- InvesCore Capital
- Posts
- Global & Domestic Weekly
Global & Domestic Weekly
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын инфляцын түвшин, бодлогын хүүгийн шийдвэр зарлагдаж АНУ-ын хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс 1.58 хувийн өсөлттэй арилжаалагдав.
GLOBAL NEWS
АНУ-ЫН ИНФЛЯЦ БУУРЧ, БОДЛОГЫН ХҮҮ ӨӨРЧЛӨГДСӨНГҮЙ
2024 оны 5 дугаар сард АНУ-ын инфляц жилийн өмнөх мөн үеэс 3.3 хувиар, сарын өмнөхөөс 0.2 хувиар өсөж сүүлийн 3-н жилийн хамгийн бага өсөлтийг үзүүллээ. Харин шинжээчид инфляцийг 5 дугаар сард жилийн өмнөх мөн үеэс 3.4 хувиар, сарын өмнөх мөн үеэс 0.2 хувиар өснө гэж таамаглаж байв. Мөн инфляцын мэдээний дараа АНУ-ын ХНС-ын хурал болж бодлогын хүүг төлөөлөгчид 5.25-5.50 хувийн түвшинд хэвээр үлдээсэн байна. Тус хурлын үеэр АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн Жероум Пауэлл бодлогын хүүг энэ жил 1 удаа бууруулах магадлалтай гэж мэдэгдсэн. Улмаар өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс бүх цаг үеийн хамгийн өндөр ханшаа шинэчлэн тогтоож өсөлт үзүүлжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
Эх сурвалж: АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Хороо
ROARING KITTY ӨӨРИЙН БАГЦЫН ДҮНГ ХАРУУЛАВ
X буюу бид бүхний мэддэгээр Twitter платформ дээр Roaring Kitty нэрээрээ алдартай “Meme” хувьцааны арилжаачин Кейт Гилл GameStop компанийн хувьцааг эзэмшдэг билээ. Тэгвэл өнгөрсөн Пүрэв гарагт Гилл өөрийн эзэмшиж буй багцынхаа зургийг нийтэлсэн бөгөөд тус зурагт 9.001 сая ширхэг GameStop-ийн хувьцаа болон 6 сая ам.долларын бэлэн мөнгө байгаа нь харагджээ. Түүний багцын нийт үнэлгээ нь бэлэн мөнгийг оруулаад 268 сая ам.доллар байгаа юм. Тус мэдээтэй холбоотойгоор GameStop компанийн хувьцааны ханш 14 хувиар өссөн бөгөөд GameStop компани өөрийн эзэмшиж буй компанийнхаа хувьцааг зарж 2 тэрбум ам.долларын орлогыг олсон байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
ЯПОНД БОДЛОГЫН ХҮҮ ХЭВЭЭР ҮЛДЭВ
Японы Төвбанк бодлогын хүүг 0-0.1 хувийн түвшинд хэвээр нь үлдээж Японы Засгийн Газрын бонд худалдан авах хэмжээг бууруулахаар төлөвлөж байгааг зарлав. Төвбанкны дараагийн хурал 7 дугаар сарын 31-нд бөгөөд тус хурлаар дараагийн нэгээс хоёр жилийн хугацаанд Төвбанк Японы Засгийн Газрын бонд худалдан авалтын хэмжээг бууруулах нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэнэ гэв. Хурлын дараа Японы иен ам.долларын эсрэг 0.52 хувиар суларч 157.84 нэгжид хүрсэн бол хөрөнгийн зах зээлийн жишиг Nikkei 225 индекс 0.68 хувиар өссөн байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
DOMESTIC NEWS
“АШИД КАПИТАЛ ББСБ” ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА ЭХЛЭВ
Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/2208 тоот албан бичгийн дагуу “Ашид капитал ББСБ” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан өрийн хэрэгслийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс тус компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжааг SIII-BD-14/12/25-C0062-18 үсгэн кодтойгоор эхлүүллээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
НИЙСЛЭЛ ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ НЭМЭГДЭВ
Нийслэл хотод шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болж өссөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 11.9 хувиар, өмнөх сарынхаас 1.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Орон сууцны үнийн индекс сүүлийн гурван сард тогтмол нэмэгдэж байгаа бөгөөд зах зээл дэх хуучин орон сууцны үнийн өсөлт нөлөөлж байгааг мэргэжилтнүүд онцолжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
iCAPITAL INSIGHT
iCAPITAL SUMMARY
БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан автомашинуудад 17.4-38.1 хувийн импортын тарифыг Европын Холбоо тогтоож Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч компаниудын хувьцаа уналаа. Шинжээчдийн үзэж байгаагаар Европын Холбооны тариф Хятадын загваруудад богино хугацаанд л нөлөөлөх боломжтой. Учир нь тарифыг нэмсэн ч Хятадад автомашинууд зах зээлд өрсөлдөхүйц хямд байгаа аж. Одоогоор Хятадын төрийн эзэмшлийн SAIC Motors компанид хамгийн өндөр буюу 38.1 хувийн тарифыг Европын Холбоо ногдуулсан бол BYD, Geely Auto зэрэг бусад компаниудад 21 хувиас ихгүй тарифыг ногдуулахаар болжээ. SAIC Motors-ийн MG бренд 2023 онд 83,000 цахилгаан автомашиныг Европ руу нийлүүлсэн бөгөөд компанийн зүгээс тус тарифыг эдийн засаг хамтын ажиллагаанд ихээхэн сул талтай гэж мэдэгдсэн байна. Мэдээний дараа SAIC Motors компанийн хувьцааны ханш 1.6 хувиар унав. Харин дэлхийн хамгийн том цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компани 17.4 хувийн импортын тарифтай тулгарсан бөгөөд автомашины загварууд дээр тарифыг нэмсэн ч Европын бусад үйлдвэрлэгчдийн автомашинаас хямд байна. Улмаар тарифын хэмжээ бага, автомашины үнэ хямд зэргээс үүдэн BYD компанийн хувьцааны ханш 5.8 хувиар өсжээ.
WEEK AHEAD
Шинэ долоо хоногийн Мягмар гарагт Австралийн Төвбанкны бодлогын хүүгийн хурал, Евро бүсийн орнуудын 5 дугаар сарын инфляцын түвшин мөн АНУ-ын жижиглэн худалдааны үзүүлэлт гарна.
Лхагва гарагт Их Британийн 5 дугаар сарын инфляцын түвшин зарлагдана.
Пүрэв гарагт Швецарын Төвбанкны бодлогын хүүгийн хуралтай.
Баасан гарагт АНУ-ын “S&P Global US Manufacturing PMI” үзүүлэлт гарна.
БУСАД ҮЙЛ ЯВДАЛ
АНУ-д бөөний үнэ 5 дугаар сард буурлаа.
Сангийн сайд Жанет Йеллен АНУ-ын өрийн түвшний талаар бодлоо хуваалцлаа.
Ерөнхий сайд Сунак сонгуулийн кампанит ажилдаа эдийн засгийн тухай ярьж байна.
Трамп гэмт хэрэгт автсан аймшигтай хот гэж Милуоки хотыг хэлэв.
Их Британийн ажилчдын дөнгөж 10 хувь нь ажилдаа сэтгэл хангалуун байна.