Global & Domestic Weekly

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Хувийн хэрэглээний зардлын индекс (PCE) шинжээчдийн таамаглалаас бага өсөлттэй гарч S&P 500 индекс 2 дэх долоо хоногтоо дараалан өсөв.

GLOBAL NEWS

LI AUTO КОМПАНИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАН ГАРЧ ХУВЬЦААНЫ ХАНШ ӨСӨВ

2023 оны 4 дүгээр улиралд БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Li Auto компани 5.88 тэрбум ам.долларын борлуулалт хийж, 427.7 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан бөгөөд зах зээлд нийлүүлсэн автомашины тоо хэмжээ жилийн өмнөх мөн үеэс 184.6 хувиар өсөж 131,805-д хүрлээ. Мөн 2023 жилийн эцсийн байдлаар Хятадын 140 гаруй хотод Li Auto компани үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд компанийн эзэмшилд 467 жижиглэн худалдааны төв, 360 үйлчилгээ үзүүлэх газар ажиллаж байна. Тайлангийн хурлын үеэр Гүйцэтгэх захирал Шиан Ли мэдэгдэхдээ “...Зах зээлийн ширүүн өрсөлдөөнийг үл харгалзан 2023 онд Li Auto компанийн нийлүүлсэн автомашины тоо жилийн өмнөх мөн үеэс 182.2 хувиар өсөж 376,060 хүрлээ. Энэ санхүүгийн жил Li Auto компанийн түүхэн дэх хамгийн өндөр ашигт ажиллагаа, санхүүгийн үзүүлэлттэй жил болсон гэв.” (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

АНУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ИНДИКАТОР ҮЗҮҮЛЭЛТ ГАРАВ

2024 оны 1 дүгээр сард АНУ-ын Хувийн хэрэглээний зардлын индекс жилийн өмнөх мөн үеэс 2.4 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар өссөн бөгөөд тус индексийн 2021 оны 2 дугаар сараас хойших хамгийн бага хувиар өссөн тохиолдол болов. Хувийн хэрэглээний зардлын индекс нь иргэдийн гар дээрх бэлэн мөнгө зарцуулах хандлагыг илэрхийлдэг ба АНУ-ын Холбооны Нөөцийн Сан инфляцын хэтийн төлөвийг таамаглахад ашигладаг чухал индикатор үзүүлэлт билээ. Хөрөнгө оруулагчдын үзэж буйгаар тус индексийн өсөлт буурч байгаа нь инфляц ХНС-ын зорилтот 2 хувийн түвшинд хүрэх магадлалтайг харуулж, бодлогын хүүг ХНС бууруулах хугацааг ойртуулж байгаа аж. Тус мэдээний дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүд өсөлттэй арилжаалагдсан байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

Эх сурвалж: АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Хороо

BITCOIN ӨНГӨРСӨН 2 ДУГААР САРД 45 ХУВИАР ӨСӨВ

2024 оны 2 дугаар сарын 29-нд Bitcoin-ны ханш 3 хувиар өсөж 62,216.43 ам.долларт хаагдсан бөгөөд Bitcoin-ны өнгөрсөн сарын өсөлт 45 хувьд хүрсэн нь 2020, 2022 оноос хойших нэг сард хамгийн өндөр хувиар өссөн тохиолдол болов. Мөн 2021 оны 11 дүгээр сараас хойш анх удаа Bitcoin 64,000 ам.долларт хүрсэн ба цаашид бүх цаг үеийн оргил ханшийг шинэчлэн тогтоох боломжтой гэж шинжээчид үзэж байна. Bitcoin-ны өсөлтөд АНУ-ын санхүүгийн зохицуулагчдын шийдвэр голлох нөлөөллийг үзүүлсэн бөгөөд биржээр арилжаалагддаг ETF сангууд Bitcoin-д хөрөнгө оруулах боломжтой болсон нь криптовалютыг албан ёсны хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн гэж зохицуулагчид хүлээн зөвшөөрсөнтэй холбоотой юм. Тус шийдвэртэй холбоотойгоор 2 дугаар сард Bitcoin-ий ETF сангууд 2 тэрбум ам.долларын худалдан авалтыг хийжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

