Weekly Newsletter

GLOBAL WEEKLY NEWS

АМ ДОЛЛАРЫН ХАНШ СУЛАРСНААР ЗЭС, НИКЕЛЬ ЗЭРЭГ СУУРЬ МЕТАЛЛУУДЫН ХАНШ ӨСӨВ

Ам.долларын ханш суларснаар зэс, никель зэрэг суурь металлуудын ханш өсөөд байна. Зэсийн ханш Лондоны Металлын биржид 1.4 хүртэлх хувиар чангарч, тонн нь 13,000 ам.долларт ойртсон бол сүүлийн байдлаар 12,935 ам.доллароор арилжаалагдаж байна. Харин никелийн үнэ тонн нь 18,500 ам.доллар давж тогтворжлоо.

Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш зэсийн ханш 15 орчим хувиар өсөөд байна. Эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор эрэлт үнийн өсөлтөд түлхэц болж байгаа аж.

Үүнээс гадна Дональд Трампын тариф бүрэн хэрэгжиж эхлэхээс урьтан АНУ руу их хэмжээний түүхий эд тээвэрлэгдэж байгаа нь бусад биржийн агуулах дахь нөөцөд сөргөөр нөлөөлж, үнэ дэмжигдэх болж байна.

(Эх сурвал: Bloombergtv)

ИЛОН МАСК ХҮН ДҮРСТ РОБОТУУДЫГ ИРЭХ ОНЫ ЭЦЭС ГЭХЭД ХУДАЛДААНД ГАРГАНА ГЭВ

Илон Маск Давост зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ хүн дүрст роботуудыг ирэх жил зах зээлд гаргана гэсэн  “өөдрөг” мэдэгдлийг хийлээ. Өнгөрсөн хугацаанд тус чуулгын талаар шүүмжлэлтэй хандаж ирсэн тэрээр энэ удаа BlackRock хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал Ларри Финктэй ярилцлага хийн, хиймэл оюун ухаан, робот техник, сансар судлалын ирээдүйн боломжийн талаар онцолжээ.

“Хэн хүүхдийг чинь харж хандах, тэжээвэр амьтныг чинь асрах робот хүсэхгүй байх вэ? Хэрэв өндөр настай эцэг эхийг тань асарч, хамгаалж чаддаг робот байвал үнэхээр сайхан” хэмээн Маск үзэгчдэд хандан хэлжээ. Түүний хэлснээр, Optimus нэртэй хүн дүрст роботууд нь энэ оны сүүлчээр илүү ахисан түвшний даалгавруудыг гүйцэтгэх чадвартай болох бөгөөд “ирэх оны эцэс гэхэд хүн дүрст роботуудыг олон нийтэд худалдаалж эхэлнэ” гэж итгэлтэй мэдэгдсэн байна.

Мөн тэрээр хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил нь “энэ оны эцэс гэхэд, хамгийн оройдоо ирэх жил гэхэд аливаа хүнээс илүү ухаантай загварууд бий болно” гэж таамаглаж буйгаа илэрхийлжээ. “Тэгээд магадгүй 2030 эсвэл 2031 он гэхэд, өөрөөр хэлбэл таван жилийн дараа, хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг бүхэлд нь нийлүүлснээс ч илүү ухаантай болно” хэмээн нэмсэн байна.

(Эх сурвал: Eagle)

ПУТИН АНУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УКРАЙНЫ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭЭР ХИЙВ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Украинд үргэлжилж буй дайны асуудлаар шөнийн цагаар уулзалт, хэлэлцээ хийсэн талаар Кремль мэдээллээ. Уулзалт Москва хотод болж, хэдэн цаг үргэлжилсэн бөгөөд талууд мөргөлдөөнийг зогсоох боломжит гарцуудын талаар санал солилцсон байна.

Кремлийн зүгээс энэхүү уулзалтыг “нээлттэй, бодитой яриа өрнөсөн” гэж тодорхойлсон ч, урт хугацааны энх тайван тогтоохын тулд нутаг дэвсгэрийн асуудлыг зайлшгүй шийдэх шаардлагатай гэдгийг онцолжээ. ОХУ-ын байр суурийн дагуу, хилийн болон газар нутгийн маргаан тодорхойгүй хэвээр үлдвэл ямар ч энхийн тохиролцоо тогтвортой байж чадахгүй гэж үзэж байна.

АНУ-ын талын хувьд уулзалтын нарийн агуулгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч, дипломатын шугамаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Энэхүү уулзалт нь АНУ, ОХУ, Украин оролцсон дараагийн шатны олон талт хэлэлцээ хийх бэлтгэл байж болзошгүй гэж ажиглагчид дүгнэж байна.

Энэ уулзалт нь дайныг зогсоох бодит ахиц гаргасан гэхээсээ илүүтэйгээр талуудын үндсэн байр суурь хэвээр байгааг харуулсан үйл явдал болж байна. Гэсэн ч АНУ, ОХУ хооронд шууд яриа хэлэлцээ үргэлжилж байгаа нь дипломат гарц бүрэн хаагдаагүй хэвээр байгааг илтгэж байна.

(Эх сурвал: Reuters)