Global & Domestic Weekly

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын инфляцын түвшин шинжээчдийн хүлээлтээс өндөр гарч, АНУ-ын хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс 0.16 хувиар өссөн байна.

GLOBAL NEWS

БНХАУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ЗОРИЛТОТ ТҮВШИН 5 ХУВЬ

2023 онд Хятадын эдийн засгийг 5 орчим хувиар өсгөх зорилтыг эрх баригчид тавьж, эдийн засаг 5.2 хувиар өсөж байсан билээ. Харин 3 дугаар сарын 5-нд болсон Хятадын Коммунист намын их хурлаар 2024 онд эдийн засгийг 5 хувиар өсгөх зорилт тавьсан гэж Хятадын Ерөнхий сайд Ли Чан мэдэгдсэн байна. Энэхүү зорилт нь өмнөх 2023 оны эдийн засгийн өсөлтөөс бага байгаа бөгөөд үл хөдлөхийн салбарын хямрал даамжирсан нь эдийн засагт хүндээр нөлөөлж улмаар энэ оны өсөлтийн зорилтод хүрэхэд хүндрэлтэй байна гэж шинжээчид үзэж байна. Тус улсын эдийн засаг 1995 оноос хойш жил бүр 5-аас дээш хувийн өсөлтийг үзүүлсэн бөгөөд энэхүү хурдацтай өсөлт нь орон сууцны үнийг хөөрөгдөж үл хөдлөхийн салбарын хөөсийг бий болгоод байгаа юм. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

АНУ-ЫН ИНФЛЯЦ ХҮЛЭЭЛТЭЭС ӨНДӨР ГАРАВ

2024 оны 2 дугаар сард АНУ-ын инфляц жилийн өмнөх мөн үеэс 3.2 хувиар өсөж шинжээчдийн таамагласан 3.1 хувийн өсөлтөөс өндөр гарсан байна. Харин хоол хүнс, эрчим хүч зэрэг үнийн өндөр савлагаатай бүтээгдэхүүнийг хасаж тооцдог жилийн суурь инфляц жилийн өмнөх мөн үеэс 3.8 хувиар өссөн бөгөөд энэ нь 2021 оны 10 дугаар сараас хойших суурь инфляцын хамгийн бага түвшин болсон байна. Жилийн суурь инфляцын бууралт нь АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн инфляцыг буруулах зорилттой нийцэж байгаа тул АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүд мэдээний дараа өсөлт үзүүлжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Хороо

SOUTHWEST AIRLINES КОМПАНИЙН ХУВЬЦАА УНАВ

АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч Boeing компанийн үйлдвэрлэсэн Max 9 загварын онгоцонд үйлдвэрлэлийн доголдол гарсан эсэхийг Холбооны Нисэхийн Захиргаа шалгаж байна. Үүнтэй холбоотойгоор Boeing компанийн үйлдвэрлэл удааширч хүргэлт төлөвлөсөн хугацаанаас хоцорч байгаа бөгөөд Boeing-ийн үйлдвэрлэлийн сааталтай холбоотойгоор Southwest Airlines компанийн нисэх онгоц хүлээн авах хугацаа өөрчлөгдөж улмаар компани санхүүгийн удирдамжаа өөрчилсөн байна. Тус мэдээтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт Southwest Airlines компанийн хувьцааны ханш 17.3 хувиар унасан байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

DOMESTIC NEWS

МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГ БУУРУУЛАВ

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал 2024 оны 3 дугаар сарын 14, 15-нд болж бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 12 хувьд хүргэв. Бодлогын хүү 2022 оны 12 дугаар сард 13 хувийн түвшинд хүрснээс хойш 4 хурлаар дараалан өөрчлөгдөөгүй бөгөөд 2024 оны 2 дугаар сард Монгол Улсын инфляц 7 хувьд хүрч буурсан нь бодлогын хүүг бууруулах голлох шалтгаан болсон байна. Мөн Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, худалдааны түнш орнуудын инфляцын бууралт, ам.долларын эсрэг төгрөг чангарч буй зэрэг нь инфляцын бууралтад голлох нөлөөллийг үзүүлсэн гэж Монголбанкнаас мэдэгдсэн байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

