Weekly Newsletter

 КЕВИН ВАРИ ХНС-Г УДИРДАНА ГЭСЭН ХҮЛЭЭЛТ ЗАХ ЗЭЭЛД САВЛAГАА ҮҮСГЭЖ БАЙНА

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны Нөөцийн Сангийн дараагийн тэргүүнээр Кевин Варшийг нэр дэвшүүлэх магадлал өндөр болсон нь дэлхийн зах зээлд дарамт үүсгэж байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс илүү мөнгөний хатуу бодлого баримтлах удирдагч томилогдоно гэсэн хүлээлттэй болсноор хувьцаа, бонд зэрэг эрсдэлтэй хөрөнгүүдийн ханш уналаа.

АНУ-ын зах зээлд S&P 500-ийн фьючерс 0.4%-аар, Азийн зах зээлийн MSCI Asia индекс 0.7%-ийн уналт үзүүллээ. Үүний зэрэгцээ АНУ-ын 10 жилийн бондын өгөөж 4 суурь нэгжээр өссөн нь мөнгөний бодлого чангарах хүлээлтийг илтгэв. Криптовалютын зах зээлд ч зарах арилжаа давамгайлж, Bitcoin уналтыг тэргүүлсэн бол алтны ханш 2.8%-аар огцом буурч, ам.долларын ханш чангарлаа.

Зах зээлийн эдгээр хөдөлгөөн нь хөрөнгө оруулагчид Варшийг ХНС-ийн дараагийн тэргүүн болно гэж үзэн, хүү буурах талаарх таамаг, хүлээлтээ багасгаж байгааг харуулж байна. Бодлого илүү хатуу чиглэлд шилжвэл эдийн засгийн өсөлт саарч, хувьцааны зах зээлд дарамт нэмэгдэхийн зэрэгцээ бондын өгөөж өндөр түвшинд хадгалагдах магадлалтай юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Кевин Варш Пүрэв гарагт Цагаан ордонд зочилсон нь энэхүү таамгийг улам хүчтэй болгосон хэдий ч эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч албан ёсоор зарлах хүртэл баталгаатай гэж үзэх боломжгүй байна. Трамп Баасан гарагийн өглөө дараагийн Холбооны нөөцийн тэргүүний нэрийг зарлана гэдгээ өмнө нь мэдэгдсэн билээ.

Дүгнэн үзвэл, зах зээл одоогоор мөнгөний бодлого зөөлөрнө гэсэн таамаглалаа буцааж, илүү хатуу бодлогын хувилбарт бэлтгэж эхэлж байна. Хэрэв Варш томилогдвол, мөнгөний бодлогын чиг баримжаа Пауэллын үеийн болгоомжтой хандлагаас өөр шатанд шилжих магадлалтай бөгөөд энэ нь ойрын хугацаанд хувьцаа, бонд, валютын зах зээлд өндөр хэлбэлзэл дагуулсаар байх төлөвтэй байна.

(Эх сурвал: Bloomberg)

ЛОНДОНГИЙН БИРЖ ДЭЭР ТЕХНИКИЙН ДОГОЛДОЛ ГАРЧ, МЕТАЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН САВЛАГАА ДҮҮРЭН ДОЛОО ХОНОГИЙГ ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

Түүхий эдийн хамгийн том бирж Лондонгийн Металлын бирж (LME) Баасан гарагт техникийн доголдлын улмаас арилжаагаа нэг цагийн хоцрогдолтой эхлүүлж, дэлхийн металлын зах зээлд аль хэдийн хурцадсан нөхцөлд тодорхойгүй байдлыг улам нэмлээ. Электрон арилжаа Хонконгийн цагаар өглөөний 10:00 цагт эхэлсэн нь огцом хэлбэлзэлтэй долоо хоногийг туулсан трейдерүүдийг ихээр гайхшируулсан байна.

