Global & Domestic Weekly

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын 2024 оны 2 дугаар сарын ажилгүйдлийн түвшин 3.9 хувьд хүрч, хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс 0.26 хувиар унав.

GLOBAL NEWS

NIKKEI 225 ИНДЕКС БҮХ ЦАГ ҮЕИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЭВ

1989 онд 38,915 нэгжид хүрч байсан Японы хөрөнгийн зах зээлийн Nikkei 225 индекс 2024 оны 3 дугаар сард 40,109 нэгжид хүрч бүх цаг үеийн дээд ханшийг тогтоов. Хөрөнгийн зах зээлийн энэхүү өсөлт нь 2009 оны доод түвшнээс 5 дахин нэмэгдээд байгаа бөгөөд улс төр, эдийн засгийн бодлого хөрөнгийн зах зээлийн өсөлтөд голлох нөлөөллийг үзүүлэв. Тухайлбал иений ханш ам.долларын эсрэг суларснаар Япон улс руу чиглэсэн мөнгөн урсгал нэмэгдэж экспортын орлого өссөн бөгөөд улмаар компаниудын ашигт ажиллагаа сайжирсан. Түүнчлэн Япон улсын Засгийн Газар компанийн засаглалын талаар өргөн хүрээтэй өөрчлөлтүүдийг авч хэрэгжүүлсэн бөгөөд хөрөнгийн зах зээлд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдсэн байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

АНУ-Д АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН ӨСӨВ

2024 оны 2 дугаар сард АНУ-д 275,000 мянган ажлын байр шинээр нэмэгдэж ажилгүйдлийн түвшин 3.9 хувьд хүрсэн бол шинжээчдийн таамаглалаар 2 дугаар сард 198,000 мянган ажлын байр шинээр нэмэгдэж ажилгүйдлийн түвшин 3.7 хувьтай гарах байв. Тус мэдээний дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс 0.65 хувиар, DJIA 0.18 хувиар, Nasdaq технологийн индекс 1.16 хувиар унасан бөгөөд цалингийн өсөлт буурч, ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн нь эдийн засгийг уналтад оруулахгүйгээр инфляцыг бууруулах Холбооны Нөөцийн Сангийн зорилт хэрэгжиж байгааг харуулжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

Эх сурвалж: АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Хороо

“РАМАДАН” САР ДАЙНД НӨЛӨӨЛӨХ ҮҮ

Рамадан сар гэхэд барьцааны хүмүүсийг суллаж, гал зогсоох тохиролцоо хийхийг Израиль Улс Хамас зэвсэгт бүлэглэлээс шаардаж, тохиролцоонд хүрэхгүй бол Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах дахь сүүлчийн бэхлэлт рүү цохилт өгнө гэж Израилын эрх баригчид мэдэгдлээ. Харин Хамас зэвсэгт бүлэглэлийн тэргүүлэгч Яхья Синвар хэлэхдээ “Рамадан сар нь Иерусалим дахь шашны газруудын ойролцоо мөргөлдөөнийг бий болгож, Исламын зэвсэгт бүлэглэлийг дэмжигчдийн хүч Газын зурвасаас гаднах орчинд бий болно” гэжээ. Шинжээчдийн мэдэгдэж буйгаар сүүлийн жилүүдэд Рамадан сар нь Израиль ба Палестинчуудын мөргөлдөөний гол талбар болж байгаа бөгөөд шашин хоорондын бүлэглэлүүдийн тэмцэл баярын үеэр хүчээ авч, хүчирхийлэл газар сайгүй гардаг болжээ. Одоогоор Газын зурвас дахь Израилын довтолгооны улмаас 30,000 гаруй Палестин оршин суугч амиа алдсан бөгөөд дайнтай холбоотойгоор цөөхөн Палестин гэр бүл баярын уур амьсгалтай байгаа аж. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

