- InvesCore Capital
- Posts
- iCapital Weekly
iCapital Weekly
Дугаар №3
GLOBAL NEWS
АНУ-ЫН БОДЛОГЫН ХҮҮГИЙН ШИЙДВЭР
АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн тэргүүлэгчид 11 дүгээр сарын 02-ны хурлаар бодлогын хүүг нэмэгдүүлэлгүй 5.25-5.50 хувьд хэвээр үлдээв. Хамгийн сүүлд 7 дугаар сард бодлогын хүү өссөнөөс хойш АНУ-ын 10-н жилийн хугацаат Засгийн Газрын бондын өгөөж 1 хувиар өссөн. Хурлын хэвлэлийн бага хурлын үеэр Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн Джером Пауэлл бодлогын хүүгийн цаашдын өсөлтийн талаар ямар нэгэн тодорхой зүйл дурдаагүй ч гэсэн инфляц буурсныг удаа дараа онцолсон байна. Холбооны Нөөцийн Сан ирэх 12 дугаар сарын 13-нд энэ оны сүүлийн хурлаа хийх ба тус хурлаар бодлогын хүүг нэмэгдүүлэлгүй хэвээр үлдээх зах зээлийн шинжээчдийн магадлал 86 хувьтай байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
IPHONE 15 ГАР УТАСНЫ БОРЛУУЛАЛТ БУУРАВ
БНХАУ-ын зах зээлд IPhone 15 гар утасны эрэлт сул байна. Шинжээчдийн таамагласнаар IPhone 15-ийн нээлтийн сарын борлуулалт жилийн өмнөх IPhone 14-ийн нээлтийн сарын борлуулалтаас 6 хувиар буурчээ. Үүнд хэрэглэгчийн хандлагын өөрчлөлт, гар утасны өндөр үнэ голлон нөлөөлсөн. Тухайлбал, Хятадын хэрэглэгчид Apple-ийн шинэ загварын гар утас худалдан авахаасаа илүүтэйгээр Huawei брэндийн гар утсыг худалдан авч үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна. Huawei компани IPhone 15 загвар гарахаас долоо хоногийн өмнө Mate 60 Pro нэртэй шинэ загварын гар утсыг зах зээлд нэвтрүүлсэн. Тус загвар нь Хятадын хамгийн том чип үйлдвэрлэгч SMIC компанийн 7 нанометрийн чипээр тоноглогдсон нь хэрэглэгчид болон шинжээчдийн анхаарлыг татав. Учир нь АНУ-ын эрх баригчид чипний нарийн технологийг алдахгүй байх үүднээс NVIDIA, AMD зэрэг тэргүүлэгч компаниудын чипийг Хятад руу экспортлоход хязгаарлалт тогтоосон. Гэвч байдал эсрэгээрээ эргэж SMIC компани 14-н нанометрийн чип хийдэг технологио боловсронгуй болгон 7-н нанометрийн чип хийжээ. Тус сайжруулалт нь Хятадын технологийн салбарт гарч буй сүүлийн таван жилийн хамгийн том дэвшлийн нэг билээ. Цаашид чипний хөгжил болон Huawei-н шинэ загварууд Apple-ийн борлуулалтад аюул учруулах магадлалтай байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
АНУ-Д ШИНЭЭР БИЙ БОЛСОН АЖЛЫН БАЙРНЫ ТООН ҮЗҮҮЛЭЛТ
Өнгөрсөн 10 дугаар сард АНУ-д шинээр бий болсон ажлын байрны тоон үзүүлэлт гарч хөрөнгийн зах зээл өсөв. Тодруулбал 10 дугаар сард АНУ-д шинээр 150,000 ажлын байр нэмэгдэж ажилгүйдлийн түвшин 3.9 хувьд хүрч өссөн. Харин шинээр 180,000 ажлын байр нэмэгдэж ажилгүйдлийн түвшин өмнөх сартай адил 3.8 хувь байна гэж шинжээчид таамаглаж байв. Цаашид хөдөлмөрийн зах зээл энэ эрчээрээ хөрвөл инфляц буурахад сайнаар нөлөөлж, улмаар АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгийн өсөлтөө зогсоох магадлалтай юм. Тус мэдээний нөлөөгөөр АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж буурч хөрөнгийн зах зээлийн индексүүд өссөн үзүүлэлттэй байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
DOMESTIC NEWS
ХӨГЖЛИЙН БАНКНЫ БОНДЫН ЭРГЭН ТӨЛӨЛТ
Монгол Улсын Хөгжлийн банк 500 сая ам.долларын гадаад бондын өрөө 100 хувийн эх үүсвэрээр барагдуулж дуусав. Энэ талаар сангийн сайд Б.Жавхлан ярилцлага өгөхдөө “…Бид бондын төлөлтийг дахин санхүүжилтээр дарсан зүйл байхгүй, 100 хувь эх үүсвэрээр төлсөн” гэжээ. Өр барагдуулахад Хөгжлийн банкнаас зээл авсан 67-н зээлдэгчийн 40-д нь хамаарах 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн эргэн төлөлт нөлөөлсөн. Энэ оны 10 дугаар сарын байдлаар тэдгээр чанаргүй зээлийн 83.3 хувь нь буюу 1.5 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна. Анх 2018 онд Хөгжлийн банк тус 500 сая ам.долларын бондыг Олон улсын валютын сангийн хяналтын дор өмнөх өндөр, хөвөгч хүүтэй өр төлбөрүүдийг дарах зорилгоор гаргаж байсан. Тэдгээр зээлийн төлбөрт:
