Global & Domestic Weekly

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Хувийн хэрэглээний зардлын индекс (PCE) болон Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн мэдээ шинжээчдийн хүлээлтээс бага гарч, улмаар хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс 0.51 хувийн уналттай арилжаалагдсан байна.

GLOBAL NEWS

ШАНХАЙ ХОТЫН ЭРХ БАРИГЧИД ҮЛ ХӨДЛӨХИЙН САЛБАРЫГ ДЭМЖИВ

БНХАУ-ын санхүүгийн төв Шанхай хотод 8 сая кв.метр зарагдаагүй үл хөдлөх хөрөнгө байна гэж “China Real Estate Information” мэдээлсэн бөгөөд орон сууцууд зах зээлд зарагдтал ойролцоогоор 1 жилийн хугацааг зарцуулна гэв. Тус мэдээтэй холбоотойгоор Шанхайн эрх баригчид үл хөдлөхийн салбарыг дэмжих шийдвэрийг гаргаж анх удаа орон сууц худалдан авч буй иргэдийн урьдчилгаа төлбөрийг 30 хувиас 20 хувь болгон бууруулсан бол хоёр дахь удаагаа орон сууц худалдан авч буй иргэдийн урьдчилгааг 40 хувиас 30 хувь хүртэл бууруулсан байна. Ингэснээр үл хөдлөхийн салбарын дэмжлэгийг эрчимжүүлсэн Хятадын анхны том хот Шанхай хот болов. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

АНУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ УДААШРАВ

2024 оны 1 дүгээр улиралд АНУ-ын ДНБ жилийн өмнөх мөн үеэс 1.3 хувиар өсөж шинжээчдийн таамагласан 1.6 хувийн өсөлтөд хүрсэнгүй. Харин өмнөх 2023 оны 4 дүгээр улиралд АНУ-ын эдийн засаг 3.4 хувийн өсөлттэй байсан билээ. Өмнөх улирлаас эдийн засгийн өсөлт буурахад АНУ-ын иргэдийн хэрэглээ, экспорт болон муж, хотуудын захиргааны зардал буурсан нь нөлөөлжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)  

DELL КОМПАНИЙН ТАЙЛАН ГАРЧ ХУВЬЦААНЫ ХАНШ УНАВ

АНУ-ын технологийн Dell Technologies [NYSE:DELL] компанийн 1 дүгээр улирлын тайлан гарч хувьцааны ханш 14 хувиар унасан байна. 2024 оны 1 дүгээр улиралд 22.24 тэрбум ам.долларын борлуулалтыг Dell компани хийж нэгж хувьцаанд 1.27 ам.долларын цэвэр ашигтай ажилласан бол тус компанийг 1 дүгээр улиралд 21.64 тэрбум ам.долларын борлуулалт хийж 1.26 ам.долларын цэвэр ашигтай ажиллана гэж шинжээчид таамаглаж байв. Хэдийгээр компанийн тайлан шинжээчдийн таамаглалаас өндөр гарсан хэдий ч арилжаачид хувьцааны үнийг бодит үнэ цэнээс өндөр гэж үзэж улмаар хувьцаа унасан байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

DOMESTIC NEWS

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ӨСӨЛТТЭЙ БАЙНА

Монгол Улс Дотоодын нийт бүтээгдэхүүнийг [ДНБ] үйлдвэрлэлийн болон 2015 оны зэрэгцүүлэх үнийн гэх 2 аргаар тооцдог. Тэгвэл ДНБ-ийг үйлдвэрлэлийн аргаар тооцсон дүнгээр энэ оны 1 дүгээр улиралд 16.5 их наяд төгрөг болсон бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс 2.7 (19.4 хувь) их наяд төгрөгөөр өссөн дүнтэй байна. Харин 2015 оны зэрэгцүүлэх үнээр ДНБ-ийг тооцоход 6.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 440.7 (7.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний нэмэгдэл зудтай холбоотой өмнөх оны мөн үеэс 31.4 хувиар буурч ДНБ-ын өөрчлөлтөд -1.3 нэгж хувиар сөрөг нөлөө үзүүлсэн байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

ЗЭСИЙН БАЯЖМАЛ БА МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Монголын Хөрөнгийн бирж 5 дугаар сарын 23-ны байдлаар 3,000 тонн зэсийн баяжмалыг 3.6 тэрбум ам.доллароор буюу 12.5 их наяд төгрөгөөр арилжсан байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль болон Засгийн газрын холбогдох тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд 2024 оны 4 дүгээр сараас экспортод гарах зэсийн баяжмалыг Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжиж эхэлсэн билээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

iCAPITAL INSIGHT

iCAPITAL SUMMARY

АНУ-аас нийлүүлсэн зэвсгээр ОХУ-ын нутаг дэвсгэрт цохилт өгөх боломжийг АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байдены Засгийн газар Украинд олголоо. Хэдийгээр АНУ-ын нийлүүлсэн ойрын тусгалтай пуужинг Украины цэргүүд ашиглан ОХУ-ын нутаг дэвсгэрт дайралт хийж болох ч холын тусгалтай ATACMS пуужингаар харвах зөвшөөрлийг АНУ-ын тал өгсөнгүй. Энэ нь АНУ-ОХУ хоорондын шууд мөргөлдөөнөөс зайлсхийхийн зэрэгцээ ОХУ-ын дараалсан эрчтэй довтолгооноос Украиныг хамгаалах давхар зорилготой гэж шинжээчид үзэж байна. Шинэ зөвшөөрлийн тусламжтайгаар Украины арми Харьков хотод буй ОХУ-ын армид цохилт өгөх боломж нээгдэж байгаа юм.

WEEK AHEAD

  • Шинэ долоо хоногийн Даваа гарагт АНУ-ын ISM Manufacturing PMI үзүүлэлт гарна. Энэ үзүүлэлт нь богино дунд хугацаанд АНУ-ын эдийн засгийн өсөлтийн төлөвийг илтгэдэг.

  • Пүрэв гарагт Европын Төвбанк бодлогын хүүгийн шийдвэрийг танилцуулна. Энэхүү мэдээтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид бодлогын хүүг буурна гэж хүлээж байна. Харин Евро бүсийн орнуудын инфляц сүүлийн үед өсөлттэй байгаа билээ.

  • Баасан гарагт АНУ-д шинээр бий болсон ажлын байрны тоон үзүүлэлт болон ажилгүйдлийн түвшний мэдээлэл гарна.

БУСАД ҮЙЛ ЯВДАЛ