Invescore Capital

Дугаар №1

GLOBAL NEWS

БНХАУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ БА ХҮЛЭЭЛТ 

БНХАУ-ын эдийн засаг 3 дугаар улиралд хүлээлтээс давж, жилийн өмнөх мөн үеэс 4.9 хувиар, өмнөх улирлаас 1.3 хувиар өсөв. Бээжингийн эрх баригчид 2023 оны эдийн засгийн зорилтот өсөлтийг 5 орчим хувь байхаар төлөвлөсөн ба ирэх дөрөвдүгээр улиралд эдийн засаг нь 4.4 хувь өсөхөд зорилтдоо хүрэхээр байна. Нөгөөтээгүүр, үл хөдлөхийн салбарын уналт хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулж байна. Хятадын нийт хөрөнгө оруулалтын 20-30 хувийг дангаараа бүрдүүлдэг тус салбар нь 2023 оны эхний гурван улиралд 9.1 хувиар унажээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

Эх сурвалж: БНХАУ-ын Үндэсний Статистикийн Товчоо

ЖОЕ БАЙДЕН ИЗРАИЛ УЛСАД АЙЛЧЛАВ

Израил Улс болон Хамас бүлэглэлийн зэвсэгт мөргөлдөөн нь Ойрх Дорнодод эмх замбараагүй байдлыг бий болгохоос сэргийлэх, мөн Газын зурваст яаралтай хүмүүнлэгийн тусламж оруулах зорилготойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден Израил Улсад айлчлав. Гэвч айлчлалын өмнөх орой Газа хотын эмнэлэгт дэлбэрэлт болж 500 гаруй хүний амь нас эрсэдсэн. Тус хэрэгт Израил болон Хамас харилцан бие биеэ буруутгасан бол Байден ерөнхийлөгч Пентагоны мэдээллээс эш татан Хамас зэвсэгт бүлэглэлийг тус хэрэгт буруутгажээ. Мөн тэрээр Израилын Ерөнхий Сайдад АНУ 9 дүгээр сарын 11-ны халдлагын хариуд Афганистан, Ирак улсуудад явуулсан дайны алдааг давтахгүй байхыг захиж, уур хилэнг мэдэрч байхдаа түүнд автах ёсгүй гэдгийг сануулав. Харин Израилын Гадаад Хэргийн Сайд Эли Коэн армийн радиогоор “Энэ дайны төгсгөлд Газын зурвасын газар нутаг багасаж, тэнд Хамас зэвсэгт бүлэглэл удаан оршин тогтнохгүй” гэдгийг мэдэгдсэн байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

TESLA (NASDAQ:TSLA) КОМПАНИЙН ТАЙЛАН ГАРАВ

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla (NASDAQ:TSLA) компани 3 дугаар улирлын санхүүгийн тайлангаа зарлав. Тайлант хугацаанд компани нэгж хувьцаанд 0.66 ам.долларын цэвэр ашигтай ажилласан бол борлуулалтын орлого 23.35 тэрбум ам.долларт хүрчээ. Эдгээр үзүүлэлтүүд нь “Refinitiv”-ийн судалгаанд оролцсон шинжээчдийн дундаж таамаглалд хүрээгүй (Цэвэр ашиг нь нэгж хувьцаанд 0.73 ам.доллар, борлуулалтын орлого 24.1 тэрбум ам.доллар байна гэсэн таамаглалтай байв). Мөн тайлангийн хурлын үеэр компанийн гүйцэтгэх захирал Элон Маск Cybertruck үйлдвэрлэгдэж эхэлснээс хойш 12-18 сарын хугацаанд өндөр борлуулалт хийгдэхгүй байх, тиймээс бид хүлээлтээ бууруулах хэрэгтэй гэв. Одоогоор Tesla Cybertruck-ийн үнийг зарлаагүй ч 11 дүгээр сарын 30-нд анхны хүргэлтийг хийхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн, зээлийн хүү өндөр байгаа энэ үед компани автомашины үнийг хямдруулах стратегитай ажиллана гэдгээ мэдэгдсэн ба энэхүү ажил нь Meксикт баригдах үйлдвэрийн ажлаас өмнө хийгдэхээр төлөвлөгдөж ээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

Эх сурвалж: Tesla.com

DOMESTIC NEWS

МОНГОЛБАНК БОДЛОГЫН ЧИГЛЭЛ

Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барив. Уг төсөл батлагдахаас өмнө олон нийтэд төслийн талаар нээлттэй танилцуулж, мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг тусгахыг чухалчилж байна. Ирэх оны Төрийн мөнгөний бодлогын зорилт нь инфляцыг тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах суурь нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэх аж. Энэ хүрээнд Монголбанк дунд хугацааны инфляцыг 4-8 хувийн түвшинд тогтворжуулахаар тусгалаа. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ НЭГДСЭН ТӨСӨВ

УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат аудитын дүгнэлтийг танилцуулав. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25 их наяд 289.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 34.2 хувь, нийт зарлага 27 их наяд 360.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 37 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их наяд 70.8 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ний 2.8 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ. Мөн Засгийн газрын өрийн үлдэгдэл ДНБ-нд эзлэх харьцаа 2024 онд 40.7 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолсон нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-д заасан төсөл, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцааг хангасан гэж дүгнэжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

iCAPITAL INSIGHT

iCAPITAL SUMMARY

Энэ долоо хоногийн дугаараар АНУ-ын Засгийн газрын бондын өгөөжийг онцолж байна. Сүүлийн таван сарын хугацаанд 10-н жилийн хугацаатай АНУ-ын Засгийн Газрын бондын өгөөж 1.51 гаруй суурь нэгжээр өсөж 4.94 хувийн түвшинд хүрсэн. Энэ нь 2007 оны 6 дугаар сараас хойших хамгийн өндөр өгөөжийн түвшин юм. Өгөөжийн өсөлт нь Холбооны Нөөцийн Сангийн бодлогын хүүгийн өсөлтөөс шууд хамааралтай байдаг. Гэвч сүүлийн саруудад геополитикийн эрсдэл нэмэгдэж, иргэдийн эдийн засагт итгэх итгэл суларсантай холбоотойгоор урт хугацаат бондын өгөөж өсөж үнэ буурах дүр зураг ажиглагдав (Бондын өгөөж, үнэ хоёр урвуу хамааралтай). Энгийнээр бол ирээдүйд эдийн засгийн хямрал болох магадлалтай гэж үзээд иргэд урт хугацааны бондоо зарж нийлүүлэлтийг өсгөж буй юм. Үүнтэй холбоотойгоор ипотекийн зээлийн хүү өсөж үл хөдлөх хөрөнгө худалдан авах өртөг нэмэгдэж байна.

WEEK AHEAD

Дараагийн долоо хоногийн Пүрэв гарагт (10 дугаар сарын 26-нд)  АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн Тэргүүн Джером Пауэлл бодлогын хүү, эдийн засгийн талаар мэдэгдэл хийнэ. Тус мэдэгдлийн дараа 20:15 цагт Европын Төв банк бодлогын хүүгийн түвшнийг зарлах бол 20:30 цагаас АНУ-ын 3 дугаар улирлын ДНБ-ийн тоо мэдээ гарах хуваарьтай байна.

БУСАД ҮЙЛ ЯВДАЛ