- InvesCore Capital
- Posts
- Global & Domestic Weekly
Global & Domestic Weekly
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс 1.52 хувийн уналттай арилжаалагдсан бөгөөд техник анализаар завсрын хөдөлгөөн орсон гэж шинжээчид үзэж байна.
GLOBAL NEWS
АНУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ ТОГТВОРТОЙ БАЙНА.
2023 оны 12 дугаар сард АНУ-д шинээр 216,000 ажлын байр нэмэгдэж ажилгүйдлийн түвшин 3.7 хувьд хүрлээ. Харин шинжээчдийн таамаглалаар 12 дугаар сард 170,000 мянган ажлын байр шинээр нэмэгдэж ажилгүйдлийн түвшин 3.8 хувьд хүрэх хүлээлттэй байв. АНУ-ын хөдөлмөрийн зах зээл 2022 оны төвшнөөс удааширсан хэдий ч тогтвортой хэвээр байгаа бөгөөд 2023 онд АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд 2.7 сая ажлын байр нэмэгдсэн нь эдийн засгийг хямраахгүйгээр инфляцыг бууруулах Төвбанкны зорилт биелж буйг харуулж байна. Тус мэдээ гарсны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүд өсөлттэй арилжаалагдсан байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
Эх сурвалж: АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Хороо
CMOC КОМПАНИ ХҮЛЭЭЛТЭЭС ДАВСАН ОЛБОРЛОЛТ ХИЙВ.
ХонгКонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй CMOC /HK.3993/ компани 2023 онд 55,526 тонн кобальт олборлож шинжээчдийн таамагласнаас 26.19 хувиар өндөр олборлолт хийлээ. 2023 оны 2 дугаар улиралд Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад ашиглалтад орсон Kisanfu уурхайн олборлолт дээрх үр дүн гарахад нөлөөлсөн бөгөөд уурхайн нийлүүлэлт ихээр нэмэгдсэнтэй холбоотойгоор дэлхийн зах зээлд кобальтын үнэ 30 хувиар унасан байна. Улмаар CMOC компанийн удирдлагууд уурхайгаас олборлож буй кобальтыг нөөцлөх шийдвэр гаргаж нийлүүлэлтийг танаснаар бүтээгдэхүүний үнэ тогтворжиж байгаа аж. Кобальт нь цахилгаан автомашинд ашиглагддаг NCN буюу лити, никель, кобальтын батарейны түүхий эд бөгөөд нэг цэнэглэлтээр автомашиныг илүү урт замыг туулах боломжтой болгодгоороо онцлог юм. АНУ-ын AlixPartners консалтинг компанийн таамаглалаар 2035 он гэхэд цахилгаан автомашин нь дэлхийн нийт автомашины борлуулалтын 61 хувийг бүрдүүлэх бөгөөд тус өсөлт нь түүхий эдийн салбарт өндөр боломж байгааг илтгэж байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
FORD КОМПАНИЙН БОРЛУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРАВ.
2023 онд Ford Motors компани АНУ-д 2 сая орчим автомашин борлуулж 2022 оны борлуулалтыг 7.1 хувиар давуулав. Тус компани одоогоор АНУ-д борлуулсан автомашины тоогоор Toyota Motor болон General Motors компанийн ард 3 дугаарт бичигдэж байгаа ба АНУ-ын автомашины салбарын нийт борлуулалт өнгөрсөн онд 15.6 саяд хүрч, салбарын өсөлт 12.3 хувьтай гарсан нь Ford-ийн өсөлтөөс өндөр байна. Энэ талаар “...Нийлүүлэлтийн гинжин хэлхээн доголдол, ажил хаялтаас эхлээд хүндхэн жил байсан ч манай компанийн чадварлаг дилерүүдийн хичээл зүтгэлийн ачаар бид тогтвортой өсөлтийг бий болгосон гэж” Ford Motors компанийн гүйцэтгэх захирал Жим Фарли мэдэгджээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
DOMESTIC NEWS
АНУ-ЫН МҮҮДИЙС АГЕНТЛАГ ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ТОГТВОРТОЙ ГЭЖ ҮНЭЛЭВ.
Монгол Улсын Хөгжлийн банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдийс агентлагаас B3 буюу тогтвортой түвшинд хэвээр үлдээж, банкны зээлийн суурь үнэлгээг CAA2 түвшнээс CAA1 хүртэл нэмэгдүүлсэн байна. 2023 онд эргэн төлөгдөх Евро бондын 500 сая ам.доллар болон Самурай бондын 30 тэрбум иенийг Монгол Улсын Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр цаг хугацаанд нь амжилттай төлж барагдуулан гадаад өрийн дарамтаас гарсан нь Мүүдийс зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээх, банкнуудад өгдөг үнэлгээг нэг түвшнээр ахиулах үндэслэл болсон байна. Энэхүү үйл явдал нь Хөгжлийн банк нь олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж, цаашид олон улсын зах зээлээс урт хугацаатай, хямд эх үүсвэр татан төвлөрүүлэхэд чухал нөлөөтэй юм. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО.
Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулган “Rebuilding trust” уриа дор 1 дүгээр сарын 15-19-нд Швейцарын Давос хотноо зохион байгуулагдах бөгөөд энэхүү чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцохоор боллоо. Швейцарын эдийн засагч Клаус Швабын 1971 онд анхлан санаачилсан тус чуулганд дэлхийн улс орнуудын улс төр, бизнес, хүрээлэн буй орчин, техник технологи зэрэг салбар салбарын мэргэжилтнүүд цугларан өнөөгийн дэлхий дахинд тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүдийн гарц шийдлийг хайх, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлогыг тодорхойлох зорилготой билээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
iCAPITAL INSIGHT
iCAPITAL SUMMARY
Өнгөрсөн долоо хоногт Ши Жиньпин Хятадын Ардын Чөлөөлөх Армийн өндөр албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, зэвсэг худалдан авах, цэрэгжилтийн бэлэн байдлыг сайжруулах чиглэл өглөө. Халагдсан албан тушаалтнуудын дунд Хятадын стратегийн пуужингийн хүчнийг командалж байсан 2 генерал, Агаарын цэргийн дарга асан 1 генерал, Тэнгисийн цэргийн хүчнийг удирдаж байсан адмирал нар багтаж байгаа ба эдгээр өндөр албан тушаалтнууд өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж цэргийн зэвсэг худалдан авах ажиллагааг хээл хахуулиар шийддэг байсан нь илэрчээ. Энэхүү үйл явдал нь Ши Жиньпинийг Хятадын армид хүчтэй байр суурьтай байгааг бататгаж, томоохон зэвсэг үйлдвэрлэгч Хятадын төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, армийн зэвсэг ханган нийлүүлэх агентлагийн хээл хахуулийг таслан зогсоосон гэж Хятадын аюулгүй байдлын асуудлыг судлаач Лайл Моррис мэдэгдсэн байна. 2012 онд удирдагч болсноос хойш Ши Жиньпин цэргийн системийг хээл хахуул нэрийн дор шинэчилж удирдах албан тушаалтнуудын хөрөнгийг хураан батлан хамгаалах салбарын улс төрийн үзэл суртлыг бий болгоход анхаарах болсон билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт гарсан тус мэдээг барууны хэвлэл мэдээлэл Тайванийн асуудалтай холбоотойгоор онцолж байгаа аж.
WEEK AHEAD
Шинэ долоо хоногийн Пүрэв гарагт АНУ-ын 12 дугаар сарын инфляцын мэдээ гарах бол Баасан гарагт Их Британийн ДНБ-ын тайлан мэдээ гарах хуваарьтай байна.