- InvesCore Capital
- Posts
- Global & Domestic Weekly
Global & Domestic Weekly
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын 2023 оны 4 дүгээр улирлын ДНБ-ны мэдээ гарч хөрөнгийн зах зээлийн хувьцаанууд өсөлтөө үргэлжлүүлэв.
GLOBAL NEWS
АНУ-ЫН ДНБ-ИЙ ӨСӨЛТ ШИНЖЭЭЧДИЙН ХҮЛЭЭЛТИЙГ ДАВАВ.
2023 оны 4 дүгээр улиралд АНУ-ын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн жилийн өмнөх мөн үеэс 3.3 хувиар өсөж шинжээчдийн таамагласан 2 хувийн өсөлтөөс давсан дүнтэй гарав. Мөн АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (“ХНС”) инфляцын өөрчлөлтийг хэмжихдээ ашигладаг суурь хувийн хэрэглээний зардлын индекс сүүлийн 2 сар дараалан буурсан байна. Эдгээр тоо мэдээнүүд нь АНУ-ын ХНС-ын инфляцын зорилтот 2 хувийн түвшинд хүргэхийн тулд бодлогын хүүг одоогийн түвшинд удаан барих боломжтой гэж шинжээчид үзэж байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
Эх сурвалж: АНУ-ын Худалдааны Яам
БНХАУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ЛИ ЧАН МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ.
БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүд уналттай байгаа энэ үед хөрөнгийн зах зээлд урт хугацааны хөрөнгө оруулагчдыг татах арга зам нээхийг Ерөнхий сайд Ли Чан эрх баригчдад үүрэг болгов. Xinhua агентлагийн мэдээлснээр Хятадын Төрийн зөвлөлийн хурлын үеэр Ли Чан мэдэгдэхдээ хөрөнгийн зах зээлийн системийг сайжруулах, хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хөрөнгө оруулалтын үнэ цэнэ, чанарыг нэмэгдүүлж, дунд болон урт хугацааны хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэйг онцолсон байна. Тус мэдээ гарсны ХонгКонгийн хөрөнгийн зах зээлийн Hang Seng индекс 4 хувиар өсжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
TESLA КОМПАНИЙН ТАЙЛАН ГАРАВ.
2023 оны 4 дүгээр улиралд цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компани 25.17 тэрбум ам.долларын борлуулалт хийж нэгж хувьцаанд 71 центийн ашигтай ажилласан бол шинжээчдийн таамаглалаар борлуулалт 25.6 тэрбум ам.доллар, цэвэр ашиг нэгж хувьцаанд 74 цент байх хүлээлттэй байв. Харин Tesla компанийн үйл ажиллагааны ашгийн маржин нь жилийн өмнөх 16 хувиас буурч 8.2 хувьд хүрсэн нь хувьцааны ханш тайлангийн хурлын дараа унахад голлох нөлөөллийг үзүүлсэн байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
DOMESTIC NEWS
“ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР” ХК МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ.
“Газар шим үйлдвэр” ХК олон нийтэд 198,113,207 ширхэг энгийн хувьцааг санал болгож, 10.5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн билээ. Энэхүү татан төвлөрүүлсэн хөрөнгөөс үнэт цаас гаргахтай холбоотой гарсан зардлыг хасаж, цэвэр татан төвлөрүүлсэн хөрөнгө болох 9.6 тэрбум төгрөгийг дараах байдлаар зарцуулсан байна. Ногоон зооринд 178.2 сая төгрөг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд 64.2 сая төгрөг, тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд 921.9 сая төгрөг, эргэлтийн хөрөнгөд 1.05 тэрбум төгрөгийг зарцуулж 2023 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар ойролцоогоор нийт 2.2 тэрбум төгрөгийн зарцуулалт хийсэн ба цэвэр санхүүжилтээс зарцуулаагүй 7.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. (Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.)
“ТАХЬКО” ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА.
“Тахько” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 тоот тогтоолоор 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 108 төгрөгөөр тооцон, нийт 128,291,364 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор шийдвэрлэсэн бөгөөд одоогийн ханшаар ногдол ашгийн өгөөж 1 хувь байгаа юм. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг компанийн 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтооно. Ногдол ашгийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор байршуулахаар шийдвэрлэсэн байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
iCAPITAL INSIGHT
iCAPITAL SUMMARY
ХонгКонгийн хөрөнгийн зах зэлийн Hang Seng индекс 2024 он гарснаас хойш 14 хувиар, CSI 300 индекс 7.2 хувиар унаж сүүлийн таван жилийн хамгийн бага түвшинд хүрсний дараа Ли Чан тэргүүтэй эрх баригчид хөрөнгийн зах зээлийг дэмжих мэдэгдэл хийсэн ба арилжааны банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээг Хятадын Төвбанк 2 дугаар сарын 5-наас хойш 50 суурь нэгжээр бууруулахаар болоод байна. Тэгвэл Хятад хувьцаануудын талаар мэргэжлийн хөрөнгө оруулагчид ямар байр суурьтай байгааг хүргэе. БНХАУ-ын хөрөнгө оруулалтын менежментийн KraneShares компанийн ахлах шинжээч Брендан Ахерн хэлэхдээ, Хятадын зах зээлийг хөрөнгө оруулагчид хэтэрхий сөргөөр харж байгаа ба цаашид хүчтэй өсөх боломж бий гэв. Мөн энэхүү тогтворгүй үед хөрөнгө оруулагчид хувьцаа худалдан авахдаа илүү хянуур байх хэрэгтэй гэдгийг Брендан Ахерн сануулсан байна. Харин Ranmore Fund Management-ийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Эндрю Лаппингийн хэлснээр, Хятадын хөрөнгийн зах зээлийн хувьцаануудын ханш өндөр хувиар унаж байгаа нь урт хугацааны хөрөнгө оруулагчдад таатай "боломж" гэдгийг онцлов. Харин BofA Securities-ийн хятадын зах зээлийг хариуцсан ахлах шинжээч Винни Ву хэлэхдээ, Хятадын эдийн засаг суларсан ч хөрөнгийн зах зээл үүнийг хэтэрхий сөргөөр тусгаж байна. Цаашид эрсдэлийн урамшуулал өндөр байгаа тул хятад хувьцаануудыг хөрөнгө оруулагчид ихээр худалдан авах магадлалтай гэжээ.
WEEK AHEAD
Шинэ долоо хоногийн Лхагва гарагт БНХАУ-ын Manufacturing PMI үзүүлэлт гарах бол Пүрэв гарагт АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн бодлогын хүүгийн хуралтай байна. Харин Баасан гарагт АНУ-д 1 дүгээр сард шинээр бий болсон ажлын байрны тоо үзүүлэлт гарна.
БУСАД ҮЙЛ ЯВДАЛ
Автомашины даатгалын үнийн мэдээлэл.
Apple компани ба App Store.
Levi компани ажилтнуудаа цомхотгож байна.
АНУ-ын томоохон технологийн компаниудад AI-тай холбоотой шалгалт орно.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдан байгалийн хий экспортлох зөвшөөрлийг цуцлав.