- InvesCore Capital
- Posts
- Global & Domestic Weekly
Global & Domestic Weekly
2023 оны сүүлийн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс 0.32 хувь өсөж өмнөх оройн түвшнийг дээш сэтэлсэн байна.
GLOBAL NEWS
2023 ОНД BYD КОМПАНИ 3 САЯ АВТОМАШИН ҮЙЛДВЭРЛЭВ.
2023 онд БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компани 3 сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэж АНУ-ын Tesla компанийг үйлдвэрлэсэн автомашины тоогоор 2 дахь жилдээ давах магадлалтай байна. Tesla компани жилийн нийт үйлдвэрлэсэн автомашины тоогоо хараахан зарлаагүй байгаа бөгөөд 2023 оны эхний 3 улирлын байдлаар 1.35 сая автомашин үйлдвэрлэсэн байна. BYD компанийн үйлдвэрлэсэн автомашины 53 хувь нь зөвхөн цахилгаан батарейгаар ажилладаг автомашин байгаа бол үлдсэн 47 хувь нь хосолсон хөдөлгүүрээр ажилладаг автомашин байгаа ба үнийн хувьд Tesla-н загваруудаас хямд байна. Харин Tesla компани зөвхөн 100 хувь батарейгаар ажилладаг цахилгаан автомашин үйлдвэрлэдэг. Сүүлийн долоо хоногт гарсан мэдээгээр технологийн Xiaomi компани Tesla, Porsche-н загваруудтай өрсөлдөхүйц шинэ цахилгаан автомашин бий болгох төлөвлөгөөгөө танилцуулсан. Энэ нь БНХАУ-ын зах зээлд цахилгаан автомашин үйлдвэрлэгч компаниудын өрсөлдөөн ширүүсэж байгааг харуулж байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
АМ.ДОЛЛАР ИРЭХ ОНД УНАХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА.
2024 онд ам.доллар бусад голлох валютуудын эсрэг сулрах магадлалтай гэж Bloomberg-ийн судалгаанд оролцсон шинжээчид мэдэгдсэн байна. Энэ нь АНУ-ын Холбооны Нөөцийн Сан эдийн засгийг хямралд хүргэхгүйгээр инфляцыг бууруулах буюу зөөлөн газардалт нэр томьёо бодитоор хэрэгжиж буйтай холбоотой юм. Нөгөөтээгүүр, JPMorgan Chase, HSBC банкны шинжээчид дэлхийн бусад орнууд бодлогын хүүгээ бууруулж эдийн засгаа дэмжих тул ам.доллар бусад голлох валютуудын сулрах бус эсрэгээрээ чангарна гэж үзэж байна. Харин Японы Төвбанк бодлогын хүүг өсгөх тул иений ханш чангарна гэж шинжээчдийн ихэнх нь таамаглаж буй юм. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
ХОНГКОНГИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ӨСӨХ ҮҮ?
2023 онд ХонгКонгийн хөрөнгийн зах зээлийн Hang Seng индекс 14.2 хувь унаж сүүлийн 15 жилийн хамгийн муу үзүүлэлттэй байсан бол 2024 онд өсөх магадлалтай гэж Хятад дахь HSBC Holdings-ийн шинжээчид мэдэгдлээ. 2024 оны эхний хагасын үеэр АНУ-ын Төвбанк бодлогын хүүг бууруулах магадлалтай ба энэ нь Хятадын эдийн засагт сайнаар нөлөөлөх бөгөөд хөрөнгийн зах зээлийн хувьцаанууд олон жилийн доод түвшинд ирсэн тул энэ үед хөрөнгө оруулагчид худалдан авах магадлалтай аж. Мөн Hang Seng индексэд багтсан 84 компаниудын борлуулалтын дундаж өсөлт ирэх онд 9 хувиар өснө гэж HSBC Holdings-ийн шинжээчид таамаглаж буй бөгөөд индексийн үнэ ашгийн харьцаа 5.7 байгаа нь томоохон хөрөнгө оруулагчдыг татна гэж үзжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
DOMESTIC NEWS
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ.
