Global & Domestic Weekly

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүд тогтвортой арилжаалагдсан бол ХонгКонгийн хөрөнгийн зах зээлийн жишиг Hang Seng индекс 4.8 хувийн уналттай арилжаалагдав.

GLOBAL NEWS

АНГЛИЙН ТӨВБАНК ДАРААГИЙН НҮҮДЛЭЭ ХЭЗЭЭ ХИЙХ ВЭ?

Их Британийн инфляц 4 дүгээр сард жилийн өмнөх мөн үеэс 2.3 хувиар өсөж шинжээчдийн таамагласан 2.1 хувийн өсөлтөөс өндөр гарсан байна. Тус мэдээтэй холбоотойгоор ирэх 6 дугаар сард Английн Төвбанк бодлогын хүүг бууруулах магадлал бага гэж арилжаачид үзсэн бөгөөд улмаар GBP-ийн индекс өнгөрсөн долоо хоногт 0.78 хувиар өссөн байна. Инфляц хэдийгээр шинжээчдийн таамагласан түвшнээс өсөлттэй гарсан ч 2021 оны 7 дугаар сараас хойш анх удаа 3 хувиас бага түвшинд хүрч Английн Төвбанкны зорилтот 2 хувийн түвшинд ойртжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

БНХАУ-ТАЙВАНЬ ХООРОНДЫН ХАРИЛЦАА ХУРЦАДЛАА

Өмнөх долоо хоногт Тайванийн Ерөнхийлөгчөөр Лай Чинг-тэ сонгогдож, Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийсэн гэж БНХАУ-ын эрх баригчид түүнийг буруутгалаа. Тус үйл явдалтай холбоотойгоор Хятадын Ардын Чөлөөлөх Арми цэргийн сургуулилалтыг пүрэв гарагт Тайвань арлыг тойрон хийж эхэлсэн байна. Тус цэргийн сургуулилалтын талаар Лай Чинг-тэ мэдэгдэхдээ “Гаднын сорилт, аюул заналхийлэлтэй тулгарсан ч бид эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлсийг үргэлжлүүлэн хамгаалж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах болно гэжээ.” Харин Тайванийн хамгийн том түнш болох АНУ-ын зүгээс БНХАУ-ыг эл хэрэгт хүлээцтэй хандахыг уриалсан байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

ЗЭСИЙН ХЭРЭГЛЭЭ НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ҮНЭ ӨСӨЖ БАЙНА

Эрчим хүчний шилжилтийн гол металл болох зэсийн үнэ энэ онд 20 гаруй хувиар өсч, энэ долоо хоногт нэг тонн нь 11,000 ам.долларт хүрч дээд амжилт тогтоосон байна. Энэ талаар түүхий эдийн алдартай арилжаачин Пьер Андуранд мэдэгдэхдээ ойрын хэдэн жил зэсийн үнэ 4 дахин өсөж нэг тонн нь 4,000 ам.долларт хүрнэ гэв. Зэсийн эрэлт ихсэх нь зэсийн нөөцийг багасгаж байгаа ба цахилгаан автомашин, нарны хавтан, салхин цахилгаан станц, цэргийн хэрэглээ, мэдээллийн төвүүд зэрэг дэлхийн цахилгаанжуулалтын нөлөөгөөр зэсийн эрэлтийн өсөлт хоёр дахин нэмэгдэх чиглэлд явж байна гэж Андуранд мэдэгджээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

DOMESTIC NEWS

ГАДААД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 8.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ

Монгол Улс энэ оны эхний 4-н сард 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 8.4 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 4.9 тэрбум, импорт 3.4 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 617.5 (8 хувь) сая ам.доллароор, импорт 766.1 (28.8 хувь) сая ам.доллароор нэмэгдсэн бол экспорт 148.6 (2.9 хувь) сая ам.доллароор , тэнцэл 914.6 (37.7 хувь) сая ам.доллароор тус тус багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ ӨССӨН БАЙНА

Төгрөгийн хадгаламж энэ оны 4 дүгээр сарын эцэст 18.7 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас  556.4 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеийнхээс 5.1 их наяд төгрөгөөр нэмэгдэв. Төгрөгийн хадгаламжийн 84.7 хувь буюу 15.8 их наяд төгрөг нь иргэдийн, 15.3 хувь буюу 2.9 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Харин валютын хадгаламж 4 дүгээр сард 4.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 146.4 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеийнхээс 987.4 тэрбум төгрөгөөр буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.) 

iCAPITAL INSIGHT

iCAPITAL SUMMARY

Хиймэл оюун ухааны ChapGPT-ийг хөгжүүлэгч OpenAI компани хамгийн сүүлийн үеийн GPT-40 чатботод алдарт жүжигчин Скарлетт Йоханссон дуу хоолойг нь зөвшөөрөлгүй ашигласан гэж Йоханссон тус компанийг буруутгалаа. Тодруулбал 2013 онд нээлтээ хийсэн хиймэл оюун ухааны “Her” кинонд ганцаардмал зохиолч Теодор Твомбли дижитал туслах Самантагийн хоолойд дурладаг бөгөөд Самантагийн дүрд Скарлетт Йоханссон тоглосон билээ. Тэгвэл тус кино зохиол бодит амьдралд OpenAI-ийн хөгжүүлсэн GPT-40 чатботын тусламжтайгаар хэрэгжих боломжтой болсон ба тус бот бичгэн болон яриан асуулгад тэр дор нь дуу хоолойгоор хариулдаг байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Сан Франциско хотод болсон арга хэмжээний үеэр OpenAI тус шинэчлэгдсэн GPT-40 загварыг танилцуулсан ч уг арга хэмжээнд уригдсан зочид тэр даруй “Her” киноны Самантагийн дуу хоолойтой төстэй байгааг мэджээ. Арга хэмжээ болохын өмнө “X” платформ дээр OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Альтман “her” гэж пост оруулсан бөгөөд тэр мөн Скарлетт Йоханссонд хамтрах саналыг дахин тавьж байв. Гэвч Йоханссоныг хариу өгөхөөс өмнө GPT-40 загвар хэдийн бэлэн болж танилцуулагдсан нь жүжигчин эмэгтэйг хуулийн баг хөлслөхөөс аргагүй болгожээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор хиймэл оюун ухаан хөгжүүлэгч компаниудад зохиогчийн эрх болон компанийн засаглалтай холбоотой асуудлууд тулгарч байна.

WEEK AHEAD

  • Шинэ долоо хоногийн Пүрэв гарагт АНУ-ын энэ оны 1 дүгээр улирлын ДНБ-ын тоо мэдээ гарна.

  • Баасан гарагт БНХАУ-ын 5 дугаар сарын Аж үйлдвэрийн PMI үзүүлэлт гарах бол Евро бүсийн орнуудын 5 дугаар сарын инфляцын үзүүлэлт гарах хуваарьтай байна.

БУСАД ҮЙЛ ЯВДАЛ

  • Чип үйлдвэрлэгч Nvidia компанийн санхүүгийн тайлан гарч хувьцааны ханш өссөн байна.

  • Их Британийн 4 дүгээр сарын жижиглэн худалдаа үзүүлэлт жилийн өмнөх мөн үеэс 2.3 хувиар өссөн байна.

  • JPMorgan-ын Гүйцэтгэх захирал Жэйми Даймон АНУ-ын эдийн засгийн талаар анхааруулга өглөө. 

  • АНУ-ын автомашины даатгалын үнэ 1970 оноос хойших хамгийн өндөр түвшинд байна.