Global & Domestic Weekly

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс өсөлттэй хаагдаж 7 долоо хоног дараалсан өсөлтөө үргэлжлүүлэв.

GLOBAL NEWS

ЯПОНЫ БОДЛОГЫН ХҮҮ ТЭГЭЭС БАГА ТҮВШИНД ХЭВЭЭР ҮЛДЛЭЭ.

Өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгийн түвшнийг Японы Төв банк -0.1 хувийн түвшинд хэвээр үлдээж иен ам.долларын эсрэг сулрав. Төв банкны хурлаар бодлогын хүүг нэмэгдүүлэх талаар Төв банкны тэргүүн тодорхой зүйл дурдаагүй ч 2024 оны 1 дүгээр улиралд Төв банк бодлогын хүүг өсгөж 0-ээс 1 хувийн түвшинд хүргэнэ гэж шинжээчид таамаглаж байна. 10 дугаар сард болсон Төвбанкны хурлаар Японы Засгийн газрын 10 жилийн хугацаат бондын өгөөжийг 1 хувийн түвшинд барихыг тохиромжтой гэж үзсэн бөгөөд энэ удаагийн хурлаар мөн адил өөрчлөлгүй хэвээр үлдээлээ. Бодлогын хүүгийн хурлаар “...Японы суурь инфляц Төвбанкны зорилтот 2 хувийн түвшинд хүрэхэд ойртсон бөгөөд дараа жил ажилчдын цалин нэмэгдэж хэрэглээ өсөх хүлээлттэй байгаа нь инфляц зорилтод түвшинд хүрэх магадлалтайг илтгэнэ гэж” Төвбанкны тэргүүн Уэда мэдэгдсэн байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

Эх сурвалж: Bank of Japan

ХЯТАДЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ.

БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн хэтийн төлөвийн талаарх судалгааг АНУ-ын хөрөнгө оруулалтын Bofa Securities компани хийсэн ба уг судалгаанд нийт 691 тэрбум ам.долларын хөрөнгийг удирдаж буй 254 сангийн менежер хамрагдсан байна. Хятадын хөрөнгийн зах зээл урт хугацаанд уналттай байна гэж судалгаанд оролцогчдын 74 хувь санал өгсөн бол ирэх 12 сарын хугацаанд хөрөнгийн зах зээл хүчтэй өснө гэж 19 хувь нь санал өгсөн байна. Энэ онд Хонг Конгийн хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй 82 хувьцааг багтаасан Hang Seng индекс 16 хувиар унаад байгаа бол Хятадын Шанхай, Шенженийн хөрөнгийн биржийн 300 шилдэг компанийг багтаасан CSI 300 индекс 15 хувиар унаад байна. Хятадын үл хөдлөх салбарын хямралыг хөрөнгө оруулагчид АНУ-ийн 2008 оны үл хөдлөхийн хямралтай зүйрлэж байгаа нь хөрөнгийн зах зээлд итгэх итгэлийг бууруулж байна. Нөгөөтээгүүр, үл хөдлөхийн салбарын хямрал арилжааны банкнуудад нөлөөлж улмаар эдийн засгийн өсөлт саарч байгаа аж. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

UBS БАНК 2024 ОНЫ ТААМАГЛАЛАА ГАРГАВ.

2024 онд АНУ, Европын эдийн засгийн өсөлт удааширч иргэдийн худалдан авах чадвар  буурах магадлалтай бол эсрэгээрээ БНХАУ-ын эдийн засаг удаан болов ч “Өндөр чанартай хөгжил” бодлогын зорилт руу шилжинэ гэж UBS банкны шинжээчид ирэх оны таамаглалдаа дурджээ. Харин 2024 онд дэлхийн эдийн засаг ба геополитикийн орчин тодорхой бус байна гэж UBS шинжээчид үзсэн бөгөөд хөрөнгө оруулагчдыг өндөр зах зээлийн үнэлгээтэй борлуулалтын орлогын тогтвортой өсөлттэй компаниуд болон технологийн салбарын хувьцаанууд худалдан авахыг зохимжтой гэжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

DOMESTIC NEWS

МОНОС ХҮНС ХК-ИЙН НОГДОЛ АШИГ ТАРААГДСАН БАЙНА.

