Weekly Newsletter

GLOBAL WEEKLY NEWS

АНУ БА ТАЙВАНЬ ЧИП ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СТРАТЕГИД ЧИГЛЭСЭН ХУДАЛДААНЫ ТОХИРОЛЦООНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

АНУ болон Тайвань хоёр тал чипийн салбарт худалдааны шинэ тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Худалдааны яам мэдээллээ. Уг тохиролцоо нь чипийн үйлдвэрлэл, технологийн нийлүүлэлтийн сүлжээний интеграцийг гүнзгийрүүлэх зорилготой бөгөөд АНУ-д дутагдаж буй үйлдвэрлэлийг дотооддоо тэтгэх стратегийн алхам болж байна.

Тохиролцооны хүрээнд АНУ Тайванийн зарим бараанд ногдуулж байсан импортын татварыг 20 хувиас 15 хувь болгон бууруулж, харин зарим төрлийн эм, агаарын тээврийн эд анги болон стратегийн ач холбогдолтой түүхий эдэд татварын хөнгөлөлт үзүүлэн, бүрэн чөлөөлөхөөр болсон байна. Ингэснээр семикондуктор болон түүнтэй холбоотой технологийн бүтээгдэхүүнүүд АНУ-ын зах зээлд илүү таатай нөхцөлөөр нэвтрэх боломж бүрдэж байна.

Үүний хариуд Тайваний чип үйлдвэрлэлийн тэргүүлэгч TSMC зэрэг компаниуд АНУ-д чип, эрчим хүч, хиймэл оюун ухааны үйлдвэрлэл, хөгжүүлэлтийг тэлэхэд чиглэсэн $250 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцжээ. Үүн дээр Тайванийн засгийн газар дахин $250 тэрбумын зээлийн баталгаа гаргах санал гаргасан байна.

Энэхүү гэрээ нь АНУ–Тайванийн худалдааны харилцааг шинэ шатанд гаргаж, дэлхийн чипийн экосистемийн тогтвортой байдлыг бий болгох ба АНУ-ын семикондукторын нийлүүлэлтийн аюулгүй байдал, технологийн стратегын чадавхийг сайжруулах томоохон алхам болж байна. 

Уг тохиролцоо хүчин төгөлдөр болохын тулд Тайванийн парламентын баталгааг заавал авах шаардлагатай ба гол асуудал нь Хятадын зүгээс сөрөг хариу үйлдэл гаргах, бүс нутгийн геополитикийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна. Иймээс энэ тохиролцоо нь дан ганц худалдааны хэлэлцээр бус, стратегийн технологи, аюулгүй байдал, геополитикийн ашиг сонирхол огтлолцсон өргөн хүрээтэй асуудал юм.

(Эх сурвалж: Reuters)

КРЕДИТ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАЛАЛТ- 2007 ОНООС ХОЙШХИ ӨНДӨР ТҮВШИНД

Дэлхийн зээлийн зах зээл сүүлийн хорин жилд байгаагүй өндөр идэвхтэй болж, Aberdeen Investments болон Pimco зэрэг томоохон хөрөнгө оруулалтын компаниуд “хэт тайвшрах хандлагаас болгоомжлохыг анхааруулж” байна. Эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй тогтвортой байгаа нь зээлийн эрсдэлийг мартуулж байгаа аж. Aberdeen-ийн төлөөлөгч одоогийн зах зээлийн нөхцөл байдалд хамгийн аюултай зүйл бол хэт тайвшрал гэдгийг онцолжээ.

Компанийн бондын эрсдэлийн нэмэгдэл 103 суурь пункт болж багасаад байгаа нь 2007 оноос хойших хамгийн өөдрөг үнэлгээ болж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид илүү бага өгөөжийг хүлээн зөвшөөрч байгаа ба бодит байдал дээр эрсдэлийн хамгаалалт багасаж байгаа юм. АНУ-ын Холбооны Нөөцийн Сан болон бусад төв банкуудын зүгээс мөнгөний зөөлөн бодлогыг хэрэгжүүлэх хандлага давамгайлж байгаа учраас зээлийн зах зээлд хөрөнгө оруулагчид цаг хугацаатай уралдан, маш идэвхтэй оролцож байна.

Түүнчлэн компаниуд энэхүү таатай нөхцөлийг ашиглан, зах зээлээс их хэмжээний санхүүжилт татаж байна. Зөвхөн нэгдүгээр сарын эхний хагаст л гэхэд 435 тэрбум ам.долларын бонд шинээр зах зээлд гарсан нь түүхэн дээд хэмжээ боллоо. Одоогоор зах зээлд дарамт үүсгээгүй байгаа ч макро эрсдэлүүд хурцадвал хөрөнгө оруулагчдын хувьд ихээхэн хохирол бий болох магадлалтай байна.

