- InvesCore Capital
- Posts
- Global & Domestic Weekly
Global & Domestic Weekly
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Засгийн Газрын 10 жилийн хугацаат бондын өгөөж унаж хөрөнгийн зах зээлийн индексүүд өсөлттэй арилжаалагдав.
GLOBAL NEWS
АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БОНД
2022 оны 3 дугаар сараас эхлэн АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг нэмэгдүүлж үр дүнд нь АНУ-ын Засгийн Газрын бондын өгөөж сүүлийн 16 жилийн оргил түвшинд хүрсэн билээ. Харин 2023 оны 11 дүгээр сараас хойш ЗГ-ын 10 жилийн хугацаат бондын өгөөж 4.3 хувийн түвшинд хүрч 0.738 хувиар унасан ба ХНС бодлогын хүүг цаашид нэмэгдүүлэлгүй 2024 оны 6 дугаар сараас эхлэн бууруулах магадлалтай гэж хөрөнгө оруулагчид таамагласан. Өнгөрсөн долоо хоногт 1991 оноос хойших долоо хоног тутмын хамгийн өндөр бондын худалдан авалттай үе гэж JPMorgan-ны шинжээчид мэдэгдсэн. Нөгөөтээгүүр ЗГ-ын бонд зарж байсан хөрөнгө оруулагчид эргүүлэн худалдан авч буй нь энэхүү үр дүн гарахад нөлөөлсөн ба тэдгээр хөрөнгө оруулагчдын дунд тэрбумтан хөрөнгө оруулагч Билл Акман байгаа юм. “...Бодлогын хүүг 2024 оны нэгдүгээр улирлаас эхлэн Холбооны Нөөцийн Сан хурдацтай буулгаж эхэлнэ. Магадгүй эдийн засаг уналттай байх боломжтой бөгөөд хямд байгаа бонд худалдан авч багцын өгөөж эрсдэлийг тэнцвэржүүлэх шаардлагатай” гэж Билл Акман мэдэгдээд байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
ЕВРО БҮСИЙН ИНФЛЯЦ
Арван нэгдүгээр сард Евро бүсийн инфляцыг жилийн өмнөх үеэс 2.7 хувиар өснө гэж шинжээчид таамагласан бол инфляц өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өссөн байна. Европт эрчим хүчний бараа бүтээгдэхүүний үнэ 11.5 хувиар буурсан нь инфляц буурахад голлох нөлөөллийг үзүүлсэн ч эсрэгээрээ архи, тамхи, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ 6.9 хувиар өсөж бусад бараа бүтээгдэхүүнийг өсөлтөөрөө тэргүүлжээ. Евро бүсийн инфляц 2022 оны 10 дугаар сард 10.6 хувийн түвшинд хүрсэн бөгөөд инфляцыг бууруулахын тулд Европын Төвбанк бодлогын хүүг тэгээс 4.5 хувьд хүртэл нэмэгдүүлж үр дүнд нь инфляц буураад байна. Цаашид Европын Төвбанкны зорьж буй инфляцын зорилтот 2 хувийн түвшинд хүрэхэд цалингийн өсөлт болон эрчим хүчний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх нь чухал байгаа юм. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
Эх сурвалж: Eurostat
DELL КОМПАНИЙН ТАЙЛАН ГАРАВ
DELL компанийн 2023 оны 3 дугаар улирлын борлуулалтын орлого 22.3 тэрбум ам.долларт хүрж, 1.01 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллав. Компанийн борлуулалтын орлого жилийн өмнөх мөн үеэс 10 хувийн бууралттай байгаа бол цэвэр ашиг нь 22.3 хувийн бууралттай байна. Тайлангийн мэдээ гарсны дараа хувьцааг 82 ам.долларт хүрч 8 хувиар өснө гэж Bank of America компанийн шинжээч Вамси Мохан мэдэгдсэн бол бусад шинжээчдийн зорилтот ханшийн дундаж таамаглал 79.8 ам.доллартой байна. Орлогын талаас илүү хувийг бүрдүүлдэг компьютер худалдааны сегментийн борлуулалт жилийн өмнөх мөн үеэс 11 хувиар буурсан нь компанийн борлуулалтын орлого буурахад голчлон нөлөөлсөн бөгөөд тайлангийн хурлын үеэр компанийн удирдлагууд 2024 онд тус сегментийн сэргэнэ гэж мэдэгдэв. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
DOMESTIC NEWS
НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа. Төсөлд нийслэлийн төсвийн орлогыг 2.6 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн бөгөөд энэ нь 2023 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 652.8 тэрбум төгрөгөөр буюу 33.5 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 29.9 хувиар өссөн дүнтэй байна. Төсвийн төслийн тооцоогоор 2024 онд нийслэлийн төсвийн орлогын 93.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийг татварын орлогоор, үлдсэн 6.9 хувь буюу 180.4 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр төлөвлөсөн. Харин Нийслэлийн 2024 оны төсвийн төсөлд нийт зарлагын 46.3 хувь буюу 1.1 их наяд төгрөгийг урсгал зардалд, 40.3 хувь буюу 964.8 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардалд, 3.6 хувь буюу 85.2 тэрбум төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд, 0.3 хувь буюу 7.5 тэрбум төгрөгийг хоёр дүүргийн санхүүгийн дэмжлэгт, 9.5 хувь буюу 230.3 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨДӨРЛӨГ
Монголын хөрөнгийн бирж ХК 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын Шанхайн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн албан айлчлалын үеэр талууд энэхүү санамж бичгийг үзэглэсэн бөгөөд хоёр улсын зах зээлийг харилцан сурталчлах, зах зээлийг холбосон бүтээгдэхүүн нэвтрүүлэх, туршлага мэдээлэл солилцох зорилгыг агуулсан юм. Тэгвэл 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Шанхайд төвтэй хөрөнгө оруулалтын сан, зах зээлийн оролцогчдыг хамруулсан Mongolian capital markets day 2023 өдөрлөгийг Монголын хөрөнгийн бирж ХК, Шанхайн хөрөнгийн бирж хамтран тус хотод амжилттай зохион байгуулсан байна. Өдөрлөгийн үеэр “...Монголын хөрөнгийн зах зээлд ихээхэн дэвшил, ололт амжилт гарсан. Тухайлбал, банкны шинэчлэлийн хүрээнд Монголын ТОП-5 банк МХБ-д бүртгэлтэй болж, зах зээлийн үнэлгээ гурав дахин өссөн. Түүнчлэн Монголын хөрөнгийн бирж олон бүтээгдэхүүн шинээр нэвтрүүлж, түүхэн дээд амжилтуудаа шинэчиллээ” гэж Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай мэдэгдсэн байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
iCAPITAL INSIGHT
iCAPITAL SUMMARY
Өнгөрсөн долоо хоногийн дугаараар ногдол ашгийн гарвал үүслийн талаар тайлбарласан бол энэ удаагийн дугаараар хөрөнгө оруулалтын тохиромжтой стратегийн талаар тайлбарлая. Хувьцаагаа олон нийтэд санал болгох замаар компаниуд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт бий болгодог. Нэг ёсондоо та тус компанийн хувьцааг эзэмшсэнээр тухайн компанийн эзэн болж буй бөгөөд компанийн цэвэр ашгаас ногдол ашиг хүртэх боломжтой болдог. Харин ногдол ашгийг хөрөнгө оруулагчдыг татах, хамгаалах гол арга хэрэгсэл болгон хөрөнгийн зах зээлийн компаниуд ашиглаж байна. Тиймээс мэргэжлийн бус хөрөнгө оруулагчдад ногдол ашгийн ETF-ээр дамжуулан дэлхийн шилдэг ногдол ашиг өгдөг бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийхийг орчин үеийн хөрөнгө оруулалтын загалмайлсан эцэг гэгддэг Warren Buffet зөвлөсөн байдаг. Ногдол ашиг өгдөг бизнес нь мэргэжлийн болон мэргэжлийн бус хөрөнгө оруулагчдад хөрөнгийн зах зээлээс урт хугацаанд өндөр өгөөж хүртэх боломжтойг Warren Buffet-ийн зөвлөгөө харуулж байгаа бөгөөд Buy and Hold зарчмаар урт хугацаанд хөрөнгө оруулбал илүү үр ашигтай байдаг аж.
WEEK AHEAD
Шинэ долоо хоногийн даваа гарагт S&P Global Services PMI үзүүлэлт гарах бол Баасан гарагт Япон улсын 3 дугаар улирлын Дотоодын нийт бүтээгдэхүүн ба АНУ-ын 11 дүгээр сард шинээр бий болсон ажлын байрны тоон үзүүлэлтүүд гарах хуваарьтай байна.
БУСАД ҮЙЛ ЯВДАЛ
Шоколадны үнэ нэмэгдэж байна.
Израил дайны дараа ХАМАС бүлэглэлийн удирдагчдыг устгах уу.
АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн бодлогын хүүгийн өсөлт зогссон уу.
Mallinckrodt Medicaid ба торгууль.