Global & Domestic Weekly

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн тоо мэдээ шинжээчдийн хүлээлтээс өндөр гарч АНУ-ын хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс 0.95 хувиар унасан байна.

GLOBAL NEWS

XIAOMI КОМПАНИ TESLA-ТАЙ ӨРСӨЛДӨНӨ

БНХАУ-ын ухаалаг утас үйлдвэрлэгч Xiaomi компани цахилгаан автомашины бизнест хөл тавьж, шинээр SU7 цахилгаан автомашины загварыг худалдаанд гаргав. Тус загвар нь SU7, SU7 Pro, SU7 Max гэх гурван хувилбартай бөгөөд үнийн хувьд 29,867 ам.доллароос эхэлж байна. Харин өрсөлдөгч Tesla компанийн хамгийн хямд автомашины загварууд нь 36,519 ам.доллароос эхэлдэг билээ.  Үзүүлэлтийн хувьд нэг цэнэглэлтээр SU7 нь 700 км замыг туулах чадвартай бөгөөд ижил төстэй Tesla-н Model 3 загвартай харьцуулахад техникийн үзүүлэлтийн 90 хувь нь илүү гэж Xiaomi компанийн гүйцэтгэх захирал Лэй Жун мэдэгдсэн. Тус загвар нээлтийн үеэр хагас цагийн дотор 50,000 ширхэг захиалгыг хүлээн авчээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

АНУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ ХҮЧТЭЙ БАЙНА

Өнгөрсөн 3 дугаар сард АНУ-д шинээр 303 мянган ажлын байр бий болж шинжээчдийн таамагласан 212 мянган ажлын байрнаас давсан үзүүлэлттэй гарсан бол ажилгүйдлийн түвшин 3 дугаар сард 3.9 хувиас буурч 3.8 хувьд хүрсэн байна. Хөдөлмөрийн зах зээлийн тоо мэдээ шинжээчдийн хүлээлтээс өндөр гарсан нь 6 дугаар сард АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг 0.25 хувиар буулгах магадлалыг бууруулав. Тодруулбал CME группийн Fedwatch Tool дээрх таамаглалаар 6 дугаар сард ХНС бодлогын хүүг бууруулна гэж 3 дугаар сард 74.2 хувийн магадлалтайгаар хөрөнгө оруулагчид хүлээж байсан бол дээр дурдсан тайлан мэдээний дараа тус магадлал 48.1 хувь болж буурсан байна. Улмаар АНУ-ын хөрөнгийн зах зээлийн жишиг S&P 500 индекс өнгөрсөн долоо хоногт 0.95 хувийн уналттай арилжаалагджээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Хороо

ТЭРБУМТАН РЭЙ ДАЛИО ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛД “BULLISH” БАЙНА

БНХАУ-ын эрх баригчид эдийн засгаа сэргээхээр ажиллаж байгаа энэ үед хямд үнэлгээтэй Хятадын хувьцаанд хөрөнгө оруулах цаг болсон гэж дэлхийн хамгийн том эрсдэлийн сан болох Bridgewater Associates-ийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Рэй Далио мэдэгдлээ. Тодруулбал, Хятадын орон нутгийн засаг захиргааны өрийг бууруулж, эдийн засгийг сэргээхийн тулд эрх баригчид мөнгөний үнэмлэхүй зөөлөн бодлогыг баримтлах магадлалтай ба хоёрдогч зах зээлээс Засгийн газрын бондыг Төвбанк худалдан авах магадлалтай гэж яригдаж байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

DOMESTIC NEWS

ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭР 1,154 ИРГЭН БАЙРТАЙ БОЛОВ

2024 оны 2 дугаар сарын байдлаар Монгол Улсад 1,154 зээлдэгчид 161.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгогдож, нийт 115,627 зээлдэгчийн 7.8 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн үлдэгдэлтэй байна. Үүнээс Монголын Ипотекийн Корпораци /МИК/-аас шилжсэн зээл 51.3 хувийг бүрдүүлж, 4 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа бол банкнуудад байгаа ипотекийн зээлийн үлдэгдэл 48.7 хувийг бүрдүүлж, 3.8 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа аж. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

МОНГОЛБАНК 1.1 ТОНН МЕТАЛЛ ХУДАЛДАН АВАВ

Монголбанк 2024 оны 3 дугаар сард 1,116 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр худалдан авсан металлын хэмжээг 3.4  тоннд хүргэв. 2024 оны эхнээс өссөн дүнгээр Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс хамгийн их буюу 287.7 кг үнэт металл худалдан авсан байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

iCAPITAL INSIGHT

iCAPITAL SUMMARY

Өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд олон улсын 60 гаруй институциональ хөрөнгө оруулагчидтай HSBC банкны шинжээчид уулзсан ба тэдгээр хөрөнгө оруулагчдын БНХАУ-ын хөрөнгийн зах зээлд итгэх итгэл өмнөх 2 жилээс илүү нэмэгдсэн гэж HSBC-н тайланд дурдсан байна. Тухайлбал, өмнөх жилүүдтэй харьцуулахад Япон, Энэтхэгийн хөрөнгийн зах зээл өндөр түвшинд хүрч өссөн ба өндөр үнэлгээтэй тэдгээр зах зээлээс олон улсын сангийн менежерүүд мөнгөө шилжүүлэх боломжтой хямд үнэлгээтэй зах зээлийг Хятадын зах зээл гэж бодож байх магадлалтай. Одоогоор Японы хөрөнгийн зах зээлийн Nikkei 225 индексийн үнэ ашгийн харьцаа үзүүлэлт (P/E) 23.6, АНУ-ын хөрөнгийн зах зээлийн S&P 500 индексийнх 21.6 байгаа бол БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн CSI 300 индексийн үнэ ашгийн харьцаа үзүүлэлт 13 байгаа юм. Цаашид Хятад улсын эдийн засаг өсөж, орон нутгийн засаг захиргааны өр буурах, үл хөдлөхийн салбарыг дэмжих зэргийг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна.

WEEK AHEAD

  • Шинэ долоо хоногийн Лхагва гарагт АНУ-ын 3 дугаар сарын инфляцын тайлан ба Канадын бодлогын хүүгийн шийдвэр гарна.

  • Пүрэв гарагт АНУ-ын ХНС-ын 3 дугаар сарын хурлын тэмдэглэл болон Евро бүсийн орнуудын бодлогын хүүгийн шийдвэр зарлагдана.

  • Баасан гарагт Их Британийн ДНБ-ын өсөлтийн мэдээ гарах хуваарьтай байна.

БУСАД ҮЙЛ ЯВДАЛ

  • Paramount ба Skydance-ийн хэлцлийн эргэн тойронд.

  • АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен БНХАУ-д айлчилна.

  • Хятадын эдийн засгийн өсөлттэй үл хөдлөх салбар шууд хамааралтай.

  • АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн Джером Пауэлл юу хэлэв.

  • Trump Media компанийн хувьцаа үнэтэй байна уу.