New post

Харилцагч танд өнгөрсөн 7 хоногийн хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн мэдээг багцлан хүргэж байна.

Дотоодын хөрөнгийн зах зээл

| Өнгөрсөн долоо хоногийн идэвхтэй хувьцаанууд

2026 оны 4 сарын 27-аас 5 сарын 01-ний өдрийн хооронд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 сая ширхэг үнэт цаасны 14.5 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн. Зах зээлийн үнэлгээ 13.4 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байна.

Идэвхтэй хувьцаанууд

| Мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан биржийн бус зах зээлийн идэвхжил нэмэгдсээр

2026 оны гарснаас хойш биржийн бус зах зээлээр дамжуулан 1.6 их наядын арилжаа хийгдэж өмнөх оны мөн үеэс 70 орчим хувийн өсөлт үзүүллээ. Анхдагч зах зээлийн арилжаа 127 орчим хувиар, хоёрдогч зах зээлийн арилжаа 36 орчим хувиар өсөлт үзүүлсэн нь голлох нөлөөг үзүүлж биржийн бус зах зээлийн идэвхжил нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

  • Анхдагч зах зээлийн арилжаа 454 тэрбум төгрөгөөр өсөж 813 тэрбум төгрөгийн компанийн бондууд зах зээлд шинээр гарсан.

  • Хоёрдогч зах зээлийн арилжаа 206 тэрбум төгрөгөөр өсөж 780 тэрбум хүрлээ.

| Монгол улсын валютын нөөц 7.3 тэрбум ам.долларт хүрлээ.

2026 оны 4 сарын байдлаар монгол улсын валютын нөөц 7.327 тэрбум ам.доллар хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 43 орчим хувийн өсөлт үзүүллээ. Өнгөрсөн оны 12 сард анх удаа 7.0 тэрбум ам.доллар давж байсан бол тус түүхэн үзүүлэлтээс 321.8 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлттэй байна. Олон улсад тодорхойгүй нөхцөл байдал үргэлжилж буй хэдий ч уул уурхайн салбарын идэвхжил сайн байгаатай холбоотойгоор валютын орлогыг нэмэгдүүлэхэд голлох нөлөөг үзүүлж байна.

Ийнхүү валютын нөөц нэмэгдсэнээр

  • Төгрөгийн ханшийг тогтворжуулж, гадаад өр төлөх чадварыг сайжруулна;

  • Эдийн засгийг гадаад хямралд илүү тэсвэртэй болгож, хөрөнгө оруулалтын итгэлийг нэмэгдүүлэх зэрэг эерэг нөлөөг үзүүлэх боломж нэмэгдэж байна.

| Монгол улсын хэмжээнд инфляц 10.1 хувь

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ дөрөвдүгээр сард Монгол улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.1%-aар өссөнөөр эргэн хоёр оронтой тоонд орлоо.

  • 2026 он гарсаар хүнсний бүлгийн үнийн өсөлт эрс эрчимжиж, дөрөвдүгээр сарын байдлаар 19.3%-ийн өсөлттэй гарсан бол хүнсний бус бүлгийн үнийн өсөлт 6.4 хувьтай буюу өмнөх сараас үл ялиг нэмэгдсэн байна.

  • Барааны бүлгийн үнийн өсөлт 10.9 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 7.6%, хүнсний бүлгийн үнэ 19.3, хүнсний бус бүлгийн үнэ 6.4%-aар өссөнөөс харахад эдгээр үзүүлэлт тус бүр өмнөх сараас эрс эрчимжсэн

  • Зөвхөн мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 36.5%-aар өссөн байна.

  • Импортын барааны нөлөө 2025 оны мөн үеэс 2.9 нэгж хувиар нэмэгдсэн байна.

Дэлхийн хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд

| Технологийн салбарын алтан үе ба Түүхэн дээд амжилтууд

АНУ-ын индексүүд түүхэн дээд түвшингээ өдөр дараалан шинэчилсэн бол Японы Nikkei 225 индекс нэг өдрийн дотор хамгийн ихээр буюу 5.58%-aар өсөж, 62,833.84 нэгжид хүрлээ. БНСУ-ын KOSPI индексийн хувьд ч Samsung (005930) болон SK Hynix (000660) зэрэг хагас дамжуулагчдын өсөлтөөр 7,490 нэгжид хүрч түүхэн дээд амжилтаа шинэчлэн тогтоов.

Өсөлтөд хүчтэй нөлөөлсөн гол хүчин зүйлс:

1. Хиймэл оюун ухааны “Алтан эрин үе”

Энэ долоо хоногийн өсөлтийн бараг 80%-ийг "Хиймэл оюун ухаан" гэх ганц сэдэв тодорхойлов. Богино хугацааны давлагаа биш, харин дэлхийн эдийн засгийн бүтцийг өөрчилж буй суурь шилжилт явагдаж байгаа нь батлагдаж байна.

