- InvesCore Capital
- Posts
- Global & Domestic Weekly
Global & Domestic Weekly
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг 5.25-5.50 хувийн түвшинд хэвээр үлдээж, инфляцыг зорилтот 2 хувийн түвшинд хүргэх баталгаа хангалттай болтол мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ.
GLOBAL NEWS
АНУ-ЫН ХНС БОДЛОГЫН ХҮҮГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ.
2024 оны 1 дүгээр сарын 30-нд АНУ-ын Холбооны Нөөцийн Сан хуралдаж бодлогын хүүг 5.25-5.50 хувийн түвшинд хэвээр үлдээх шийдвэрийг гаргалаа. Хурлын үеэр ирэх 3 дугаар сард бодлогын хүүг бууруулах боломжтой талаарх сэтгүүлчийн асуултад, “...Бид инфляцыг ХНС-ын зорилтот 2 хувийн түвшинд хүрэх баталгааг гүйцэд хараагүй байгаа ба цаашид бүрэн итгэлтэй болтлоо мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлнэ. Харин бодлогын хүүг энэ ондоо багтааж бууруулах боломжтой гэж” ХНС-ын тэргүүн Джером Паулл мэдэгдсэн байна. Цаашид бодлогын хүүг нэмэгдүүлэх магадлал тэг түвшинд байгаа ба 5.25-5.50 хувийн түвшинд хэр хугацаанд байх нь шинжээчдийн анхаарлыг татаж байна. Хурлын дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд уналттай арилжаалагдсан байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
Эх сурвалж: АНУ-ын Холбооны Нөөцийн Сан
ЕВРОБҮСИЙН ИНФЛЯЦЫН ТАЙЛАН ГАРАВ.
Энэ оны 1 дүгээр сард Евробүсийн инфляц жилийн өмнөх мөн үеэс 2.8 хувиар өсөж шинжээчдийн таамагласан 2.7 хувиас давсан дүнтэй гарав. 2023 оны 11 дүгээр сард 2.4 хувийн өсөлттэй байсан Евробүсийн инфляц 12 дугаар сард 2.9 хувиар өссөн нь эрчим хүчний салбарын үнийн хязгаарлалтыг бууруулсантай холбоотой юм. Түүнчлэн өнгөрсөн 1 дүгээр сард Европын Төвбанк бодлогын хүүг 4.5 хувийн түвшинд хэвээр үлдээсэн бөгөөд цаашид бодлогын хүүг ойрын хугацаанд бууруулна гэж шинжээчид таамаглаж байна. Мөн 1 дүгээр сарын бодлогын хүүгийн хурлаар Европын Төвбанкны тэргүүн Кристин Лагард мэдэгдэхдээ, 12 дугаар сарын өсөлтийг үл харгалзан инфляцыг бууруулах ажил идэвхтэй явж байгааг онцолсон билээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
APPLE КОМПАНИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАН ГАРАВ.
2023 оны 4 дүгээр улиралд Apple компани 119.58 тэрбум ам.долларын борлуулалт хийж нэгж хувьцаанд 2.18 ам.долларын ашигтай ажилласан бол шинжээчдийн таамаглалаар борлуулалт 117.91 тэрбум ам.доллар, цэвэр ашиг нэгж хувьцаанд 2.1 ам.доллар байх хүлээлттэй байв. Мөн компанийн нийт ашгийн маржин 45.9 хувь байгаа нь шинжээчдийн таамагласан 45.3 хувиас өндөр байгаа юм. Харин компанийн тайлангийн хурлаар нийт борлуулалтын орлогын 19 хувийг бүрдүүлдэг Хятадын зах зээлийн борлуулалт 13 хувиар буурсан гэж компанийн удирдлагууд мэдэгдсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор компанийн хувьцааны ханш унасан байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
DOMESTIC NEWS
1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ДАНСАНД БАЙРШЛАА.
2022 онд Эрдэнэс Тавантолгой ХК 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд цэвэр ашгаас 351 тэрбум орчим төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилах шийдвэрийг Засгийн Газар гаргасан. Энэ нь нэгж хувьцаанд 108.7 төгрөг болж байгаа бөгөөд нийт 104,000 төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн болохыг Эрдэнэс Тавантолгой ХК тус компаниас мэдээлсэн байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
БОДЬ ДААТГАЛ ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА.
Бодь даатгал ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 24/03 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн татварын дараах цэвэр ашгаас 615 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар ТУЗ шийдвэрлэсэн байна. Нэгж хувьцаа тус бүрд 2.69 төгрөгийн ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр 2024 оны 06 дугаар сарын 30-ны дотор ҮЦТХТ ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжүүлэх бөгөөд ногдол ашгийн өгөөж ойролцоогоор 3.4 хувьтай байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрөөр тогтоожээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
iCAPITAL INSIGHT
iCAPITAL SUMMARY
2024 оны 1 дүгээр сард ХонгКонгийн хөрөнгийн зах зээлийн жишиг Hang Seng индекс 9.38 хувийн уналттай арилжаалагдаж 2016 оноос хойших жилийн хамгийн муу эхлэлийг тавилаа. Уналтад хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн бөгөөд Хятадын үл хөдлөхийн салбарын уналт, төрийн өмчит банкнуудын уналт, эдийн засгийн индикаторуудын сул үзүүлэлтүүд голлох нөлөөллийг үзүүлсэн. Мөн өмнөх долоо хоногт Хятадын 2024 оны 1 дүгээр сарын Аж үйлдвэрийн салбарын PMI индекс 50-н нэгжээс бага буюу 49.2-той гарч эдийн засаг сул байгааг харууллаа. Тус индексийн хувьд 2023 оны 9 дүгээр сараас хойш 50-н нэгж буюу өсөлтийг илтгэх түвшнийг давж гарч чадсангүй. Харин үл хөдлөх салбарт гарсан сүүлийн үеийн мэдээгээр Country Garden дампуурах магадлалтай гэж хэвлэлүүд мэдээлсэн ч компанийн төлөөлөгчид тус мэдэгдлийг үгүйсгэсэн байна. Дүгнээд үзэхэд ХонгКонгийн хөрөнгийн зах зээлд бүх зүйлс муу байгаа мэт болов ч бодит байдал дээр компаниудын үнэлгээ олон жилийн хамгийн бага түвшиндээ ирсэн. Мөн энэхүү уналтыг ашиглаад бэлэн мөнгөний нөөцтэй томоохон компаниуд зах зээлээс хувьцаагаа эргүүлэн худалдан авч байна. Тиймээс урт хугацаанд хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчид энэхүү боломжийг ашиглаж сайн компанийн хямд хувьцааг худалдан авах боломжтой юм.
WEEK AHEAD
Шинэ долоо хоногийн Даваа гарагт АНУ-ын S&P Global Services PMI үзүүлэлт гарах бол Мягмар гарагт Австралийн Төвбанкны бодлогын хүүгийн шийдвэр гарна. Харин Хятадын цагаан сарын баяртай холбоотойгоор Баасан гарагт ХонгКонгийн хөрөнгийн бирж амрах хуваарьтай байна.
БУСАД ҮЙЛ ЯВДАЛ
Жон Аутерс бодлогын хүүгийн талаар юу хэлэв.
Хятадын Төвбанк үл хөдлөхийн салбарыг дэмжинэ.
Жулиус Баер бизнесийн салбараас хөндийрөх үү.
Шведийн Төвбанк мөнгөний зөөлөн бодлого баримтална.
Байден ба Трамп.