 хувийн түвшинд хэвээр хадгалах магадлалтай байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
DOMESTIC NEWS
УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН АРИЛЖАА
“Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль” 2022 онд батлагдсанаас хойш “Монголын хөрөнгийн бирж” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уул уурхайн бүтээгдэхүүний нийт 108 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулж, 22,976,000 тонн нүүрсийг 9,215.4 тэрбум төгрөгөөр арилжаалсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн стратегийн ач холбогдол бүхий “Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл” нь 2022 онд эхэлсэн ба эхний шат болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг 2024 оны 06 дугаар сард ашиглалтад оруулсан байна. Харин 10 дугаар сарын 25-нд тус компанийн баяжуулах үйлдвэрийн анхны бүтээгдэхүүн болох 2 багц, 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрсийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн уул уурхайн бүтээгдэхүүний цахим арилжаагаар амжилттай арилжжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН ХУРАЛ БОЛЖ БАЙНА
АНУ-ын Вашингтон хотноо Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банкны жилийн чуулга уулзалт 2024 оны 10 дугаар сарын 21-нээс 26-ны өдрүүдэд болж байна. Тус уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн албаны бусад төлөөллийн хамтаар оролцож байгаа бөгөөд уулзалтын үеэр ОУВС-ийн дэд тэргүүн ноён Кэнжи Окамуратай уулзлаа. Талууд уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болон санхүүгийн зохистой хяналтыг хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
iCAPITAL INSIGHT
iCAPITAL SUMMARY
10 дугаар сарын 26-нд Израил Улсын байлдааны онгоцнууд Ираны гурван мужид байх цэргийн байгууламжид цохилт өглөө. Тус довтолгоонд ОХУ-аас Иранд нийлүүлсэн агаарын довтолгооноос хамгаалах C-300-ийн 3-н систем өртсөн гэж АНУ, Израилын албаны хүмүүс мэдэгдэж буй бөгөөд эдгээр системийг дахин ашиглах боломжгүй гэжээ. Иран Улс энэ оны эхэнд Израил руу 300 гаруй пуужин, нисгэгчгүй онгоцоор дайралт хийсэн бөгөөд 10 дугаар сард мөн адил пуужингийн дайралтыг хийсэн билээ. Харин хариу довтлохдоо Ираны цөмийн байгууламж болон газрын тосны үйлдвэрүүдийг дайрахгүй байхыг АНУ-аас Израилын талд анхааруулсан бөгөөд үр дүнд нь цэргийн байгууламжид Израил цохилт өгсөн байна. Цэргийн шинжээчдийн үзэж буйгаар Ираны агаарын довтолгооноос хамгаалах систем Израилын дэвшилтэт пуужингийн системийн өмнө сул тайлтай байгаа аж. Мөн цаашид агаарын довтолгоонд Израилын тал давамгайлах магадлал өндөр байна.
WEEK AHEAD
Шинэ долоо хоногийн Лхагва гарагт АНУ-ын 3 дугаар улирлын ДНБ тайлан мэдээ гарна.
Пүрэв гарагт БНХАУ-ын 10 дугаар сарын Manufacturing PMI үзүүлэлт ба Японы Төвбанкны бодлогын хүүгийн хурал болно.
Баасан гарагт АНУ-д 10 дугаар сард шинээр нэмэгдсэн ажлын байрны тоон үзүүлэлтийн мэдээ гарна.
БУСАД ҮЙЛ ЯВДАЛ
Morgan Stanley ба хиймэл оюун ухаан.
Германы Сангийн сайд Кристиан Линднер АНУ, Европын Холбооны худалдааны талаар мэдэгдэл хийв.
Оросын Төвбанк бодлогын хүүг нэмэгдүүллээ.
Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал болно.
Трампын тариф.