Энэхүү техникийн саатал нь үнэт металлын зах зээлд сэтгэлзүйн дарамт дээд цэгтээ хүрсэн мөчид тохиов. Пүрэв гарагт зэсийн ханш 11%-иар огцом өсөж, $14,500 хүрсэн нь 2008 оноос хойших нэг өдрийн хамгийн өндөр өсөлт боллоо. Ийм нөхцөлд арилжаа саатах нь алдагдалтай позицыг эзэмшиж буй оролцогчдын эрсдэлийг улам хүндрүүлдэг. Хэрэв доголдол удаан үргэлжилсэн бол арилжаагаа хаах хүсэлтэй оролцогчдод өндөр хэмжээний хохирол учрах байсныг оролцогчид дурдсан байна. Харин биржийн хувьцаа эзэмшигч Hong Kong Exchanges & Clearing компанийн зүгээс ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Арилжаа саатах, түр зогсох үзэгдэл нь дэлхийн биржүүдийн хувьд цоо шинэ зүйл биш юм. Өнгөрсөн 12-р сард CME Group-ийн дата төвийн доголдлоос шалтгаалан хувьцаа, валют, бонд, түүхий эдийн зах зээлүүд 10 гаруй цагийн турш зогсож байсан. Лондонгийн Металлын биржийн хувьд ч бүрэн найдвартай ажиллагаатай эсэх нь онцгой анхаарал татдаг сэдэв хэвээр байгаа бөгөөд 2022 онд никелийн ханш дээр үүссэн “short squeeze”-ийн дараа биржийн журамд томоохон өөрчлөлтийг хийж байсан түүхтэй.

Саатал зогссоны дараа баасан гарагт зэсийн ханш 3.9%-аар огцом унаж, бусад металлууд ч мөн уналттай байсан нь Хятадын Шанхайн Фьючерсийн бирж дээр ажиглагдсан уналтын үргэлжлэл болж байна. Энэ оны эхнээс Хятадад спекулятив арилжаа тэсрэлт хийж, SHFE зургаан төрлийн суурь металлын арилжааны дүн түүхэн дээд түвшинд хүрсэн нь дэлхийн металлын зах зээлийн огцом савлагааны гол эх үүсвэр хэвээр байна.

(Эх сурвал: Bloomberg)

ТРАМП ИХ БРИТАНИ, КАНАДАД АНХААРУУЛГА ӨГЛӨӨ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британи болон Канад улсуудыг Хятадтай шинэ бизнес, худалдааны хэлэлцээр байгуулахаас болгоомжлохыг уриалж, уг алхам нь “маш аюултай” хэмээн анхаарууллаа. Түүний энэхүү мэдэгдэл нь Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер Бээжинд айлчилж, Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзсаны дараахан гарсан байна. Лондон–Бээжингийн харилцаа сүүлийн жилүүдийн хүйтрэлээс гарч, Их Британийн компаниудад Хятадын зах зээлд илүү өргөн нэвтрэх боломж үүсэж эхэлж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Канадын тухайд бүр ч хатуу байр суурь илэрхийлсэн бөгөөд Хятадтай бизнесийн харилцаагаа гүнзгийрүүлэх нь тус улсад өндөр эрсдэлтэй болохыг онцолсон нь Вашингтон холбоотнуудынхаа Хятадтай харилцах бодлогыг хянах, хязгаарлахыг эрмэлзэж байгааг илтгэж байна.

Стармерын хувьд энэ айлчлал нь Хонконг, тагнуулын маргаан зэргээс үүдэн муудсан харилцааг сэргээх, мөн АНУ-тай тогтоосон “онцгой харилцаа”-гаа хадгалах зуур Хятадтай хамтран ажиллах тэнцвэрийг олох оролдлого байв. Айлчлалын үеэр визийн дэглэмийг зөөлрүүлэх, вискинд ногдуулсан тарифыг бууруулах зэрэг тохиролцоонд хүрснийг Стармер хоёр улсын харилцаанд бодит ач холбогдол өндөр, ахиц гарсан гэж тодорхойлжээ.