2022 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2.4 төгрөг (татвар хасаагүй дүн) тооцон ногдол ашиг тараах шийдвэрийг Монос хүнс ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 30 тоот тогтоолоор шийдвэрлэж байсан. Тогтоолд заасан ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар компани шилжүүлсэн байна. Тус ногдол ашгийг бүртгэлийн өдрөөр зарлагдсан 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөр эзэмшиж байсан хөрөнгө оруулагчид хүртэх эрхтэй байна. Ногдол ашгийн өгөөжийг тооцвол 2.5 хувийн ногдол ашгийн өгөөжтэй байна.(Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

ГОЛЧ ЦАЛИН, ДУНДАЖ ЦАЛИН МОНГОЛ УЛСАД ӨСӨВ.

2023 оны 3 дугаар улирлын байдлаар 50.4 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 768 мянган ажилтан нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Нийт ажилтны хамгийн өндөр буюу 14.9 хувь нь боловсролын салбарын ажилтнууд байгаа бол 14.6 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, 10.1 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарын ажилчид байгаа юм. Эдгээр нийгмийн даатгал төлсөн ажилчдын сарын медиан буюу голч цалин 1.6 сая төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 399 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 121.2 мянган төгрөгөөр өссөн дүн юм. Харин дундаж цалин хоёр сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 436.1 мянган төгрөгөөр өслөө. Ажилтнуудын сарын дундаж нэрлэсэн цалин нь 2015 оноос 2.5 дахин нэмэгдсэн боловч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс нь ердөө 44 хувиар өссөн аж. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

iCAPITAL INSIGHT

iCAPITAL SUMMARY

2024 онд технологийн салбарын өсөлт үзүүлэх, онцлох компаниудын хувьцааг Уолл Стритийн шинжээчид нэрлэжээ. 2022 онд АНУ-ын Төв банк бодлогын хүүг нэмэгдүүлж эхэлснээр технологийн салбарын өсөлттэй ангиллын хувьцаанууд унасан. Харин 2023 онд инфляц буурч, 12 дугаар сард болсон Төв банкны хурлаар бодлогын хүүг дараа онд бууруулах талаар Джером Пауэлл мэдэгдсэнээр технологийн салбарын хувьцаанууд өсөж байна. Энэ онд Nvidia, Meta зэрэг “Гайхамшигт долоон компани” гэж нэрлэгддэг зах зээлийн өндөр үнэлгээтэй технологийн компаниудын өсөлт Nasdaq Composite индексийн өсөлтийг 42 хувьд хүргэсэн. Харин 2024 онд тэдгээр өндөр өссөн компаниудын хувьцааг шинжээчид дахин өсөх магадлалтай гэж үзэж байна. Өсөх боломжтой хувьцаануудад Nvidia, Broadcom, AMD, Amazon, Meta Platforms, Uber, Alphabet, Pinterest, Microsoft, Adobe, Salesforce, Palo Alto Networks, Arista Networsks компаниудын хувьцаа багтжээ. ChatGPT зэрэг загваруудыг хөгжүүлэхийн тулд хагас дамжуулагч зайлшгүй хэрэгтэй бөгөөд салбарын компаниудыг Nvidia өсөлтөөрөө тэргүүлж байна. Ирэх онд FactSet тус компанийн хувьцаа 33 хувиар өснө гэж мэдэгдсэн бол Bank of America-ийн шинжээч Вивек Арья тус хувьцааг мөн онцолсон байна. Харин интернэтийн өсөх боломжтой хувьцаануудыг Amazon, Expedia болон Meta Platforms компаниуд тэргүүлж байна. Мөн программ хангамжийн компаниудаас 2023 онд 55 хувиар өссөн Microsoft компанийн хувьцааг Goldman Sachs-ийн Каш Ранган тэргүүтэй шинжээчид онцолсон бол компьютерын сүлжээ салбарын өсөх боломжтой хувьцаануудад Vertiv Holdings, Arista Networks, Dell компаниуд багтжээ.

WEEK AHEAD

Шинэ долоо хоногийн Даваа гарагт Зул сарын баярын амралттай тул АНУ, Австралийн хөрөнгийн биржүүд амрахаар байгаа бол Пүрэв гарагт АНУ-ын 11 дүгээр сарын хүлээгдэж буй орон сууцны борлуулалтын тоо хэмжээн үзүүлэлт гарах хуваарьтай байна.

БУСАД ҮЙЛ ЯВДАЛ

  • Хедж сангийн цөөн хэдэн арилжаачид бондын зах зээлийг хөдөлгөж байна.

  • Дэлхийн хамгийн шилдэг ба хамгийн муу нисэх буудлууд.

  • AI робот хүний чадамжийг давах уу.

  • Хамасын дронууд Израилын армын хамгаалалтыг давав.

  • Blue Origin дахин сансарт гарна.