2014 онд татсан БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл 135 сая ам.доллар,
2014 онд татсан Credit Suisse банкны хамтарсан зээлийн үлдэгдэл 205 сая ам.доллар,
2016 онд татсан АНУ-ын Cargill санхүүгийн байгууллагын зээлийн үлдэгдэл 56.3 сая ам.доллар, бусад богино хугацаат эх үүсвэрийн үлдэгдэл 103 сая ам.долларын өрийг тус тус төлж байсан байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ТӨСӨВ
Монгол Улс 2024 онд нийтдээ 25.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төсвийн төсөлдөө тусгасан. Үүний 92.9 хувь буюу 23.4 их наяд төгрөгийг татварын орлогоор, 7.1 хувь буюу 1.8 их наяд төгрөгийг татварын бус орлогоор тус тус бүрдүүлэхээр тооцсон байна. Төсвийн орлогын тооцооллыг хийхдээ уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоог өргөжүүлэх хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар 2024 онд нүүрсний экспортыг нийт 60 сая тоннд хүргэхээр зорьсон. Мөн зэсийн баяжмалын экспортын хэмжээг 1.5 сая тонн нэгжид хүрэхээр төлөвлөсөн бөгөөд тонн тутмын үнийг 9,000 ам.доллароор тооцжээ. Нийт уул уурхайн бүтээгдэхүүнээс 2024 онд Монгол Улс нийт 8 их наяд төгрөгийг олох төсөөлөлтэй байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
iCAPITAL INSIGHT
iCAPITAL SUMMARY
Энэ удаагийн дугаараар АНУ-ын сүүлийн үеийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч тайлбарлая. Нэгдүгээрт, өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт АНУ-ын Сангийн яам эдийн засагчдын таамаглаж байснаас 2 тэрбум ам.доллароор бага, нийт 112 тэрбум ам.долларын урт хугацаат бондыг зах зээлд гаргахаар болсон. Тус шийдвэр нь бондын нийлүүлэлтийг бууруулж, эрэлтийг өсгөснөөр бондын өгөөж буурах нөхцөл бүрдүүлсэн бөгөөд 3 дугаар сараас хойших бондын өгөөжийн нэг өдрийн хамгийн өндөр уналтыг Лхагва гарагийн мэдээний дараа үзүүлэв. Цаашид эл үйл явдалтай холбоотойгоор бондын өгөөжийн сүүлийн үеийн өсөлт зогсох магадлалтай. Хоёрдугаарт, АНУ-ын аж үйлдвэрийн салбарын индекс уналттай гарч байна. АНУ-ын Нийлүүлэлтийн менежментийн хүрээлэнгээс гаргадаг тус индекс нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэл, шинэ захиалгын тоон үзүүлэлтийн жишиг үзүүлэлт болдог. Тус үзүүлэлт унах нь эдийн засаг суларсныг илтгэдэг бөгөөд Холбооны Нөөцийн Санг бодлогын хүүгээ цаашид нэмэгдүүлэхгүй байх магадлалыг ихэсгэж байна. Эцэст нь, АНУ-ийн хувьд инфляц эсвэл эдийн засгийн өсөлтийн аль илүү чухал бэ гэдэгт анхаарлын дохио өгч байгаа гэж үзэж болохоор байна. Өөрөөр хэлбэл засгийн газрын өр нэмэгдэж бодлогын хүү өндөр түвшинд хүрч байгаа нь бондын санхүүжилтийн өртгийг нэмэгдүүлж байгаа тул АНУ-ийн Засгийн Газрыг өрийн дарамтад оруулахгүй байх үүднээс Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгийн шийдвэрээ дахин харах магадлалтай байгаа юм.
WEEK AHEAD
Шинэ долоо хоногийн Даваа гарагт Австрали улсын бодлогын хүүгийн шийдвэр гарах бол Лхагва, Баасан гаригуудад АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн Джером Пауэлл мөнгөний бодлогын талаар мэдэгдэл хийнэ.
БУСАД ҮЙЛ ЯВДАЛ
Сэм Банкман-Фрид шоронд суух уу.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Тель-Авив хотод газардлаа.
Кэти Вүүд биткоиныг "дижитал алт"-тай зүйрлэв.
Taylor Swift Eras Tour кино театруудаар гарч байна.
Голдман Саксын шинжээчид Израиль-Хамасын дайн Европын эдийн засагт томоохон нөлөө үзүүлж болзошгүй гэв.