New Post

GLOBAL NEWS

БИТКОИНЫ ХАНШ ӨСӨВ 

Сүүлийн 10-н жилд АНУ-ын Үнэт цаасны зохицуулах хороо (SEC) биржээр арилжаалагддаг сангуудыг (Exchange-Traded Fund) биткоин эзэмшихийг хориглож байсан. Тэгвэл тус хориг цуцлагдаж, ETF-үүд биткоинд хөрөнгө оруулалт хийх боломж нээгдэх магадлалтай байна. Ингэснээр хувьцаа, бонд, алтанд хөрөнгө оруулдагтай адил мэргэжлийн хөрөнгө оруулагчид биткоин болон бусад крипто валютад хөрөнгө оруулж эхлэх ба үр дүнд нь энэ төрлийн дижитал хөрөнгийг албан ёсоор санхүүгийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөх юм. Одоогоор BlackRock болон Fidelity Investments, Invesco зэрэг дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд биткоин ETF гаргах хүсэлтээ АНУ-ын Үнэт цаасны зохицуулах хороонд албан ёсоор өгсөн. Тус мэдээтэй холбоотойгоор өнгөрсөн Мягмар гарагт биткоины ханш 11.5 хувиар өсөж, 35,000 ам.долларын бүсийг сэтэлсэн нь он гарснаас хойших өсөлтийг 108 хувьд хүргэлээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

Эх сурвалж: Invescore Capital

АНУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ ӨСӨЛТТЭЙ БАЙНА

АНУ-ын эдийн засаг энэ оны гуравдугаар улиралд 4.9 хувиар өсөж, өмнөх улирлын өсөлтийг хоёр дахин нугалав. Харин шинжээчид гуравдугаар улиралд эдийн засгийг 4.3 хувиар өснө гэж таамаглаж байсан. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд АНУ-ын Төв банк бодлогын хүүг 5.25-5.5 хувьд хүртэл нэмэгдүүлж, 2001 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүргэсэн. Үр дүнд нь 9.1 хувь байсан инфляцын түвшин энэ оны 9 дүгээр сард 3.7 хувь хүртэл буурсан байна. 2023 оны эхээр Уолл Стр ийтийн ихэнх шинжээчид бодлогын хүүг хурдацтай өсгөх нь эдийн засгийг уналтад оруулах өндөр магадлалтай гэж таамаглаж байсан. Гэтэл бодит байдал дээр инфляц буурсан ч эдийн засаг хямарсангүй. Энэ нь АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн дарга Джером Пауэллын хэлдгээр “зөөлөн газардалт” хийх боломжтой гэдгийг харуулав. Тус нэр томьёо нь эдийн засаг хямрахгүйгээр, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тоо хэмжээ хадгалагдаж, үнэ буурах буюу инфляц буурахыг хэлдэг. Энэхүү зөөлөн газардалтыг хийхийн тулд бодлогын хүүг цаашид өсгөхгүй байх нь чухал юм. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

ЕВРОБҮСИЙН БОДЛОГЫН ХҮҮ

Европын Төв банк бодлогын хүүгээ 4 хувийн түвшинд хэвээр нь хадгалав. Өнгөрсөн онд Евро бүсийн инфляц 10 хувьтай байсан бөгөөд Төв банкны эрх баригчид дараалан 10 удаа бодлогын хүүг нэмэгдүүлсэн билээ. Улмаар энэ оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд инфляц 4.3 хувь хүртэл буурсан. Харин энэ удаа бодлогын хүүг нэмэгдүүлээгүй нь Израил-Хамас, Орос-Украины дайн, газрын тос, эрчим хүчний үнийн өсөлт зэрэг тодорхой бус байдал нэмэгдсэнтэй холбоотой юм. Бодлогын хүүгийн хурлын үеэр Европын Төв банкны дарга Кристин Лагард үг хэлэхдээ орон сууцны зах зээл болон банкны зээлийн өртөг дээд хэмжээндээ хүрч, бүс нутгийн эдийн засаг уналттай байгааг хүлээн зөвшөөрсөн. Түүний мэдэгдлийн дараа ам.доллартой харьцах еврогийн ханш суларсан бөгөөд арилжаачид Евробүсийн бодлогын хүү дээд цэгтээ хүрсэн байх магадлалтай гэж үзжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

