- InvesCore Capital
- Posts
- Global & Domestic Weekly
Global & Domestic Weekly
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг өсгөлгүй хэвээр хадгалж АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүд өсөлттэй арилжаалагдав.
GLOBAL NEWS
АНУ-ЫН ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН БОДЛОГЫН ХҮҮГ ХЭВЭЭР НЬ ХАДГАЛАВ
АНУ-ын Холбооны Нөөцийн Сан энэ оны сүүлийн хурлаа хийж бодлогын хүүг 5.25-5.5 хувийн түвшинд хэвээр хадгалав. Хэвлэлийн бага хурлын үеэр “...Бид инфляц буурч байгааг харж буй бөгөөд бодлогын хүүг өндөр түвшинд удаан барих нь эдийн засагт сөрөг нөлөөтэй. Тиймээс бодлогын хүүг эргүүлэн буулгах боломжтой ч инфляцын эсрэг ялалтаа зарлахад эрт байна” гэж ХНС-ын тэргүүн Джером Пауэлл мэдэгдэв. Энэ өдөр АНУ-ын хөрөнгийн зах зээлийн DJIA индекс 1.4 хувиар, S&P 500 индекс 1.37 хувиар, Nasdaq технологийн индекс 1.38 хувиар тус тус өссөн байна. Шинжээчид ирэх он буюу 2024 онд ХНС бодлогын хүүгээ гурван удаа бууруулах магадлалтай гэж үзэж байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
ХЯТАДЫН COUNTRY GARDEN ДАМПУУРЛЫН ЭРСДЭЛЭЭС ЗАЙЛСХИЙВ
БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн өндөр борлуулалттай Country Garden компани энэ долоо хоногт төлөх юанийн бондын төлбөрийг хийх чадамжгүй болсон, дампуурах магадлалтай талаарх мэдээ гарсан. Тэгвэл тус мэдээ гарсны дараа компанийн удирдлагууд бонд эзэмшигчидтэй тохиролцож 112 сая ам.долларын бондын төлөлтийг хойшлуулсан гэдгээ мэдэгдэв. Country Garden компани бондын төлөлтийг 494 худалдааны төв ажиллуулдаг менежментийн Zhuhai Wanda Group дэх өөрийн эзэмшлийн 1.79 хувийг 428 сая ам.доллароор зарж олон улсын зах зээлд гаргасан ам.долларын бондыг төлөхөөр болжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
БНХАУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД САЙЖИРЧ БАЙНА
Өнгөрсөн 11 дүгээр сард БНХАУ-ын жижиглэн худалдааны индекс жилийн өмнөх мөн үеэс 10.1 хувиар өссөн ба энэхүү өсөлтийг шинжээчид 12.9 байна гэж таамаглаж байв. Харин аж үйлдвэрийн салбарын өсөлт жилийн өмнөх мөн үеэс 6.6 хувиар өсөж шинжээчдийн таамагласан 5.9 хувийг давж 2022 оны 2 дугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ. Дээрх үзүүлэлтээс харахад БНХАУ-ын эдийн засаг сэргэж буй дүр зурагтай байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
DOMESTIC NEWS
МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГ ХЭВЭЭР ХАДГАЛАВ
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2023 оны 12 дугаар сарын 13, 14-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв байдал, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь инфляцыг зорилтот түвшин хүртэл бууруулах макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцэж байгаа юм. Жилийн инфляц 2023 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.6 хувь, Улаанбаатар хотод 9.4 хувьтай гарав. Нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт тогтворжиж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш жилийн өмнөх түвшнээс чангарч, гадаад үнэ болон тээврийн зардлын өсөлт саарч байгаагаас гадна сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгснөөр инфляц ийнхүү буурлаа. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
МОНГОЛ УЛС ДАРААГИЙН ХОЁР ЖИЛ БОНДЫН ТӨЛӨЛТГҮЙ БАЙНА
2020-2024 онд Монгол Улсын Засгийн газар болон Хөгжлийн банк нийт 3.7 тэрбум ам.долларын бондын өрийн зохицуулалт хийсэн гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ. Улмаар Монгол Улс 2024, 2025 онд бондын төлөлтгүй болсон ба 2026 оноос хуваарьт төлбөрүүдийг хийж 2030 он гэхэд бондын бүх төлбөрийг барагдуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Монгол Улс энэ онд гадаад бондын төлбөрт 1 тэрбум гаруй ам.доллар, бондын хүүгийн төлбөрт 886.3 сая ам.долларыг зарцуулсан байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
iCAPITAL INSIGHT
iCAPITAL SUMMARY
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин олон улсын хэвлэл мэдээллийнхнийг оролцуулсан ярилцлагыг Украины дайн эхэлснээс хойш анх удаа хийлээ. Тэрээр мэдэгдэлдээ “...Бидний зорилго бол Украиныг цэрэггүйжүүлж төвийг сахисан статустай болгох ба энэхүү зорилгодоо хүртэл бид дайтсаар байх болно. Одоогоор нийт 486 мянган цэргийг татсанаас 244 мянга орчим нь Украинд үүрэг гүйцэтгэж байна. Бидэнд өөртөө итгэлтэй байх хангалттай нөөц бий. Энэ оны эцэс гэхэд л Оросын Дотоодын нийт бүтээгдэхүүн 3.5 хувиар өсөх төлөвтэй байна” гэж мэдэгдсэн нь ОХУ дайныг үргэлжлүүлэх бодолтой байгааг дүгнэж болохоор байна. Оросын хувьд хөдөлмөрийн зах зээлийн хомсдолтой байгаа хэдий ч газрын тосны орлогоос иргэд, ялангуяа Украинд үүрэг гүйцэтгэж буй цэргүүдийн ар гэрт татаас олгож байгаа нь ОХУ дайныг сунжруулах нөөцтэй гэдгийг илтгэж байна. Харин Украин улсад их хэмжээний ам.доллар, зэвсгийн дэмжлэгийг АНУ, Европын Холбооноос хүлээн авч дайны тэнцвэрийг алдалгүй хадгалж байгаа билээ. Нөгөөтээгүүр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар Трамп дахин сонгогдохыг Путин хүлээж байх талтай ба Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдвол Украинд өгч буй АНУ-ын дэмжлэг зогсож ОХУ-д дайны давуу тал шилжих магадлалтай юм.
WEEK AHEAD
Шинэ долоо хоногийн Мягмар гарагт Евро бүсийн орнуудын 11 дүгээр сарын инфляцын түвшин, Японы Төвбанкны бодлогын хүүгийн шийдвэр гарна. Харин Лхагва гарагт БНХАУ-ын нэг болон таван жилийн хугацаат бодлогын хүүгийн түвшин зарлагдана.
БУСАД ҮЙЛ ЯВДАЛ
SpaceX-ийн үнэлгээ 180 тэрбум ам.долларт ойртлоо.
Харвардын их сургуулийн багш нар улс төрийн дарамтыг эсэргүүцлээ.
Сэм Алтман хиймэл оюун ухаантай холбоотой ёс зүйн асуудлуудын талаар юу ярив.
JP Morgan-ний харилцагч ба 50 сая ам.доллар.
Крипто салбар Абу Даби руу чиглэж байна.