Монгол Улсын Засгийн газрын 12 дугаар сарын 27-ны хуралдаанаар 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ. Улмаар Засгийн газар 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан байна. “...Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлбэл илүү хурдацтай хөгжинө гэсэн эрдэмтдийн судалгааны дүн гарсан. Монгол Улсын хүний нөөц, хөрөнгө санхүүгийн нөөц нь хязгаарлагдмал тул бүсчлэн хөгжүүлэх нь тохиромжтой гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын нийт хүн амын 47 хувь нь нийслэл Улаанбаатар хотод, 53 хувь нь орон нутагт амьдардаг. Нийт худалдаа үйлчилгээний 80 хувь нь Улаанбаатарт төвлөрдөг ба ДНБ-ийн 63 хувь нь нийслэлд, 37 хувь нь орон нутагт бий болдог. Тэгэхээр Улаанбаатарт зөвхөн хөгжил явагдаад, орон нутагт хөгжих боломж хомс байна. Нөгөөтээгүүр, нэг дор хэт олуулаа төвлөрөхөд агаар, хөрсний бохирдол, утаа, автозамын хөдөлгөөний ачаалал, түгжрэл зэрэг сөрөг үр дагаврууд гарч байна. Тиймээс Засгийн газраас иргэдийн амьжиргааны орлогыг бодитой нэмэгдүүлэхийн тулд бүсчилсэн хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдэж байна гэж” Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгджээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
МОНГОЛ УЛСЫН ИНФЛЯЦЫН ТААМАГЛАЛ.
Монгол улсын инфляц алгуур буурч, 2023 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.6 хувь, Улаанбаатар хотод 9.4 хувьд хүрсэн билээ. Төгрөгийн ханш тогтворжин, тээврийн зардал буурч, гадаад үнийн дарамт багассан нь инфляц буурахад голлон нөлөөлөв. Импортын бараа, бүтээгдэхүүний инфляц 2021 оны 6 сараас тасралтгүй саарч, тайлант сард 6.4 хувьд хүрч буурлаа. Инфляц 2023 онд 9.2 хувь орчимд байсан бол 2024 онд төсвийн зардлын өсөлт, тэр дундаа цалин, тэтгэврийн хэмжээ үргэлжлэн нэмэгдэж, эрэлтийн шалтгаантай инфляцын дарамтыг нэмэгдүүлэх хүлээлттэй байна. Улмаар инфляцын буурах хурд удааширч, Төв банкны зорилтын дээд интервалд ирж тогтворжих хугацаа 2025 оны эхэн болж хойшлох магадлалтай байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
Эх сурвалж: Монголбанк
iCAPITAL INSIGHT
iCAPITAL SUMMARY
2023 он эхлэхэд шинжээчдийн таамаглалаар АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг өндөр хувиар өсгөж улмаар хөрөнгийн зах зээлийн хувьцаанууд унаж, бондын үнэ өсөх байв. Харин бодит байдал дээр АНУ-ын хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс 2023 онд 24.2 хувиар өсөж АНУ-ын 10 жилийн хугацаат бондын үнэ унаж өгөөж нэмэгдсэн билээ. Мөн 2023 онд цар тахлын хөл хориог сулласан БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийг шинжээчид онцолж байсан ч оныг CSI 300 индекс 11.2 хувиар, ХонгКонгийн хөрөнгийн зах зээлийн Hang Seng индекс 14.2 хувийн уналттай дууссан юм. Өнгөрсөн онд АНУ-ын ХНС бордлогын хүүг 4 удаа өсгөж 5.25-5.50 хувийн түвшинд хүргэснээр инфляц 6.5 хувиас 3.1 хувьд хүртэл буурсан байна. Харин 2024 онд бодлогын хүүг бууруулна гэж ХНС-ын тэргүүн Джером Пауэлл мэдэгдсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор технологийн хувьцаанууд өсөх магадлалтай гэж томоохон хөрөнгө оруулалтын компаниуд мэдэгдсэн. Бидний таамаглалаар ирэх онд борлуулалтын орлогын өндөр өсөлттэй, томоохон зах зээлийн үнэлгээтэй технологийн компаниудын хувьцаа өсөх магадлалтай бөгөөд ам.долларын бонд, сэргээгдэх эрчим хүчний компаниудын хувьцааг худалдан авах нь үр дүнтэй гэж үзэж байна.
WEEK AHEAD
Шинэ долоо хоногийн Баасан гарагт Евро бүсийн 2023 оны 12 дугаар сарын инфляц болон АНУ-д шинээр бий болсон ажлын байрны тайлан үзүүлэлт гарна.
БУСАД ҮЙЛ ЯВДАЛ
Путин энх тайвныг хүсэж байна.
Goldman Sachs-ийн арилжаачин ба 100 сая ам.доллар.
AI өсөлт Хятадын технологийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх вэ.
Хонг Конгийн хөрөнгийн зах зээлд IPO хийх компаниуд нэмэгдэж байгаа юу.
Тайванийн Ерөнхийлөгчийн сонгууль ба БНХАУ-ын уриалга.