DOMESTIC NEWS

2024 ОНД МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ ЭЕРЭГ БАЙНА

2024 оны эхний хоёр сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нийт барааны эргэлт 3.8 тэрбум ам.долларт хүрч жилийн өмнөх мөн үеэс 11.5 хувиар өссөн байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 2.2 тэрбум ам.доллар нь экспортоос, 1.6 тэрбум ам.доллар нь импортоос бүрдэж буй бөгөөд экспортын дүн импортын дүнгээс 644.4 сая ам.доллароор давж гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан аж. Тус хугацаанд Монгол Улсын нийт экспортын 59.6 хувь буюу хамгийн өндөр хувийг Чулуун нүүрс эзэлж байгаа бол 19.9 хувийг Зэсийг хүдэр, баяжмал эзэлж байна. Харин нийт импортын хамгийн өндөр буюу 22.9 хувийг нефтийн бүтээгдэхүүн бүрдүүлж байгаа юм. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

МОНГОЛБАНК 2024 ОНД 2.3 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВАВ

Монголбанк 2024 оны 2 дугаар сард 1,281 кг үнэт металл худалдан авч, 1 дүгээр сарыг оруулаад өссөн дүнгээр энэ онд 2.3  тонн үнэт металл худалдан аваад байна. Үүнээс хамгийн өндөр буюу Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 75.8 кг үнэт металл худалдан авчээ.  Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд 2024 оны 2 дугаар сард алт худалдан авах дундаж ханш 220,507.4 төгрөг байжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

iCAPITAL INSIGHT

iCAPITAL SUMMARY

2020 онд цар тахлаас шалтгаалж АНУ-ын автомашины салбарын тэргүүлэгчид болох Ford Motor, General Motors компаниуд улирал бүр ногдол ашиг тараахаа зогсоосон. Харин тус компаниуд ногдол ашгийн бодлогоо дахин шинэчилж, 2024 оноос улирал бүр тогтвортой ногдол ашиг тараах шийдвэрийг хөрөнгө оруулагчдад компанийн удирдлагууд танилцуулж байна. Тухайлбал 2023 онд АНУ-ыг автомашины борлуулалтаар тэргүүлэгч General Motors (NYSE:GM) компани улирал бүр 9 цент, жилд 36 центийн ногдол ашиг тараах шийдвэрийг гаргаж, компанийн хувьцааны ханш өсөв. Мөн тус компанийн удирдлагуудын мэдэгдэж байгаагаар зах зээлээс 5 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий хувьцааг эргүүлэн худалдан авах шийдвэр гарсан байна. Энэ талаар General Motors компанийн Гүйцэтгэх захирал Мэри Барра “...2025 оныг хүртэл компанийн өсөлтөд бид 35 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг төсөвлөсөн бөгөөд хөрөнгө оруулалтын ихэнх хувь компанийн цахилгаан автомашины төслүүдийг хурдацтай тэлэх, дотоодын батарей үйлдвэрлэлийн дэд бүтцийг бий болгоход зарцуулагдана. Мөн өсөлтийн төлөвлөгөөг гаргаснаар бид компанийн алсын харааг тодотгож, хувьцаа эзэмшигчдэд тогтвортой ногдол ашиг тараах боломжтой болсон гэжээ.” Компани ногдол ашиг тогтвортой олгохоо мэдэгдсэнээр ирэх жилүүдэд компанийн мөнгөн урсгал тогтвортой байх хүлээлтийг хөрөнгө оруулагчдад өгч, эргээд хувьцааны ханш болон компанийн удирдлагуудад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгддэг байна.

WEEK AHEAD

Шинэ долоо хоногийн Даваа гарагт Япон улсын 2023 оны 4 дүгээр улирлын Дотоодын Нийт Бүтээгдэхүүний тоо мэдээ гарах бол Мягмар гарагт АНУ-ын 2024 оны 2 дугаар сарын инфляцын түвшин гарах хуваарьтай байна.

БУСАД ҮЙЛ ЯВДАЛ

  • Европын Төвбанк бодлогын хүүг бууруулна.

  • Египет бодлогын хүүгээ 600 суурь нэгжээр нэмэгдүүлэв.

  • Пассив орлого ба Америк.

  • БНХАУ-ын инфляц 2 дугаар сард жилийн өмнөх мөн үеэс 0.7 хувиар өсөв.

  • Усан тээвэрлэлтийн хоёр суваг ба тэдгээрт тулгамдаж буй хоёр асуудал.