- InvesCore Capital
- Posts
- Global & Domestic Weekly
Global & Domestic Weekly
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн VIX индекс цар тахлаас хойш анх удаа 60 нэгжийг давав. Тус индекс нь хямрал, геополитикийн эрсдэл зэрэг ханшид өндөр савлагаа үзүүлэх суурь мэдээний дараа өсөлт үзүүлдэг, зах зээлийн орчныг илэрхийлдэг индекс юм.
GLOBAL NEWS
ЖЭЙМИ ДАЙМОН АНУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАХ МАГАДЛАЛТАЙ ГЭВ
JPMorgan Chase хөрөнгө оруулалтын банкны Гүйцэтгэх захирал Жэйми Даймон мэдэгдэхдээ АНУ-д эдийн засгийн хямрал болох магадлалтай, зах зээлд тодорхойгүй зүйлс олон байна гэв. Түүний хэлснээр геополитикийн эрсдэл, орон сууцны зах зээлийн уналт, хүлээлтээс бага хэрэглээ, Төвбанкны мөнгөний хатуу бодлого, 11 дүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль зэрэг АНУ-ын эдийн засгийг хямралд хүргэх хүчин зүйлс олон байгаа аж. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
ИРАН-ИЗРАИЛ
Ираныг Израйл Улс руу томоохон дайралт хийвэл, шинээр сонгогдсон Засгийн Газар болон эдийн засаг нь унана гэж АНУ-ын зүгээс анхааруулсан байна. Тус мэдэгдлийг төлөөлөгчөөр дамжуулан Иранд хүргүүлсэн гэж АНУ-ын холбогдох албаны хүн мэдэгджээ. Саяхан Ираны нийслэл Тегеран хотод ХАМАС зэвсэгт бүлэглэлийн нөлөө бүхий хүн алагдсан. Тус ажиллагааг Израилын талаас зохион байгуулсан гэж Иран Улс мэдэгдсэн бөгөөд хариу арга хэмжээ авахаа илэрхийлээд байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ҮЕЭР ӨСӨХ БОЛОМЖТОЙ ХУВЬЦААНУУД
АНУ-ын Goldman Sachs банкны мэдээлснээр Li Auto (NASDAQ:LI), Madison Square Garden Entertainment (NYSE:MSGC), Waystar (NASDAQ:WAY), CAE (NYSE:CAE) зэрэг компаниуд улирлын тайлан гаргахын өмнө хувьцаа нь хямд байгаа бөгөөд тайлангийн дараа өсөлт үзүүлэх боломжтой гэнэ. Goldman Sachs эдгээр компаниудыг өнгөрсөн улиралд өндөр ашиг орлоготой ажилласан гэж таамаглаж байгаа аж. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
Эх сурвалж: Bloomberg
DOMESTIC NEWS
“АПУ” ХК-ИЙН БОРЛУУЛАЛТ, ЦЭВЭР АШИГ ӨССӨН БАЙНА
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “АПУ” ХК 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа гаргав. Тайлант хугацаанд “АПУ” ХК-н 2024 оны эхний хагас жилийн цэвэр борлуулалтын орлого 649 тэрбум төгрөг, цэвэр ашиг 108 тэрбум төгрөгт хүрч өссөн байна. Борлуулалтын орлогын өсөлт нь сүү сүүн бүтээгдэхүүн, ус ундаа болоод Дижитал концепт ХХК болон экспортын борлуулалтын өсөлтөөс хамаарчээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ӨСӨВ
Гаалийн ерөнхий газрын танилцуулсан экспортын статистик мэдээллээр, чулуун нүүрсний экспортын биет хэмжээ оны эхний хагаст 46.1 сая тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 35.5 хувиар өсжээ. Мөн чулуун нүүрсний экспортыг 2022 оны мөн үетэй харьцуулахад 4.2 дахин өссөн байгаа юм. Нүүрс нь Монгол Улсын нийт экспортын 57.9 хувийг дангаар бүрдүүлж байгаа ба, орлогын дүн нь 5.3 тэрбум ам.долларт хүрээд байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
iCAPITAL INSIGHT
iCAPITAL SUMMARY
Одоогоор АНУ-ын банканд хадгаламж эзэмшигчид жилийн 5 хувийн өгөөж хүртэж байна. Энэ нь 2023 оны 3 дугаар сард АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг нэмэгдүүлж эхэлснээр банкны хадгаламжийн хүү өсөж, хөрөнгө оруулагчид бэлэн мөнгө хадгалж эхэлсэнтэй холбоотой. Гэвч өнгөрсөн 7 дугаар сард болсон хурлаар АНУ-ын ХНС-ын тэргүүлэгчид 9 дүгээр сард бодлогын хүүг бууруулж эхлэх магадлалтай гэж мэдэгдсэн. Тэгвэл банкны дансанд бэлэн мөнгөтэй харилцагчид хөрөнгө оруулалтын ямар бүтээгдэхүүн худалдаж авах вэ? Бидний шинжилгээгээр АНУ-ын Засгийн Газрын урт хугацаат бондын үнэ өсөх хандлагатай байна. Учир нь бондын үнэ, өгөөж урвуу хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл бондын үнэ өсвөл өгөөж буурдаг, өгөөж өсвөл үнэ буурдаг байна. Жишээ авч үзье, Та 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй, 5 хувийн купонтай АНУ-ын ЗГ-ын бонд эзэмшдэг гэж төсөөлье. Тэгтэл ХНС бодлогын хүүг өсгөж бондын өгөөж нэмэгдэж 5-аас 9 хувьд хүрэхэд эсрэгээрээ бондын үнэ 100 аас 50 ам.доллар болтол унана. Ингэснээр бонд эзэмшигчид ханшийн алдагдал хүлээж байна. Харин одоогийн нөхцөл байдалд бодлогын хүү буурвал бондын өгөөж 9 хувиас буурч, үнэ 50 нэгжээс буцаж өсөх юм. Өөрөөр хэлбэл хямд үнэтэй бонд худалдан авснаар ханшийн өсөлтөөс ашиг хийх боломжтой. Тиймээс хямд үнэтэй, урт хугацаат АНУ-ын Засгийн Газрын бонд худалдан авах, нөгөө талаас эдгээр бондуудад хөрөнгө оруулалт хийсэн ETF буюу биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сангуудын хувьцааг худалдан авах нь урт хугацаанд үр дүнтэй байна.
WEEK AHEAD
Шинэ долоо хоногийн Лхагва гарагт Их Британи болон АНУ-ын 7 дугаар сарын инфляцын түвшин гарна.
Пүрэв гарагт Япон, Их Британи улсын 2 дугаар улирлын ДНБ-ын тоо мэдээ зарлагдана.