2024 ОНЫ 2 ДУГААР САРД ИРГЭДИЙН ХАДГАЛАМЖ ӨССӨН БАЙНА

2024 оны 2 дугаар сард Мөнгөний нийлүүлэлт 37.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 7.3 их наяд төгрөгөөр буюу 24 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 4.6 их наяд буюу 36 хувиар, төгрөгийн харилцах 3 их наяд төгрөг буюу 53 хувиар тус тус өсөж голлох нөлөөллийг үзүүллээ. Харин төгрөгийн хадгаламж 17.6 их наяд төгрөг байгаагийн 85 хувийг иргэдийн хадгаламж, 15 хувийг аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж эзэлж байна.Түүнчлэн иргэдийн хадгаламж 2024 оны 2 дугаар сард 15 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 3.3 их наяд төгрөгөөр өссөн бол байгууллагын хадгаламж 2.6 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

iCAPITAL INSIGHT

iCAPITAL SUMMARY

БНХАУ-ын эдийн засгийн тодорхой бус байдлаас шалтгаалж хөрөнгийн зах зээлд нь итгэх хөрөнгө оруулагчдын итгэл буурч байна. Улмаар дэлхийн эдийн засгийн хямрал болж хөрөнгийн зах зээл унасан 2008 оны үеийн ханш дээр Хятад хувьцаанууд арилжаалагдаж байгаа бөгөөд Хятадын хөрөнгийн зах зээлийн CSI 300 индексийн үнэ ашгийн харьцаа (P/E) 13.4 байгаа бол ХонгКонгийн хөрөнгийн зах зээлийн Hang Seng индексийн үнэ ашгийн харьцаа (P/E) 9.1-д хүрч олон жилийн доод түвшинд хүрлээ. Үүнтэй харьцуулахад АНУ-ын хөрөнгийн зах зээлийн S&P 500 индексийн үнэ ашгийн харьцаа үзүүлэлт 23.2 байгаа ба бүх цаг үеийн хамгийн өндөр ханшийг индекс шинэчлэн тогтоосон бол Японы хөрөнгийн зах зээлийн Nikkei 225 индекс 1989 оны оройн цэгийг дээш сэтэлж түүхэн хамгийн өндөр ханш дээр арилжаалагдаж байна. Эндээс дүгнэхэд Хятад хувьцаанууд цаашид унах зай бага байгаа бол АНУ, Японы хөрөнгийн зах зээлийн индексүүд хэдийн өсчихсөн бөгөөд цаашид үргэлжлүүлэн өсөх зай бага байх боломжтой. Тиймээс одоо хямд байгаа БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн хувьцаануудаас хөрөнгө оруулагч худалдан авах нь урт хугацаанд илүү үр ашигтай байх магадлалтай байна.

WEEK AHEAD

Шинэ долоо хоногийн Даваа гарагт Евро бүсийн орнуудын 2 дугаар сарын инфляцын түвшин гарах бол Мягмар гарагт Австралийн бодлогын хүүгийн хурал болно. Харин Лхагва гарагт АНУ-ын ХНС-ын Мөнгөний Бодлогын Хороо хуралдаж бодлогын хүүгийн түвшнийг зарлах хуваарьтай байна.

БУСАД ҮЙЛ ЯВДАЛ

  • Украины арми Хар тэнгист ялалт байгуулж үр тарианы экспорт нэмэгдэнэ.

  • Оросын Төвбанкны битүүмжилсэн хөрөнгөөр Украинд зэвсэг авах уу.

  • Биткоины ханш савлагаатай байна.

  • Жо Байден дахин сонгогдвол тэрбумтнуудын татварыг нэмнэ.

  • HSBC банкны санхүү хариуцсан захирал Хятадын эдийн засгийг өсөлттэй байна гэв.