(Эх сурвалж: Bloomberg)

WALL STREET-ИЙН ШИНЖЭЭЧИД 2 ХУВЬЦААГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА

"Wall Street"-ийн зарим шинжээчид одоогийн зах зээлийн үнэлгээ нь ирээдүйн орлого, өсөлтийн чадамжийг бүрэн тусгаагүй байх магадлалтай гэж үзэн, хиймэл оюун ухааны хоёр компанийн хувьцааг онцолж байна. Эдгээр нь CoreWeave (CRWV) болон Atlassian (TEAM) бөгөөд салбарын эрэлт бодитоор нөлөөлж эхэлсэн бизнесүүд юм. 

CoreWeave (CRWV) нь хиймэл оюун ухааны өндөр хүчин чадлын тооцоололд шаардлагатай GPU-д суурилсан үүлэн дата төвийн үйлчилгээг явуулдаг компани юм. Томоохон AI загварууд олширч, AI-тай холбоотой шинэчилсэн төрөл бүрийн тооцооллын ажлууд өсөн нэмэгдэхийн хэрээр дэд бүтцийн эрэлт хурдацтай өсдөг. Тиймээс зарим шинжээчдийн зүгээс тус хувьцааны ханшид ирээдүйн орлогын өсөлт хараахан шингээгүй байж магадгүй ба цаашид 105%-иар өсөх боломжтой гэж үзэж байна. Гэхдээ энэ нь их хэмжээний хөрөнгө оруулалт, өндөр тогтмол зардлыг шаарддаг төрлийн бизнес тул эрсдэл өндөр юм. 

Atlassian (TEAM) нь компанийн менежмент, хамтын ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх програм хангамжуудыг хөгжүүлдэг компани юм. 2024 онд AI туслах “Rovo”-г нэвтрүүлж, хайлтын систем, автоматжуулалт, код үүсгэдэг болсон нь орлогоын эх үүсвэрийг бэхжүүлсэн байна. Хувьцааны үнэ оргил үеэсээ 57% унасан хэдий ч хөгжүүлэгчдийн тоо нь хэрэглээг нэмэгдүүлнэ гэж шинжээчид үзэж байна. Wall Street-ийн зүгээс тус компанийн ашгийг 2027 он хүртэл жилд дунджаар 22% өснө гэж тооцож, одоогийн үнэлгээнээс 65% өсөх боломжтой гэж дүгнэжээ. 

Зах зээлийн үнэлгээнд "доогуур үнэлэгдсэн" гэж дурдагдаж байгаа нь тус хувьцааг хямд (заавал) гэсэн санаа биш харин хиймэл оюун ухааны салбарын өсөлт нь одоогийн зах зээлийн үнэлгээнд бүрэн тусгагдаагүй байж магадгүй гэсэн таамаглал болохыг анхаарна уу.

DOMESTIC WEEKLY NEWS

БАНКНУУДЫН ИРГЭДЭД ШИНЭЭР ОЛГОХ БОЛОН НӨХЦӨЛИЙГ НЬ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙН ХУВЬД ӨР, ОРЛОГЫН ХАРЬЦААНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ 45 ХУВЬ БОЛГОЛОО

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

  1. Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон шинэчлэн тогтоох;

  2. Банкуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг тус бүр 1 нэгж хувиар нэмэгдүүлж, харгалзан 14 хувь болон 19 хувьд хүргэх.

Энэхүү шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилготой. Хэрэглээний зээлийн өсөлт нь эрэлтийн шалтгаантай инфляцыг өдөөх, бизнесийн зээлд шаардлагатай эх үүсвэрийг бууруулах, хэрэглээний импортыг тэтгэн ханш, төлбөрийн тэнцлийн дарамтыг нэмэгдүүлж болзошгүй талаар Монголбанк тодотголоо.  Мөнгөний хатуу бодлого үргэлжилж байгаа хэдий ч зээлийн өсөлт өндөр түвшинд хадгалагдсаар байгаа ба 2025 оны 11 дүгээр сарын байдлаар зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 21 хувиар өссөн байна. 

MОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАШЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам”-ын дагуу ТОП-20 индексийн багцыг шинэчлэн 2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс мөрдөхөөр боллоо. 

2025 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 18 компани хэвээр үлдэж, “Ард кредит ББСБ ХК, “Монгол шуудан” ХК-иуд хасагдаж, шинээр “Улсын их дэлгүүр” ХК, “Эм жи эл акуа" ХК-иуд нэмэгдэн шинэчилсэн багцыг бүрдүүллээ. 

Эх сурвалж: https://mse.mn/mn/news/14168

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСЗАГ УРЬДЧИЛСАН ГҮЙЦЭТГЭЛЭЭР 2025 ОНЫ 11 САРД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 6.4 ХУВИАР ӨСЛӨӨ

Эдийн засгийн өсөлт 2025 оны эхний 11 сард 6.4 хувиар өссөний 3.2 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар, 1.2 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 1.2 нэгж хувийг үйлдвэрлэл, барилгын салбар, 1.0 нэгж хувийг үйлчилгээний салбар, -0.1 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна. Эдгээрийн хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 34.6 хувь, үйлдвэрлэл, барилгын салбарынх 10.1 хувиар өссөн нь голлон нөлөөлөв.