Гэсэн ч шинжээчид энэхүү стратеги нь тодорхой эрсдэл дагуулж болзошгүйг сануулж байна. “Gavekal Dragonomics”-ийн судлаач Кристофер Беддорын үзэж байгаагаар, Их Британи Хятадтай худалдаагаа тэлснээр олж болох эдийн засгийн ашиг нь АНУ-ын зүгээс нэмэлт тариф эсвэл бусад хариу арга хэмжээ авбал амархан саарах магадлалтай. Өөрөөр хэлбэл, Лондон стратегийн бие даасан байдлаа хадгалахыг зорьж буй ч Вашингтоны сөрөг хариу энэ оролдлогыг хүндрүүлэх эрсдэлтэйг онцолжээ.

Дүгнэвэл, Стармерын Хятадад хийсэн айлчлал нь Их Британи–Хятадын харилцааг шинэ шатанд гаргах боломжийг нээж байгаа ч, нөгөө талд АНУ-ын улс төр, худалдааны дарамтыг дагуулж болзошгүй байна. Харин Трамп өөрөө Ши Жиньпинийг “хуучны найз” хэмээн нэрлэсээр байгаа нь АНУ–Хятадын харилцаа ч мөн прагматик сонирхлоор тодорхойлогдож байгааг харуулж, холбоотнуудын хувьд улам нарийн тэнцвэр шаардсан бодлогын орчин бүрдэж буйг илтгэж байна.

(Эх сурвал: Bloomberg)

DOMESTIC WEEKLY NEWS

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛ БОЛОН ЦАХИМ АППЛИКЕЙШНЭЭР ОЛГОДОГ ЗЭЭЛИЙН ДАВХАРДЛЫГ БУУРУУЛАХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА

Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдийн хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, өрийн дарамтыг бууруулах, цахим зээлийн давхардлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцээд дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

· Өр, орлогын харьцааг илүү оновчтой тооцоолон зээлийг зохистой хэмжээнд олгох, иргэдийг өрийн дарамтад орох эрсдэлийг бууруулах зорилгоор өр, орлогын харьцааг 60 хувь байсныг 55 болгож буурууллаа. 

·  Харилцагчийн өр, орлогын харьцааг тооцохдоо финтек зээлийн эрхийн дүнгээр зээлийн төлбөрт тооцох, зээлийн бүтээгдэхүүний сурталчилгаанд зээлийн хүү болон бусад нөхцөлийг заавал тусгахаар тусгагдсан байна. 

Энэхүү шийдвэр иргэдийн өрийн дарамт буурах, санхүүгийн сахилга бат сайжрах, зээлийн зах зээлд хариуцлагатай зээл олголт төлөвших, иргэдийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой. 

ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР 28 САЯ ШИРХЭГ НИЙТ 21,8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АРИЛЖАА ХИЙГДЛЭЭ

2026 оны 1 сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 28 сая ширхэг үнэт цаасны 21.8 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн. Зах зээлийн үнэлгээ 14.2 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байна. Тус хугацаанд хамгийн өндөр өсөлттэй хувьцаануудад Эм Жи Эл Акуа ХК, Тандэм Инвэст ББСБ ХК, Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК, Хөсөг трейд ХК, Баянтээг ХК зэрэг компаниуд багтаж байна. Мөн хамгийн идэвхтэй арилжаалагдсан Премиум Нэксус ХК-ийн хувьцааны арилжаа 6.5 тэрбум төгрөг, Ард санхүүгийн нэгдэл ХК хувьцаа  1.2 тэрбум,  Хаан банк ХК хувьцаа 758.8 сая төгрөг, Голомт Банк ХК хувьцаа 463 сая төгрөг, АПУ ХК  хувьцаа 428.9 сая төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.