DOMESTIC NEWS

ЖОНШНЫ АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Бирж 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төмрийн баяжмалын арилжааг эхлүүлж байсан бол 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газраас хайлуур жоншны баяжмал арилжих захиалгыг хүлээн авлаа. Тодруулбал, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12:00 цагаас 50 багц буюу 3,250 тонн хайлуур жоншны баяжмалын арилжааг зохион байгуулахаар болов. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш “Монголын хөрөнгийн бирж” ХК тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд уул уурхайн түүхий эдийн арилжааг амжилттай явуулж байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

МАХНЫ ЭКСПОРТ НЭМЭГДЭВ

Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг хөдөө аж ахуйн салбарын экспортын талаар илтгэл тавив. Тэрээр 2023 оны эхний 10-н сарын байдлаар Монгол Улс 57 мянган тонн мах, 70 мянга орчим бог малыг амьдаар нь экспортолсон гэжээ. Цаашид яам түүхий эд бэлтгэх, эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлох чиглэлээр анхаарч, ажиллана гэв. Махны экспортын хувьд Монгол улс цар тахлаас өмнө (2019-2020 онд) ихдээ 20 гаруй мянган тонн махыг экспортолж байсан. Цаашид тус тоо хэмжээ өсвөл Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар луу чиглэх мөнгөн урсгал нэмэгдэх юм. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

iCAPITAL INSIGHT

iCAPITAL SUMMARY

Энэ долоо хоногийн дугаараар АНУ-д зээлээр орон сууц худалдан авах болон түрээслэх зардлын зөрүүг онцоллоо. Эдийн засагчид урт хугацаат орон сууцны зээлийн төлбөр байр түрээслэх сарын зардал ойролцоо байх хэрэгтэй гэж үздэг. Гэтэл АНУ-ын Холбооны Нөөцийн Сан 2022 оны 3 дугаар сараас эхлэн бодлогын хүүг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор зээлийн хүү өссөн. Үр дүнд нь урт хугацаат орон сууцны зээлийн өртөг нэмэгдэж шинээр орон сууц худалдан авахад төлж буй сарын зээлийн төлбөр байрны сарын түрээснээс 50 гаруй хувиар өндөр болсон. Энэ нь орон сууц худалдан авахад сард төлж буй өртөг түрээслэх өртгөөс илүү хувиар нэмэгдсэнийг илтгэнэ. Жишээлбэл, АНУ-д 400,000 ам.долларын үнэтэй орон сууцыг 30-н жилийн хугацаатай зээлээр худалдан авахад урьдчилгаа 10 хувийг төлж сар бүр зээлийн төлбөрт 2,980 ам.долларын эргэн төлөлтийг хийнэ. Энэхүү зээлийн төлбөр 3-н жилийн өмнөхөөс 60 хувиар өссөн бол сарын түрээсийн төлбөр 22 хувиар өссөн байна. Хамгийн сүүлд 2006 оны 2 дугаар улиралд эдгээр зардлуудын зөрүү өндөр байсан бөгөөд тухайн үед шинээр орон сууц худалдан авахад төлж буй сарын зардал нь түрээслэхээс 33 хувиар өндөр байжээ.

WEEK AHEAD

Шинэ долоо хоногийн Мягмар гарагт Евробүсийн 10 дугаар сарын инфляцын түвшин зарлагдах бол Пүрэв гарагт АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгийн шийдвэрийг танилцуулна. Харин Баасан гарагт АНУ-д шинээр бий болсон ажлын байрны (NFP) тоо мэдээ гарах юм.

БУСАД ҮЙЛ ЯВДАЛ

  • АНУ Сирийн зүүн хэсэгт цэргийн цохилт өгөв.

  • JPMorgan Chase-ийн Гүйцэтгэх захирал Жэйми Даймон АНУ-ын Төв банкийг шүүмжиллээ.

  • Германы автомашин үйлдвэрлэгчдэд хүнд үе тохиож байна.

  • АНУ-ын технологийн компаниудын тайлан гарав.

  • БНХАУ-ын Ерөнхий сайд асан Ли Кэчян 68 насандаа таалал төгсөв.