Global & Domestic Weekly

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Хувийн хэрэглээний зардлын индексийн дүн мэдээ гарч хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс 0.39 хувийн өсөлттэй арилжаалагдсан байна.

GLOBAL NEWS

БҮХ ЗҮЙЛ БОДЛОГЫН ХҮҮГЭЭС ХАМААРНА

2024 оны 2 дугаар сард АНУ-ын Хувийн хэрэглээний зардлын индекс (PCE) жилийн өмнөх мөн үеэс 2.5 хувиар өсөж шинжээчдийн хүлээлтээр гарав. Тус тоо мэдээтэй холбоотойгоор АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (ХНС) бодлогын хүүг 2024 оны 6 дугаар сараас эхлэн бууруулах магадлалтай гэж АНУ-ын Citigroup-ийн шинжээчид мэдэгдлээ. Хувийн хэрэглээний зардлын индекс нь иргэдийн гар дээрх бэлэн мөнгө хэрэглэх хандлагыг илтгэдэг бөгөөд ХНС инфляцын хэтийн төлөвийг хэмжихэд ашигладаг ажээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

Эх сурвалж: АНУ-ын Худалдааны Яам

ШИ ДАРГА ГАДНЫН БИЗНЕСҮҮДИЙГ ДЭМЖИНЭ ГЭВ

Өнгөрсөн Лхагва гарагт АНУ-ын томоохон компаниудын удирдлагуудтай БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин уулзаж тэднийг дэмжиж ажиллах амлалт өгсөн байна. Уулзалтын үеэр Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарах болоогүй гэж Ши Жиньпин мэдэгдсэн бөгөөд гаднын бизнесүүдийг дэмжих илүү олон боломжийг бий болгоно гэжээ. Тус мэдэгдэлтэй холбоотойгоор ХонгКонгийн хөрөнгийн зах зээлийн Hang Seng индекс өнгөрсөн долоо хоногт 0.49 хувийн өсөлттэй арилжаалагдсан байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

ЯПОН УЛСЫН ӨР ӨНДӨР ТҮВШИНД БАЙНА

2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын дараа барууны улс орнуудын төсвийн зарцуулалт нэмэгдсэн бөгөөд үр дүнд нь АНУ-ын Засгийн газрын өр Дотоодын Нийт Бүтээгдэхүүний (ДНБ) 120 хувьтай тэнцэх түвшинд, Японы Засгийн Газрын өр ДНБ-ын 260 хувьтай тэнцэх түвшинд хүрээд байна. Сүүлийн 10 жилд Япон Улсын эдийн засаг жилд дунджаар 0.75 хувиар өсөж дэлхийн гуравдагч эдийн засгийн байр суурийг Герман Улсад алдсан. Тэгвэл үүн дээр нэмээд Японы хөдөлмөрийн насны хүн ам буурч байгаа нь эдийн засгийн ирээдүйн өсөлтийг төлөвийг бууруулж Засгийн газрыг өр төлбөрийн эрсдэлд оруулж байна. Улс орнууд өр төлбөрийн хэмжээг бууруулахын тулд эдийн засгийн үсрэнгүй өсөлтийг бий болгох эсвэл Засгийн газрын төсвийн зарцуулалтыг бууруулах бодлого баримталдаг. Харин энэ онд иений ханш ам.долларын эсрэг 7 хувиар суларсантай холбоотойгоор Засгийн газрын хэрэглээг Япон улс бууруулах магадлал бага байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

DOMESTIC NEWS

ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙН ҮНЭЛГЭЭ ӨСӨВ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, ордын нөөцийг 1.8 тэрбум тонн буюу 29 хувь нэмэгдүүлж, ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор баталсан байна. Ордын нүүрсний нөөцийг анх 1981 онд 5.1 тэрбум тонн гэж дүгнэж байжээ. Тус компани 2024 он гарснаар 519 сая ам.долларын үнэлгээ бүхий 4 сая тонн нүүрсийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан борлуулсан байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