DOMESTIC NEWS

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ МЭДЭГДЭЛ

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор нээлттэй хувьцаат компаниуд ногдол ашиг хуваарилах, тайлагнахтай холбогдуулан 2020 оны 28-р тогтоолд зохицуулагчид өөрчлөлт орууллаа. Энэхүү өөрчлөлтийн хүрээнд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд ногдол ашгаа санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдэд олгож, ногдол ашиг хуваарилалтын тайланг ногдол ашиг хуваарилж дууссан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэхийг нээлттэй хувьцаат компани бүрд үүрэг болголоо. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

ЗАСГИЙН ГАЗАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИНЭ

Өнгөрсөн 2023 онд Монгол улс 651,061 жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 1.2 тэрбум ам.доллар буюу 4.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн гэж аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороо мэдэгдэв. Тодруулбал 2023 онд жуулчдад зориулсан арга хэмжээний төлөвлөгөө болон санхүүжилтийг Засгийн газар гаргасан бөгөөд 69 арга хэмжээ, онцлох 23 хөтөлбөрийг дэмжин ажилласан байна. Ингэхдээ БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улсын жуулчдад чиглэсэн тусгайлсан хөтөлбөрийг бэлдэж, аялал жуулчлалын салбарын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, Монгол Улсыг дэлхийд таниулах цогц арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүлжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

iCAPITAL INSIGHT

iCAPITAL SUMMARY

АНУ-ын хөрөнгийн зах зээлийн өсөлт хөөс биш гэж тэрбумтан хөрөнгө оруулагч Рэй Далио мэдэгдлээ. Дэлхийн хамгийн том хедж сангуудын нэг Bridgewater Associates-ийг үүсгэн байгуулагч тэрбээр компаниудын үнэлгээ, хөрөнгө оруулагчдын сэтгэл хөдлөл ба тогтворгүй байдал, шинээр авч буй хувьцаанууд зэрэг үзүүлэлтийг шинжилж үр дүнд нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийн өсөлтийг бодит байх магадлалтай гэв. Хиймэл оюун ухааны нөлөөгөөр S&P 500 индекс бүх цаг үеийн дээд амжилтаа тогтоосноос хойш 4 дэх сардаа өсөлттэй арилжаалагдаж байгаа ба гайхамшигт долоо гэж нэрлэгддэг Alphabet, Amazon, Apple, Meta Platforms, Microsoft, Nvidia болон Tesla зэрэг компаниудын хувьцаанууд голлох өсөлтийг үзүүлж байна. Эдгээр хувьцаануудын үнэлгээний талаар талаар Рэй Далио төдийлөн санаа зовохгүй байгаа бөгөөд үнэлгээ их биш ч бага зэрэг хөөсөрсөн байх магадлалтай гэж мэдэгдсэн. Харин эсрэгээрээ хиймэл оюун ухааны төслүүд хөрөнгө оруулагчдын хүлээсэн шиг сайн биш бол томоохон уналт бий болох магадлалтай гэжээ.

WEEK AHEAD

Шинэ долоо хоногийн Мягмар гарагт АНУ-ын S&P Global Services PMI үзүүлэлт гарах бол Лхагва гарагт Канадын Төвбанк бодлогын хүүгийн шийдвэрийг зарлана. Харин Пүрэв гарагт Евро бүсийн орнуудын бодлогын хүүгийн шийдвэр, АНУ-ын ХНС-ын тэргүүн Джером Пауэллийн мэдэгдэл гарах хуваарьтай байна.

БУСАД ҮЙЛ ЯВДАЛ

  • Dune цувралын шинэ ангийн эргэн тойронд.

  • Улаан тэнгисийн эрэгт цэргийн бааз байрлуулах хэлэлцээр.

  • Macy's M-ийн үнэлгээ өсөх үү.

  • Daimler Truck компанийн ашигт ажиллагаа өссөн байх магадлалтай.

  • Хөрөнгийн зах зээлийн өсөлтийн түүхэн судалгаа ба өнөөгийн нөхцөл байдал.