  • NASDAQ: NVDA-ийн ноёрхол: Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болох NVIDIA-ийн шинэ үеийн супер чипүүд зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн нь хөрөнгө оруулагчдын дунд "дижитал халуурал"-ыг дахин асаалаа. Уг чипүүдийн тооцоолон бодох хүчин чадал нь ирээдүйн бүх технологийн салшгүй суурь болохоор байна.

  • KRX: 005930 Samsung-ийн тэсрэлт: Samsung Electronics Co Ltd нь хиймэл оюуны тооцоололд нэн чухал үүрэгтэй өндөр зурвасын санах ойн (HBM) чанарын шалгуурыг амжилттай давж, нийлүүлэлтээ албан ёсоор эхлүүлэв. Энэхүү үйл явдал нь зах зээлд хүлээлт үүсгээд байсан гол эргэлзээг арилгаж байгаа ба Азийн технологийн компаниудын зах зээлд эзлэх байр суурийг тодорхойлж байна.

  • Хагас дамжуулагчийн шинэ эрин: NASDAQ: AMD компани хиймэл оюуны тооцоололд зориулсан "MI300" цувралын шинэ архитектураа танилцуулсан нь технологийн салбарт хүчний харьцааг өөрчиллөө. Өгөгдөл боловсруулах хурдыг нэмэгдүүлж, эрчим хүчний зардлыг бууруулж байгаа нь дата төвүүдийн ашигт ажиллагааг сайжруулах бодит боломжийг олгож байгаа тул уламжлалт процессорын гол тоглогчид зах зээлээс шахагдах төлөвтэй байна.

2. Геополитикийн нөлөөлөл

АНУ-Ираны дайн хурцадмал байдал үргэлжилж Хормузын хаалттай хэвээр байгаа ба Вашингтон болон Техраны хооронд хийгдэх хэлэлцээр цаашдын дүр зургийг тодорхойлохоор байна.

  • Түр зуурын тайвшрал: Долоо хоногийн дундуур АНУ болон Ираны хооронд хурцадмал байдал намжиж, дипломат арга замаар зөвшилцөлд хүрэх магадлалтай гэсэн мэдээлэл цацагдсан. Улмаар газрын тосны ханш ч буурч, тээвэр болон үйлдвэрлэлийн зардал багасна гэх хүлээлтээр Hang Seng болон Nikkei 225 индексүүд өслөө.

  • Тодорхойгүй байдал: Гэсэн ч Баасан гарагт Ойрхи Дорнодын далайн тээврийн гол замуудад цэргийн идэвхжил нэмэгдсэн нь зах зээлд тодорхойгүй байдал үүсгэлээ. Геополитикийн эрсдэл нэмэгдэхтэй зэрэгцэн хөрөнгө оруулагчдын зарах арилжаа нэмэгдэж, голлох индексүүдэд засвар хөдөлгөөн явагдлаа.

3. Улирлын ээлжит “Супер тайлангууд”

Хөрөнгийн зах зээлийн хамгийн их анхаарал татдаг үе бол “Earnings Season” буюу компаниуд улирлын ашгаа зарладаг үе байдаг билээ. S&P 500 индексэд багтдаг 63% компани тайлагнасан бөгөөд 84% нь шинжээчдийн таамаглалаас өндөр ашигт ажиллагааг танилцуулсан нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

  • NASDAQ: AAPL-ийн эргэн ирэлт: Apple Inc компани хиймэл оюуны нэгдсэн систем бүхий iPhone-ийн шинэ цувралаа танилцуулсны дараа урьдчилсан захиалгын хэмжээ өмнөх загвартай харьцуулахад 22%-aар өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь тус компанийн хувьцааг долоо хоногийн дотор 8.5%-aар өсгөх гол хөшүүрэг болсон төдийгүй технологийн шинэчлэл хэрэглэгчдийн дунд асар их эрэлттэй байгааг баталлаа.

  • NASDAQ: DDOG ба Үүлэн тооцоолол: Программ хангамжийн дэд бүтцийн хяналтын системийг бүтээдэг Datadog Inc компанийн улирлын ашиг шинжээчдийн таамаглаж байсан 1.1 тэрбум ам.доллароос 32%-aар давж гарлаа. Энэхүү үзүүлэлт нь компаниуд үйл ажиллагаагаа автоматжуулах, үүлэн технологи руу шилжиж байгааг, мөн төсвөө танах бус харин ч нэмэгдүүлж байгаагийн бодит нотолгоо болов.

  • NASDAQ: PLTR-н супер тайлан: Palantir Technologies Inc компанийн 2026 оны эхний улиралд борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 85%-aар өсөж, 1.63 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тус компани 10 улирал дараалан цэвэр ашигтай ажиллаж, 870.5 сая ам.долларт хүргэсэн нь шинжээчдийн таамгаас хол давсан үзүүлэлт боллоо.

| Дотоод хөрөнгө оруулалт

☎️ - 77550077

| Гадаад хөрөнгө оруулалт

📞 - 88772712