- InvesCore Capital
- Posts
- Global & Domestic Weekly
Global & Domestic Weekly
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын инфляцын түвшин хүлээлтээс өндөр гарч, хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс 1.11 хувийн өсөлттэй арилжаалагдсан байна.
GLOBAL NEWS
ОЙРХИ ДОРНОД БА ДАЙН
Израил Улсыг Ираны баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах зорилгоор “Thaad” системийг АНУ-аас илгээхээр болсон байна. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Байдены ажлын алба мэдэгдэхдээ Израил Улс ба тэнд оршин суугаа АНУ-ын иргэдийг хамгаалахын тулд энэхүү арга хэмжээг авсан гэжээ. Мөн Ираны нефтийн байгууламж болон цөмийн объектууд руу Израилыг хариу довтолгоо хийхгүй байхыг АНУ уриалж байгаа гэв. “Thaad” систем нь пуужингийн довтолгооноос хамгаалах зорилготой бөгөөд өмнө нь бодит халдлагаас хамгаалж шинжээчдээс өндөр үнэлгээ авсан технологи аж. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
АНУ-ЫН ИНФЛЯЦ ТААМАГЛАЛААС ӨНДӨР ГАРАВ
Өнгөрсөн 9 дүгээр сард АНУ-ын инфляц жилийн өмнөх мөн үеэс 2.4 хувиар өсөж шинжээчдийн таамагласан 2.3 хувийн өсөлтөөс өндөр гарав. Мөн хоол хүнс, эрчим хүч зэрэг үнийн савлагаа өндөр бараа бүтээгдэхүүнийг хасаж тооцдог жилийн суурь инфляцын түвшин 3.3 хувьд хүрч шинжээчдийн таамагласан 3.2 хувийн өсөлтийг давсан байна. Тус тоо мэдээтэй холбоотойгоор ирэх 11 дүгээр сарын 7-нд болох Холбооны Нөөцийн Сангийн хурлаар бодлогын хүүг 0.25 хувиар бууруулах магадлал 88.5 хувьд хүрч өссөн байна. Холбооны Нөөцийн Сан нь АНУ-ын инфляцыг 2 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд 2 жилийн турш мөнгөний хатуу бодлогыг баримталж өнгөрсөн сард анх удаа бодлогын хүүг 0.5 хувиар бууруулсан билээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
XPENG ШИНЭ ТЕХНОЛОГИ ТАНИЛЦУУЛАВ
Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Xpeng компани автомат жолоодлогыг сайжруулах шинэ технологийг нэвтрүүллээ. Мөн тус технологийг “P7+” седан загвартаа суурилуулж байгаа ба компани уг загварыг ирэх сараас дотоодын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Тус компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Хэ Шиаопэнгийн мэдэгдсэнээр “Eagle Eye” нэртэй тус систем нь автомашины камерт суурилуулагдах бөгөөд мэдээлэл цуглуулахдаа илүү нарийвчлалтай аж. Мөн Хэ Шиаопэнг хиймэл оюун ухааны технологийг ирээдүйд цахилгаан автомашины хөгжлийн үндэс суурь болно гэжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
DOMESTIC NEWS
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДАА
2024 оны эхний 9-н сарын дүнгээр Монгол улсын гадаад худалдааны эргэлт 20.4 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.3 тэрбум ам.доллар буюу 13 хувиар өсжээ. Мөн экспортын дүн импортын дүнгээс 3.2 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
МОНГОЛ УЛСЫН ИНФЛЯЦ 6.7 ХУВЬД ХҮРЭВ
9 дүгээр сард инфляц Монгол Улсын хэмжээнд жилийн өмнөх мөн үеэс 6.7 хувиар, өмнөх сараас 0.1 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтийн 2.2 нэгж хувьд ногдох өсөлт нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
iCAPITAL INSIGHT
iCAPITAL SUMMARY
АНУ-ын 9 дүгээр сарын инфляцын түвшин шинжээчдийн таамаглалаас өндөр гарсан ч Холбооны Нөөцийн Сангийн зорилтот 2 хувийн түвшинд ойртсон гэж Goldman Sachs-ийн шинжээчид үзэж байна. Тэдний таамаглалаар энэ оны 12 дугаар сард инфляц 2.04 хувьд хүрэх магадлалтай бөгөөд ХНС зорилтдоо хүрэхэд ойрхон байна гэжээ. Мөн АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал харьцангуй тогтвортой байна. Тухайлбал 9 дүгээр сарын байдлаар ажилгүйдлийн түвшин АНУ-д 4.1 хүрч жилийн өмнөх мөн үеэс 0.2 нэгж хувиар л өссөн. Энэ нь ХНС-ын тодорхойлсноор хөдөлмөрийн зах зээлийн тогтвортой үзүүлэлт аж.
WEEK AHEAD
Шинэ долоо хоногийн Лхагва гарагт Их Британийн 9 дүгээр сарын инфляцын тайлан гарна.
Пүрэв гарагт Евро бүсийн орнуудын 9 дүгээр сарын инфляц болон АНУ-ын жижиглэн худалдааны индексийн тоо мэдээ гарна.
Баасан гарагт БНХАУ-ын 3 дугаар улирлын Дотоодын Нийт Бүтээгдэхүүний тайлан мэдээ гарна.
БУСАД ҮЙЛ ЯВДАЛ
Boeing 17,000 ажилчин буюу нийт ажилчдынхаа 10 хувийг цомхотгоно.
JPMorgan компанийн тайлан хүлээлтээс өндөр дүнтэй гарав.
Францын шинээр байгуулагдсан Засгийн газар сангийн бодлогоо танилцуулав.
Хятадын Сангийн сайд Лан Фоаны мэдэгдэл.
АНУ-ын ХНС-ын бодлого.