АЗИЙН ДАВОСТ ЮУ БОЛОВ

“Азийн Давос” гэгддэг Боаогийн чуулга уулзалт энэ оны 3 дугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд “Ази ба Дэлхий: Нийтлэг сорилт, нийтлэг хариуцлага” уриа дор зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн чуулга уулзалтад 60 гаруй улс орны 2000 орчим төлөөлөгч оролцсон байна. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тус чуулга уулзалтын “Азийн орнуудын санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь” сэдэвт панел хэлэлцүүлэгт Сингапур, Хонконг, Индонейз, Лаос улсын Төв Банкны болон санхүүгийн зохицуулагч байгууллагуудын удирдлагатай хамт оролцов. Тэрээр Азийн бүс нутагт хамтын ажиллагааг ахиулах талаар гурван асуудлын хүрээнд байр сууриа илэрхийлжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

iCAPITAL INSIGHT

iCAPITAL SUMMARY

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD /HKEX:1211/ компанийн 2023 оны санхүүгийн тайлан гарч хувьцааны ханш 5.8 хувиар унав. Компанийн гүйцэтгэх захирал Ван Чуанфу мэдэгдэхдээ “...2024 онд 3.6 сая ширхэг автомашин BYD борлуулж борлуулалтын орлогын жилийн өсөлтийг 20 хувьд хүргэнэ гэжээ.” Тус компани 2023 онд 3.02 сая автомашин борлуулсан бөгөөд 2024 оны эхний хоёр сард 325,706 ширхэг автомашин борлуулж жилийн өмнөх мөн үеэс 2.9 хувийн өсөлтийг бий болгоод байгаа юм. Эндээс дүгнэвэл 2024 онд 20 хувийн борлуулалтын орлогын өсөлтийг BYD бий болгоход хүндрэлтэй байх бололтой. Учир нь БНХАУ-ын цахилгаан автомашины зах зээлд үнийн дайн өрнөж байгаа бөгөөд компаниуд хямд загварын автомашинаар өрсөлдөж байна. Энэхүү үнийн дайны нөлөөгөөр 2024 оны 2 дугаар сард бүх загваруудынхаа үнийг BYD компани 5-20 хувиар бууруулж 80,000-200,000 юань хүргэсэн. Үр дүнд нэг автомашинаас бий болох ашгийн маржин үзүүлэлт энэ онд буурах магадлалтай байна. Нөгөөтээгүүр, Хятадад үнийн өрсөлдөөний улмаас BYD-н загварууд хямд зарагдаж  байгаа ч гаднын улсад илүү өндөр үнээр борлогдох боломжтой гэж компанийн удирдлагууд үзсэн. Тиймээс дотоодын үнийн өрсөлдөөнөөс илүү экспортыг нэмэгдүүлэх замаар ашгийг бий болгох шийдлийг  BYD-н удирдлагууд эрэлхийлж байна. Тухайлбал 2023 онд борлуулалтын орлогын 8 хувьтай тэнцэх 242,745 автомашин BYD экспортолж жилийн 334 хувийн өсөлтийг бий болгосон бол 2024 онд экспортын хэмжээг 500,000-д хүргэж 97 хувийн жилийн өсөлтийг бий болгох зорилттой байна. Энэ нь тус компанид урт хугацааны тогтвортой өсөлтийг бий болгох ажээ.

WEEK AHEAD

Шинэ долоо хоногийн Даваа гарагт БНХАУ-ын 3 дугаар сарын Аж үйлдвэрийн (PMI) үзүүлэлт гарах бол Лхагва гарагт Евро бүсийн орнуудын инфляцын түвшин гарна. Харин Баасан гарагт АНУ-д 3 дугаар сард шинээр бий болсон ажлын байрны тоо мэдээ гарах хуваарьтай байна.

БУСАД ҮЙЛ ЯВДАЛ

  • БНХАУ-ын эрх баригчид Австралийн дарсны гаалийн татварыг цуцална.

  • Английн Төвбанк хөрөнгө оруулагчдад дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн талаар анхааруулав.

  • Tesla компанийн автомашин нийлүүлэлт буурсан уу.

  • Apple компанийн хувьцаа унаж байна.

  • АНУ-БНХАУ эдийн засгийн холбоо хамаарал.