- InvesCore Capital
- Posts
- Global & Domestic Weekly
Global & Domestic Weekly
Хятад улсын эдийн засаг сэргэлтийн шатандаа явж байгаа ч дотоодын хэрэглээ сул, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт ёроолдоо хүрэх болоогүй байна.
GLOBAL NEWS
Хятад: Макро эдийн засгийн төлөв байдал ба бодлого
Хятад улсын эдийн засаг 2024 онд сэргэлтийн шатандаа явж байгаа ч дотоодын хэрэглээ сул, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт ёроолдоо хүрэх болоогүй байна. Пүрэв гарагт Бээжин хотноо Хятадын Эдийн Засгийн Ажиллагааны хурал боллоо. Тус хурлаар Хятад улс төсвийн алдагдлыг анх удаа 3%-с дээш буюу ойролцоогоор 4-4.5% болгож өсгөх таамгийг баталлаа. Энэ алдагдлаа урт хугацаатай тусгай бонд босгох замаар нөхөх бөгөөд үүгээрээ "хоёр шинэ" ба "хоёр чухал" төслүүдийг дэмжихээ мэдэгдсэн байна.
Стимуляци буюу эдийн засгийг сэргээх бодлого баримтлах талаар мөн мэдэгдсэн ба энэхүү бодлогыг шууд зах зээлд мөнгө тараах, иргэдэд бэлэн мөнгө өгөх биш худалдан авалтуудаа эрчимжүүлэх, цалин, тэтгэврийг өсгөх, зээлийн хүү бууруулах байдлаар дундаж давхаргыг дэмжих юм байна.
Мөн түүнчлэн, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, бохирдлыг арилгах, ногоон өсөлтийг дэмжихээс гадна дотоодын нүүрсний олборлолтоо эрчимжүүлэх бодлого баримталж эхэлсэн нь Монголын нүүрсний экспортод нөлөөлөх эрсдэл байж болох талтай. Цаашилбал дэлхийн зах зээлийн эрэлт буурах нүүрсний үнэ унах ч эрсдэл бий болох боломжтой. Экспортын салбарт АНУ болон Европын холбоотой худалдааны маргаан үргэлжилж байгаа ч Азийн бүс нутгийн орнуудтай харилцаагаа бэхжүүлэх стратеги баримталж байна.
Япон: Хөрөнгийн зах зээлийн онцлох үйл явдал
Өнгөрсөн 7 хоногт Nikkei 225 ба TOPIX индексүүд бага зэрэг өсөлттэй гарсан байна. 12-р сарын 9-нд Nikkei индекс 0.18%-аар өсөж 39,160.50-д хүрсэн бол TOPIX индекс 0.27%-аар өсөж 2,734.56 болжээ. Энэхүү өсөлтөд гуравдугаар улирлын ДНБ-ий өсөлт нөлөөлсөн бөгөөд мөн хөрөнгө оруулалт, экспорт нэмэгдсэнтэй холбоотой юм.
SoftBank Group болон Uniqlo-г эзэмшигч Fast Retailing компанийн хувьцаа 2%-иар өссөн бол Rakuten Group хувьцаа эзэмшигчдэдээ хөнгөлөлттэй хөтөлбөрөө зарласнаар хувьцааны үнэлгээ нь 6.7%-аар өссөн байна.
АНУ: Макро эдийн засгийн төлөв байдал ба бодлог
АНУ-ын эдийн засаг инфляцын дарамт, Холбооны Нөөцийн Сан (Federal Reserve)-гийн бодлогын хүүгийн хурал ирэх долоо хоногийн 12 сарын 17-18-ны өдрүүдэд болох бөгөөд энэ хурлаар бодлогын хүүг 0.25%-р бууруулах магадлал өндөртэй байна гэж шинжээчид таамаглаж байна.
АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Доналд Трамп 2025 оны 1 сарын 20-ны өдөр тангаргаа өргөх бөгөөд эхний авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд дунд нь Хятад болон бусад улсын импортын тарифыг нэмэгдүүлэх ажил байх юм. Энэ нь Трампын засаглалын хугацаанд дахин худалдааны дайн илүү өргөн хүрээтэй бий болох эрсдэлийг нэмэгдүүлээд байна.
Хятад улс Трампын засаглалын хугацаанд туулсан туршлагадаа үндэслэн хариу арга хэмжээнүүдээ бэлдчихсэн байсан бөгөөд бүтээгдэхүүн бүрд зөрүүлэн тариф нэмэх бус арай өөр байдлаар хариу арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Тодруулбал, АНУ-ын Хятад улсаас авах худалдан авалтын хэмжээ Хятад АНУ-с авдгаас ихээхэн давамгай байдаг. Тэр тусмаа АНУ-нь технологид ашиглагддаг чухал эрдэс минералуудыг Хятадаас их хэмжээгээр импортолдог учраас энэ импортыг зогсоох, нисгэгчгүй нисэх онгоцнуудын түүхий эдийн нийлүүлэлтийг зогсоох, мөн технологийн аваргуудын нэг болох Nvidia компанийг Израйлийн харилцаа холбооны компанийг худалдан авах үедээ 2020 онд Бээжинтэй байгуулсан нөхцөлтэй олгосон зөвшөөрлөө зөрчсөн гэж үзэн шалгалт оруулсан байна. Мөн тэрбум ам.доллароор яригдах хэмжээний торгууль ч тогтоож болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Энэ нь Хятад улс АНУ-ын тарифын эсрэг тарифын бус бодлого баримтлах гэж байгааг харуулж байна.
