Global & Domestic Weekly

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Хувийн хэрэглээний зардлын индекс (PCE) шинжээчдийн таамаглалаас бага өсөлттэй гарч S&P 500 индекс 2 дэх долоо хоногтоо дараалан өсөв.

GLOBAL NEWS

NVIDIA КОМПАНИЙН ТАЙЛАН ӨСӨЛТТЭЙ ГАРАВ

2023 оны 4 дүгээр улиралд АНУ-ын технологийн NVIDIA компани 22.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж борлуулалт жилийн өмнөх мөн үеэс 265 хувиар, цэвэр ашиг 769 хувиар өссөн дүнтэй гарав. Тус өсөлтөд нөлөөлсөн голлох салбар нь Nvidia компанийн хиймэл оюун ухааны H100 график картуудыг үйлдвэрлэдэг Дата төвийн бизнес бөгөөд 2023 оны 4 дүгээр улиралд тус салбар 18.4 тэрбум ам.долларын борлуулалт хийж жилийн өмнөх мөн үеэс 409 хувийн өсөлтийг бий болгожээ. Тайлангийн хурлын үеэр компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан мэдэгдэхдээ “...2025 он болон түүнээс цааших хугацаанд компанийн үйл ажиллагаа үргэлжлүүлэн өсөх төлөвтэй байна гэжээ”. Одоогоор Nvidia компанийн үйлдвэрлэсэн чипийг Microsoft, Meta компаниуд хиймэл оюун ухааны төслүүддээ амжилттай ашиглаж байна. Мөн тайлангийн хурлын дараа Nvidia компанийн хувьцааны ханш 16 хувиар өсөж бүх цаг үеийн хамгийн дээд ханшийн түвшинд хүрээд байгаа юм.  (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

БНХАУ-ЫН ТӨВБАНК БОДЛОГЫН ХҮҮГ БУУРУУЛАВ

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт БНХАУ-ын Төвбанк 5 жилийн хугацаат зээлийн жишиг хүүг 4.2 хувиас 3.95 хувьд хүртэл бууруулсан бол шинжээчид 4.1 хувь хүргэнэ гэж таамаглаж байв. БНХАУ-д 5 жилийн хугацаат зээлийн хүү нь ипотекийн зээлийн жишиг хүү болдог бөгөөд эрх баригчид бодлогын хүүг шинжээчдийн таамагласнаас илүүтээгээр бууруулсан нь банкны зээл олголтыг нэмэгдүүлэх замаар эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг нэмэгдүүлж улмаар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх зорилготой байна. Энэхүү мэдээтэй холбоотойгоор Хонг Конгийн хөрөнгийн зах зээлийн Hang Seng индекс өнгөрсөн долоо хоногт 2.24 хувиар өсжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

ӨМНӨД СОЛОНГОС УЛС ДАРААГИЙН ЯПОН БОЛОХ УУ

Өнгөрсөн сард Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Юн Сук Ёол хөрөнгийн зах зээлээ дэмжих талаар мэдэгдэл хийж, Солонгосын хөрөнгийн зах зээлийг хөрөнгө оруулагчид дараагийн Япон байх магадлалтай гэж үзлээ. Японы хөрөнгийн зах зээлийн Nikkei жишиг индекс нь 2024 онд өсөлтөө үргэлжлүүлж 1989 оноос хойших хамгийн өндөр түвшинд арилжаалагдаж байгаа билээ. Японоос ялгаатай нь Өмнөд Солонгос улсын томоохон компаниудад өв залгамжлалын татвар өндөр байдаг бөгөөд үүнтэй холбогдуулан компаниуд өөрсдийн зах зээлийн үнэлгээг зохиомлоор бага түвшинд барьдаг. Харин эрх баригчдын шинээр баримтлах бодлого нь хуучин хязгаарлалтыг халж чинээлэг гэр бүлүүдийн улс төрд нөлөөлөх нөлөөллийг бууруулах зорилготой бөгөөд цаашид компаниудын зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм.  (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

DOMESTIC NEWS

АРД КРЕДИТ ББСБ ХК ХУВЬЦАА НЭМЖ ГАРГАВ

Ард Кредит ББСБ ХК-ийн олон нийтэд санал болгон нэмж гаргасан нэг бүр нь 106 төгрөгийн үнэтэй, нийт 8,9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 84,000,000 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг дуустал Монголын хөрөнгийн бирж ХК хүлээн авч арилжааг амжилттай зохион байгуулсан байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

МОНГОЛ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШИГ ӨСӨВ

Компанийн тухай хуульд зааснаар санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь ногдол ашиг хуваарилах эсэх талаар шийдвэрлэж, энэ тухай хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэх үүрэгтэй байдаг. 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид нийт 90 хувьцаат компани ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрээ ирүүлсэн бөгөөд үүнээс нэр бүхий 40 хувьцаат компани 2023 оны цэвэр ашгаас нийт 799.22 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэрийг гаргасан байна. Энэ нь өмнөх оны ногдол ашгийн дүнгээс 22.35 хувиар давжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

iCAPITAL INSIGHT

iCAPITAL SUMMARY

АНУ-д эдийн засгийг хямраахгүйгээр инфляцыг бууруулах буюу мөнгөний бодлого тодорхойлогчдын нэрлэдгээр зөөлөн газардалт болох магадлал өндөр байгаа бөгөөд Холбооны Нөөцийн Сангийн дараагийн алхам бодлогын хүүг бууруулах гэж АНУ-ын ХНС-ын дэд тэргүүн Филип Жефферсон мэдэгдэв. Мөн түүний мэдэгдэлд ХНС бодлогын хүүгийн шийдвэрийг гаргахдаа инфляцыг зорилтот 2 хувийн түвшинд ойртож байгаа эсэхийг харгалзаж үзэх ба ажилгүйдлийн түвшин, нээлттэй ажлын байрны тоон үзүүлэлтүүд бага байгаа нь инфляцыг эргүүлэн өсгөх магадлалтайг харуулсан байна. Сүүлийн саруудын ХНС-ын гишүүдийн мэдэгдэлд бодлогын хүүг оргил түвшиндээ хүрснийг зөвшөөрсөн ч, бодлогын хүүгийн шийдвэрийг инфляцын мэдээг харж байж шийднэ гэх хандлага голчлон давамгайлж байна. Харин хөрөнгө оруулагчдын үзэж байгаагаар 2024 оны  6 дугаар сард ХНС хуралдаж бодлогын хүүг 0.25 хувиар бууруулах магадлалтай гэж хүлээж байгаа юм.

WEEK AHEAD

Шинэ долоо хоногийн Лхагва гарагт АНУ-ын 2023 оны 4 дүгээр улирлын Дотоодын Нийт Бүтээгдэхүүний тайлан мэдээ гарах бол Пүрэв гарагт БНХАУ-ын 2 дугаар сарын Manufacturing PMI индекс гарах хуваарьтай байна.

БУСАД ҮЙЛ ЯВДАЛ

  • Уоррен Баффет жил бүр хөрөнгө оруулагчдадаа зориулан бичдэг захидлаа гаргав.   

  • NVIDIA компанийн эргэн тойронд.

  • 2024 онд Lotus Tech компани Хятадын 60 хотод автомат жолоодлоготой автомашинуудыг худалдаанд гаргахаар боллоо.

  • АНУ ба Украин.

  • Ойрхи Дорнодын нөхцөл байдал.