- InvesCore Capital
- Posts
- Global & Domestic Weekly
Global & Domestic Weekly
Өнгөрсөн долоо хоногт АНУ-д шинээр 199,000 ажлын байр бий болж, ажилгүйдлийн түвшин 3.7 хувьд хүрч буурав.
GLOBAL NEWS
АНУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД ХҮЛЭЭЛТЭЭС ДАВЖ БАЙНА
Өнгөрсөн 11 дүгээр сард АНУ-ын Нийлүүлэлтийн менежментийн хүрээлэнгээс гаргадаг ISM Non-Manufacturing PMI үзүүлэлт 52.7 нэгжид хүрч шинжээчдийн таамагласан 52 нэгж болон өмнөх сарын 51.8 нэгжийн өсөлтийг давав. Тус үзүүлэлт нь аж үйлдвэрийн бус салбарын худалдан авалт, нийлүүлэлтийг хэмждэг бөгөөд 50 нэгжээс өндөр гарах нь эдийн засаг богино хугацаанд тэлж буйг илтгэдэг байна. Мөн 11 дүгээр сард АНУ-д шинээр 199,000 ажлын байр бий болж ажилгүйдлийн түвшин 3.7 хувьд хүрч буурсан бөгөөд энэ нь хөдөлмөрийн зах зээл хүчтэй байгааг харууллаа. Тиймээс эдийн засгийг хямраахгүйгээр инфляцыг буулгах Холбооны Нөөцийн Сангийн зорилт буюу “зөөлөн газардалт” болох магадлалыг шинжээчид онцолсон байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
Эх сурвалж: АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Товчоо
БИТКОИНЫ ХАНШ 165 ХУВЬ ӨСӨВ
Энэ оны эхэнд АНУ-ын банкны систем хямарч First Republic банк дампуурлын ирмэгт ирсэн нь хөрөнгө оруулагчдад тухайн үед хямд байсан Биткоин крипто хэрэгслийг худалдан авахад түлхэц үзүүлсэн бөгөөд Биткоины үнэ нь эрсдэлтэй үед өсөж, алттай адил хөдлөх хандлагатай байна. Мөн 6 дугаар сард АНУ-ын Үнэт цаасны зохицуулах хороонд Биткоинд мэргэжлийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах боломжийг олгохыг BlackRock хөрөнгө оруулалтын сан хүссэн. Дээрх суурь мэдээнүүдийн нөлөөгөөр 2023 оны эхнээс 12 дугаар сарын 8-ныг хүртэл Биткоин 165 хувиар өссөн бөгөөд өнгөрсөн долоо хоногт 44,000 ам.долларын ханшийг дээш сэтэллээ. Цаашид Биткоин өсөлтөө үргэлжлүүлэх магадлалтай байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
Эх сурвалж: CME Futures
MORGAN STANLEY
Өндөр өсөлттэй хувийн компаниудад хөрөнгө оруулах зорилготой Expansion Equity IX, North Haven Expansion Credit II сангууд хөрөнгө татан төвлөрүүлэлтээ амжилттай хийсэн гэж Morgan Stanley Expansion Capital компанийн Гүйцэтгэх захирал Пит Чунг мэдэгдлээ. Дээрх хоёр санд нийт 850 сая ам.долларын санхүүжилт босгохоор Morgan Stanley компани төлөвлөсөн ч санхүүжилт 1.175 тэрбум ам.доллар буюу 40 хувиар давж биелсэн байна. Шинэ сангууд технологи, эрүүл мэнд, хэрэглээний болон бусад өндөр өсөлттэй салбаруудад хөрөнгө оруулна гэж Пит Чунг хэлжээ. Одоогоор 1.4 их наяд ам.долларын хөрөнгийг Morgan Stanley Investment Management компани удирдаж буй бөгөөд түүний харьяа Expansion Capital компани 230 тэрбум ам.долларын хөрөнгийг удирдаж байна. Өнгөрсөн оны эхээр АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг өсгөж эхэлснээр хувийн өмчийн санд санхүүжилт босгох нь хүндрэлтэй болсон ч Expansion Capital амжилттай санхүүжилт татсан байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
DOMESTIC NEWS
БИЗНЕСИЙН ОРЧИН СУДАЛГАА