DOMESTIC NEWS
2024 оны 10-р сарын байдлаар МУ-ын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд
Эдийн засгийн өсөлт 2024 оны эхний 3 улирлын байдлаар 5.0 хувь байна. Худалдаа, үйлчилгээний салбарын идэвхжил нэмэгдэж, татварын орлого сайн байсан нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж байна. Харин боловсруулах болон барилгын салбарын өсөлт саарч, хөдөө аж ахуйн салбарын уналт өсөлтийг хязгаарлав.
9-р сартай харьцуулахад
ГВАН-37 сая ам.доллароор өссөн
Инфляци – 0.3%-р өссөн
ДНБ – өмнөх улирлаас 0.6%-р буурсан
Экспорт – 1.4 тэрбум ам.доллароор өссөн
Импорт – 1 тэрбум ам.доллароор өссөн
Идэвхтэй ажил эрхэлж буй хүмүүсийн тоо – 100 мянгаар өссөн
Өрхийн бодит орлого – 17.3%-с 10% болж буурсан байна.
Нүүрсний экспорт 2024 эхний 10 сард 68.5 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 26.0 хувиар өслөө. Гашуунсухайт боомтоор 33.0 сая тонн, Шивээхүрэн боомтоор 20.4 сая тонн, Ханги боомтоор 1.8 сая тонн, бусад боомтуудаар 13.3 сая тонн нүүрс тус тус экспортолсон байна.
Зэсийн баяжмалын экспорт 2024 эхний 10 сард 1,358 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өслөө. Гашуунсухайт (Оюу Толгой) боомтоор 843 мянган тонн, Замын-Үүд (Эрдэнэт) боомтоор 515 мянган тонн зэсийн баяжмал тус тус экспортолсон байна.
Төмрийн хүдрийн экспорт 2024 эхний 10 сард 6,078 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 28.6 хувиар өслөө. Замын-Үүд боомтоор 5,526 мянган тонн, Бургастай боомтоор 490 мянган тонн, бусад боомтуудаар 62 мянган тонн төмрийн хүдэр тус тус экспортолсон байна.
Газрын тосны экспорт 2024 оны эхний 10 сард 3,418 мянган баррельд хүрч, өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар буурлаа. Баянхошуу боомтоор 3,136 мянган баррель, Замын-Үүд боомтоор 282 мянган баррель газрын тос тус тус экспортолсон байна.
Сингапурын бирж (SGX) дэх Австралийн сайн чанарын коксжих нүүрсний 2024 оны 10 дугаар сарын дундаж үнэ 210 ам.долларт хүрч, өмнөх сараас 14 хувиар өссөн хэдий ч өмнөх оны мөн үеэс 41 хувиар буурсан байна
Лондоны металлын бирж (LME) дэх цэвэр зэсийн үнэ 2024 оны 10 дугаар сарын дунджаар 9,539 ам.доллар хүрч, өмнөх сараас 3 хувиар, өмнөх оны мөн үеэс 20 хувиар өссөн байна.
Зүүн хойд Хятад дахь төмрийн баяжмалын 2024 оны 10 дугаар сарын дундаж үнэ 105 ам.долларт хүрч, өмнөх сараас 12 хувиар өссөн хэдий ч өмнөх оны мөн үеэс 12 хувиар буурсан байна.
Брент газрын тосны 2024 оны 10 дугаар сарын дундаж үнэ 75 ам.долларт хүрч өмнөх сараас 4 хувиар өссөн хэдий ч өмнөх оны мөн үеэс 7 хувиар буурлаа.
2024 оны 10 дугаар сарын байдлаар 2023 оны 9 дугаар сараас хойш нийт 2.7 сая тонн төмрийн хүдэр арилжиж, 197.5 сая ам.долларын орлого олжээ Үүнээс 2024 оны эхний 10 сард 2.0 сая тонн төмрийг арилжаалж, 140.6 сая ам.долларын орлого олжээ.
Төмрийн хүдэр болон баяжмалын 10 дугаар сарын дуудах дундаж үнэ 66 ам.доллар, хэлцлийн дундаж үнэ 69 ам.доллар болж өсөв. Төмрийн төрлөөс хамааран 10 дугаар сард хэлцлийн доод үнэ 64 ам.доллар, дээд үнэ 85 ам.долларт хүрэв.
2024 оны 10 дугаар сарын байдлаар 2023 оноос хойш нийт 34.8 сая тонн нүүрс арилжиж, 4.4 тэрбум ам.долларын орлого олжээ. Үүнээс 2024 оны эхний 10 дугаар 19.9 сая тонн нүүрс арилжиж, 2.3 тэрбум ам.долларын орлого олжээ. Харин 2024 оны 10 дугаар сард 2.1 сая тонн нүүрс борлууллаа.
2024 оны 10 дугаар сард нүүрсний дуудах дундаж үнэ 119 ам.доллар, хэлцлийн дундаж үнэ 123 ам.доллар байв. Нүүрсний төрлөөс хамааран 10 дугаар сард хэлцлийн доод үнэ 27 ам.доллар, дээд үнэ 167 ам.долларт хүрэв.