Монголын Бизнесийн Орчин 2023 судалгааг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Бизнесийн сургуультай хамтран хийж үр дүнг танилцууллаа. 2023 оны Бизнесийн орчинд 2.68 гэсэн үнэлгээг бизнес эрхлэгчид өгсөн ба энэ нь цар тахлын өмнөх 2020 онтой харьцуулбал 0.23 нэгжээр буурсан аж. Тус судалгааг 8 сарын хугацаанд 4,600 гаруй аж ахуйн нэгжээс 300 орчим нарийвчилсан үзүүлэлтээр авдаг бөгөөд Эдийн засгийн орчин, Засаглал хууль эрх зүйн орчин, Дэд бүтэц технологийн орчин, Нийгэм соёлын орчин, Бизнесийн дотоод үйл ажиллагаа зэрэг ерөнхий таван үзүүлэлтээс бүрддэг. Судалгаанд оролцогчид 0-5 оноог хэсэг тус бүрд өгөх бөгөөд хамгийн өндөр буюу 3.19 оноог бизнесийн дотоод үйл ажиллагаа авсан бол бусад дөрөв нь 2.4-2.73 оноо авсан байна. Цар тахлын өмнөх үетэй харьцуулахад Монгол Улсад бизнесийн орчин муудсан гэдгийг тус судалгааны үр дүн харуулж байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
НОГООН БОНД
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 206 тоот тогтоол болон Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалын дагуу Хаан банк ХК-ийн “Ногоон бонд” хөтөлбөр зарлагдаж, 2023 оны 12 дугаар сарын 11-нд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр "Ногоон бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг хүлээн авахаар боллоо. Нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий жилийн 16 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаат 170,000 ширхэг бондыг Хаан Банк ХК олон нийтэд санал болгож нийт 17 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн ба “Ногоон бонд” хөтөлбөрийн хүрээнд ам.долларын хөвөгч хүүтэй бондыг мөн гаргахаар төлөвлөсөн байна. (Захиалга өгөх бол энд дарна уу.)
iCAPITAL INSIGHT
iCAPITAL SUMMARY
Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Алтны фьючерс ханш өсөж өмнөх 2,051.50 ам.долларын ханшийн оройг сэтэлж шинэ дээд ханшийг тогтоосон байна. 2023 он эхэлснээс хойш алтны фьючерс ханш ойролцоогоор 11 хувиар өсөөд байгаа бөгөөд 2020 оны цар тахлаас хойших ханшийн хамгийн өндөр түвшинд хүрэв. Тэгвэл яагаад хөрөнгө оруулагчид алт худалдан авч байна вэ? Түүхэн үеэс харахад АНУ-ын инфляц өсөж ам.долларын худалдан авах чадвар буурснаар хөрөнгө оруулагчид алт худалдан авдаг. Алт нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн түүхий эд бөгөөд нийлүүлэлт нь хязгаарлагдмал учир инфляцын эсрэг найдвартай хамгаалалт болдог гэж хөрөнгө оруулагчид итгэдэг байна. Мөн цар тахал, дайн, геополитикийн эрсдэл зэрэг дэлхий дахинд нүүрлэсэн хямрал бий болоход хөрөнгө оруулагчид алтыг худалдан авч хөрөнгөө эрсдэлээс хамгаалдаг. Энэхүү хоёр шалтгаан нь алтны ханшийг өсгөх голлох суурь хүчин зүйлс юм. Харин АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгийн өсөлтийг зогсоож 2024 оны 2 дугаар улирлаас эхлэн бодлогын хүүг бууруулах магадлалтай гэж хөрөнгө оруулагчид таамагласнаар 11 дүгээр сарын алтны өсөлт бий болсон. Цаашид 2024 онд алт үргэлжлүүлэн өсөх магадлалтай бөгөөд дан ганц инфляц, хямралын үед өсдөг түүхий эд гэдгээс илүү хөрөнгө оруулалтын үнэ цэнийг агуулсан бүтээгдэхүүн болж хөгжиж байна.
WEEK AHEAD
Шинэ долоо хоногийн Мягмар гарагт АНУ-ын 11 дүгээр сарын инфляцын тайлан гарах бол Пүрэв гарагт АНУ-ын Холбооны Нөөцийн Сан болон Европын Төвбанкны бодлогын хүүгийн хуралтай байна.
БУСАД ҮЙЛ ЯВДАЛ
Time сэтгүүл 2023 оны онцлох хүнээр Тэйлор Свифтыг тодрууллаа.
Amazon компани хураамжийг бууруулна.
11 дүгээр сарын Хятадын импорт хүлээлтээс бага гарлаа.
Японы Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлнэ гэж арилжаачид тооцоолов.
AMD болон Nvidia компанийн өрсөлдөөн.